Ундны усны менежментийн чиглэлээр Будапешттай хамтрана

2015 оны 12 сарын 9

Монгол, Унгар Улс хооронд Дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Унгар Улсын нийслэл Будапешт хотын дарга Иштван Тарлосын урилгаар 2015 оны 12 дугаар сарын 06-08-ны өдрүүдэд тус хотод ажлын айлчлал хийж байна.

Айлчлалын үеэр Будапешт хотын захирагч Иштван Тарлостой уулзаж, хоёр хотын хамтын ажиллагааны санамж бичгийг шинэчлэн байгууллаа. Тус санамж бичгийн хүрээнд хоёр хот цаашид хотын ногоон төлөвлөлт, хүйтэнд тэсвэртэй мод шилжүүлэн суулгах, ундны ус цэвэршүүлэх зэрэг асуудлаар туршлага судалж, хамтран ажиллах, Монгол-Унгарын Засгийн газар хоорондын хамтарсан комиссын хуралдаанаар хэлэлцэж тохиролцсоны дагуу Биокомбинат орчмыг 2030 он хүртэлх Ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлалд нийцүүлэн мал аж ахуйд түшиглэсэн дагуул хот болгон хөгжүүлэхэд хамтран ажиллах /тухайлбал, мах боловсруулах стандартыг сайжруулахад хамтран ажиллаж, мах, махан бүтээгдэхүүн экспортлох боломжийг нэмэгдүүлнэ/, Унгар Улсын Засгийн Газрын тэтгэлэгт сургалт хөтөлбөрт нийслэлийн хот төлөвлөлтийн 10 мэргэжилтнийг хамруулж,  чадавхийг бэхжүүлэх, соёл урлагийн салбарт хамтран ажиллах, хоёр хотын соёлын өдрүүдийг харилцан зохион байгуулах зэрэг асуудлаар хамтран ажиллахаар харилцан тохиролцсон бөгөөд 2016 оны эхээр Унгарын ундны усны эксперт мэргэжилтнүүд Улаанбаатар хотод ажиллахаар болов.

Айлчлалын үеэр Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Унгарын Гадаад Харилцаа, Гадаад Худалдаан Яамны Төрийн Нарийн Бичгийн дарга, Унгар-Монголын ЗГХХК-ын Унгарын хэсгийн дарга Микола Иштвантай уулзлаа. Уулзалтын үеэр хоёр хот, улс хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлж, хот хооронд хамтын ажиллагааг харилцан тохиролцсоны дагуу өрнүүлэх талаар санал солилцсонд ноён Микола Иштван дэмжиж ажиллахаа илэрхийлэв. 

Мөн Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийн захирал Э.Тэмүүлин Унгарын Үндэсний Худалдааны газрын гүйцэтгэх захирал Дукса-Ола нар 5 салбар чиглэлээр хамтран ажиллах тухай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна