Тавантолгойн тас хар тавилан

2015 оны 12 сарын 9

Өөрийгөө шатаахыг завдсан С.Эрдэнэ эхнэрээ, эмчээ, хоёр хүүхдээ дагуулаад Өмнөд Солонгост эмчлүүлэхээр явсныг, тэдний зардлыг “Эрдэнэс Тавантолгой” компани бүрэн дааж байгааг хэвлэлүүдээр мэдээлэв. “Эрдэнэс Тавантолгой” холбоотой хамгийн сүүлийн энэхүү мэдээллийг эс тооцвол Тавантолгойн тухай албан ёсны шинэ сонин одоогоор алга.

Харин гадаадад нүүрсний үнэ улам унаж, Монголын нүүрсний ганц зах зээл болох Хятадаас эхлээд  Энэтхэг  зэрэг  улс орнууд нүүрсний хэрэглээгээ цаашид хумихаа дуулгав. Хоёр жилийн өмнөөс АНУ, Европ тэргүүтэй орнуудын төв банк, санхүүгийн байгууллагууд сэргээгдэх эрчим хүч, байгальд ээлтэй технологийг дэмжиж, нүүрсний цахилгаан станцуудад хөрөнгө оруулалт хийхгүй гэдгээ зарлаж эхэлсэн билээ.

Гадаад зах зээлээс сонсогдож байгаа хамгийн сүүлийн бөгөөд таагүй бас нэг мэдээ нь Хятад  улс төмрийн хүдэр, түүхий нефть, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний импортын хэмжээг нэмэгдүүлж, нүүрс болон гангийн хэрэглээгээ багасгахаар болсон тухай. Энэ байдлаар гацаагаад, буцаагаад байсан Тавантолгойг маань “гөлөөг” гэж тоох  хүн ч олдохоо болих шинжтэй.

Гуравхан жилийн өмнө дэлхийн эрчим хүчний шинэ тоглогч хэмээн цоллуулж явсан Монгол гуйлгачин төрхөндөө буцаад оржээ. Хятадаас, Энэтхэгээс гээд Ерөнхий сайд нь явсан газар, ирсэн зочин болгоноосоо бадар гуйгаад сууж байна. Алт эрдэнэсээр баян гэх атлаа “авдар” нь хоосон, баялгаа эргэлтэд оруулж чадахгүй бүтэн жил хэрэлдэж, гурван сая хүнээ ажилгүй, орлогогүй гуйлгачин шиг амьдруулж байгаа нь ингэхэд хэний гавъяа вэ?

Дотоодын улс төрөө даахаа болиод таг зогссон Тавантолгой үнэгүйдэхийн хэрээр өрсөлдөгчдөд  нь болон баялгийг маань үнэ цэнэгүй авах гэсэн хүмүүст  л  жинхэнэ өгөөш болж байна. Тавантолгойг үнэгүй авах гэсэн хөрөнгө оруулагчид бол талцаад хэрэлдээд бай гээд балиашиглаад сууж байгаа ч юм бил үү.

Хоёр сая иргэнээ саналын эрхтэй болгох, төмөр замын суурь бүтцийн 51 хүртлэх хувийг төр эзэмших зэргээр ангийн нөхдөөсөө өгсөн хэцүү бодлогыг Ч.Сайханбилэг бодож л суугаа биз. Гэвч, Ерөнхий сайдын бодсон бодлогын хариуг  З.Энхболдын парламентаар шүүн  хэлэлцэх хугацаа даанч үлдсэнгүй.

Өөрийнх нь сандал суудал, албан тушаалтай нь холбогдох болсон Тавантолгойн асуудлыг хөндөж, зөгийн үүрийг эвдэх сонирхол Ч.Сайханбилэгт одоохондоо алга.

Гэхдээ Сонгуулийн хуулийн шинэчлэлт, Үндсэн хуулийн өөрчлөлтийн дуулианд Тавантолгойн хэрүүл дарагдсан мэт харагдаж буй ч байгалийн баялгаас илүү хувь хүртэх гэсэн бүлэглэлүүдийн зодоон нам жим болоогүй хэвээр байна.

Үнэнийг хэлэхэд Ч.Сайханбилэгийн танхимд Н.Энхбаярыг хөтлөн оруулахаар З.Энхболд төлөвлөж суугаа нь энэ зодооны үргэжлэл өрнөж байна гэсэн үг.

Дотоодын улс төрөө даахаа болиод таг зогссон Тавантолгой үнэгүйдэхийн хэрээр өрсөлдөгчдөд  нь болон баялгийг маань үнэ цэнэгүй авах гэсэн хүмүүст  л  жинхэнэ өгөөш болж байна. Тавантолгойг үнэгүй авах гэсэн хөрөнгө оруулагчид бол талцаад хэрэлдээд бай гээд балиашиглаад, баярлаад сууж байгааг хэн мэдэхэв.

Харин ч баялгаа зөв менежмент, сайн гэрээгээр, хамгийн өндөр үнээр зарах ёстой байтлаа гацаасандаа баярлаад байгаа хүмүүс чухамдаа баавгайн талд ажиллаад байгааг нь бас үгүйсгэх  аргагүй юм.

Байгалийн нөөц бүхий орнуудын өмнө тулгамдаж байгаа асуудал бол засаглал. Зөв бодлогоор зөв засаглаж чадахгүй бол байгалийн нөөц тухайн орны хувьд өөрөө тогтвортой хөгжил болж чадахгүй, харин ч дампуурах нөхцөл болдгийг М.Энхсайхан сайд нэгэнтээ онцолсон.

Угаасаа улс төр орсон аливаа асуудал унадаг, гацдаг, УИХ-ын босгыг давж чадалгүй буцаагддаг болоод удаж байгаа. Тэр тусмаа улс төр орсон эдийн засгийн сэдэв, томоохон төсөл, бүтээн байгуулалт бүхэн нурдаг, үнэгүйддэг болсон нь үнэн л дээ. Тиймээс  Тавантолгойг цаашид зарлаа гэхэд дөрвөн тэрбум долларын үнэд хүрэх эсэх нь өдөр өнгөрөх тусам эргэлзээтэй болж байна.

Төр уул уурхайн компанид хувь эзэмшиж болно. Гэхдээ компанидаа зөв менежмент  хийгээд, засаглал нь эрүүл, удирдлагууд нь мэдрэмжтэй бол шүү дээ. Монголын хувьд төр муу менежер гэдгээ олон зүйл дээр нотолчихсон. Муу менежменттэй бол баялгаас хувь хүртэх биш харин баялгаа алдах аюул руу явдаг тухай М.Энхсайхан сайд сануулжээ .

Сүүлийн үед уул уурхайг үзэн ядагсад олшрохын хэрээр уламжлалт мал аж ахуйг шүтэгсэд олон болж байна. Нүүрсээ биш махаа зараад тэрбум доллар олно гэж бүлтрээд явж байгаа улстөрч цөөнгүй. Тэрбум долларын мах зарахын тулд Монголын мал ядаж л фермжсэн  байх ёстой биз дээ.

Саяхан, хуучин хэвлэх үйлдвэрийн газрыг 24 тэрбумаар авсан биш Абдул арай л монголчуудад бариулаад идүүлчихсэнгүй. Балгас болсон байшинг авсны төлөө хууль хүчнийнхэнтэйгээ нийлээд монголчууд түүнийг хэдэн өдөр хэвлэлээр “балбав”. Энэ мэт жижиг асуудлыг том хэрүүл болгосноороо монголчууд балгас  болсон байшин, үнс болсон нүүрстэйгээ үлдэж байх шигээ.

Одоо улстөрчдийн харамлаж, хайрлаад байгаа нүүрснээс дэлхий татгалзаад эхэлчихлээ. Тиймээс Тавантолгойгоо зарж, бүгдээрээ баяжина гэсэн бүтэшгүй, хоосон мөрөөдлөө толгойноосоо авч хаяад бодит үнэнтэй нүүр тулах цаг болжээ.         

Ж.НЯМСҮРЭН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна