С.Оюун: Маргааныг хагалах хүн нь би биш л дээ

2015 оны 12 сарын 9

УИХ-ын гишүүн, ИЗНН-ын дарга С.Оюунтай ярилцлаа.


-Та өнөөдрийн хэвлэлүүд харж амжив уу?

-Харж амсангүй. Яасан.

-АН-тай нэгдэх асуудлаар ИЗНН-ын нөгөө хоёр дарга эсрэг, тэсрэг байр суурь илэрхийлсэн байна. Нэг нь нэгдэх ёстой гэж, нөгөө нь ёсгүй гэж. Таны байр суурь ямар байгаа вэ?

-ИЗНН гурван даргатай. Ц.Ганхуяг, С.Дэмбэрэл, тэгээд би. Гэхдээ энэ асуудлаар би хувь хүний гэхээс илүү намын даргын хувьд хариулах ёстой болов уу. Хариулт нь гэвэл бүх юм намын дүрмийн хүрээнд явах ёстой. Одоо бол ИЗНН-аас албан ёсоор шийдвэр гараагүй. Нэгдэх, нийлэх, эвсэх гээд ямар ч шийдвэр гаргаагүй. Шийдвэр гарах ч үндэслэл байхгүй. Яагаад гэвэл, АН-аас албан ёсны ямар нэгэн санал огт ирээгүй.

-Тэгээд яагаад танай намын зарим удирдлага шууд л АН-тай нэгдэх ёсгүй гэж мэдэгдэл гаргаж, хэвлэлийн бага хурал хийсэн юм бэ?

-Манай намын дарга Ц.Ганхуяг, ерөнхий нарийн бичгийн дарга нар өчигдөр (уржигдар) хэвлэлийн бага хурал хийсэн байна лээ. Би үүнийг эртэдсэн үйлдэл юм болов уу л гэж бодож сууна. Яагаад гэвэл, АН-аас албан ёсоор санал тавиагүй учраас хэлэлцэж шийдвэрлэх агуулга байхгүй. АН-аас нэгдэх тухай санал ирвэл тэр саналыг намын дүрмийн хүрээнд шат, шатны байгууллага хэлэлцэх ёстой. Манай дүрмээр бол Улс төрийн зөвлөл, Үндэсний хороон дээрээ хэлэлцэж ший­дэх ёстой юм. Одоохондоо бол хэлэлцээ ч үгүй, шийдээчгүй асуудал шүү дээ. Учир нь аль аль талаа­саа албан ёсоор тавьсан санал алга. Яагаад энэ асуудал үүссэн гэхээр өнгөрсөн бямба гаригт ИЗНН-ын Улс төрийн зөвлөл өргөтгөсөн хэлэлцүүлэг, зөвлөлгөөн хийсэн юм. Хөдөө орон нутгаас ч гишүүд ирсэн. Түүгээр дараагийн сонгуульд хэрхэх вэ, эвсэх үү, нэгдэх үү, эсвэл дангаараа явах уу гээд ярилцсан. Тэр хэлэлцүүлэг дээр ерөөсөө аль нэг намтай нэгдэж нийлж болохгүй гэсэн хэсэг хүн байсан. Тэд маань л хэвлэлийн хурал хийж дээ.

-Таны хувийн байр суурь ямар байгаа вэ?

-Би намын дарга хүн. Намаа төлөөлж дуугарах эрхтэй хүн. Тийм  учраас өөрийн байр сууриа одоо илэрхийлж болохгүй гэж бодож байна. Асуудал байр сууриа илэрхийлэх хэмжээнд албан ёсоор яригдаагүй байна. Ямар ч асуудал намын дүрмийн хүрээнд шийдэгдэх ёстой. Нам олонхиороо шийддэг. Үүний тулд асуудлыг шийдэх үүргийг намын дүрмээр хүлээсэн байгууллагууд хэлэлцэх учир­тай юм. Тэр үед би байр сууриа илэрхийлэх нь зохистой байх. Ер нь бол АН-аас тийм санал ирлээ гэвэл ИЗНН шат, шатны байгууллагаараа хэлэлцэх дүрэм­тэй. Одоохондоо бол аль ч намд өөр өөр байр суурьтай хүмүүс байдаг учраас өөр өөр дуу хоолой сонсогдож байгаа байх.

-ИЗНН гурван даргатай. Та бол дүрмийн хүрээнд явах ёстой гэж байна. Нөгөө хоёр даргын нэг нь нэгдэх, нөгөө нь нэгдэхгүй гэж байна. Та маргааныг аль нэг талд нь хагалж болохгүй юу?

-Би хагалах хүн нь биш л дээ. Дүрмээр явах ёстой юм. Ер нь бол 2000 онд ИЗНН-ыг байгуулалцсан хүний нэг нь би. Энэ намыг арав гаруй жил даргалаад нэг талдаа ха­риуцлага, нөгөө талдаа ачаа үүрээд явсны хувьд бодож бай­гаа зүйл бий. Өнөөдрийн энэ сонгуулийн тогтолцоо, улс тө­рийн нөхцөл байдлыг  дүгнээд харахад сонгуульд зайлшгүй эвсэх юм уу, хамтрах юм уу, нэг­дэж нийлж оролцохгүй л бол үр дүнд хүрэхэд маш хэцүү. Энэ бол зөвхөн ИЗНН-ын ч асуудал биш. Бүх намын л асуудал. Сүү­лийн 20 гаруй жилийн улс төрийн хөгжил, өрнөлийг харахад хүссэн ч, эс хүссэн ч манай сонгуулийн систем хоёр намын тогтолцоо руу түлхэж ирлээ. Тийм ч учраас АН хүртэл өөрөө арван намын нэгдэл байдаг. Ийм л зүйл хэлье. Ер нь бол нэгт, АН-аас албан ёсоор санал тавиагүй, хоёрт, намын гишүүд маань өөр өөр байр суурь илэрхийлж байгаа энэ үед би бас давс нэмээд яахав. 

-Тэгэхээр нэг намынхаа дотоод хэрэгт оролцсон АН-ыг Улс төрийн намын хуульд заасны дагуу холбогдох бай­гууллагад өгнө гэсэн ИЗНН-ын мэдэгдлийг намын эцсийн шийдвэр биш гэж үзэж болох нь ээ?

-Мэдээж намын албан ёсны байр суурь биш. Яагаад гэвэл нам дээр ямар ч шийдвэр гаргаагүй. Өөрөөр хэлбэл, шийдвэр гараагүй учраас энэ бол гаргасан шийдвэрийн дагуух байр суурь биш. Зүгээр л хувь хүмүүсийн байр суурь.

-Ер нь АН-аас албан ёсоор та бүхэнд хандсан юм байгаа юу?

-Байхгүй ээ.

-АН тэгээд яагаад танай­хан­тай ярьсан юмгүй байж Гүйцэтгэх зөвлөлөөрөө хэлэл­цэж, бусад намын дотоод асуудал руу шууд орж байгаа юм бэ?

-Аль ч нам дараагийн сон­гуулийн тактикаа ярьж байгаа байх. Бид ч ярьж байгаа. Тэр хүрээндээ л ярьсан сэдэв байх.

-АН, ИЗНН хоёрын харил­цаа ямар байгаа вэ. ИЗНН засагт суудалгүй болохоор сө­рөг хүчин гэх үү, эсвэл...?

-ИЗНН-ын хувьд хамтарч олонхи болгоод Н.Алтанхуягийн Засгийн га­зарт орж ажилласан. Дараа нь Ч.Сайханбилэгийн Засгийн газарт тодорхой салбар хариу­цаж, кабинетын гишүүн бо­лоо­гүй ч гэсэн бас хамтарч байгаа. Яагаад гэхээр, өнгөрсөн нэгдүгээр сард таван нам нийлж шийдлийн Засгийн газрыг бай­гуулахаар гэрээ байгуулсан. Тэр таван намын нэг нь ИЗНН. Бид гэрээнд гарын үсэг зурсан. Одоо ч энэ гэрээ албан ёсоор цуцлагдаагүй учраас бид хамтарч ажиллаж байна гэсэн үг. Харин МАН-ынхан энэ гэрээнээс гарсан.

-Засагт суудалгүй намыг эрх баригч гэж ойлгож болох уу. Танайх гэрээгээр дэд сайд томилуулсан боловч төс­вийн хэмнэлтийн хүрээнд цом­хот­голд орчихлоо ш дээ. Одоо энэ гэрээнээсээ МАН шиг гарч болохгүй юм уу?

-Бодлогын хувьд зөвийг нь дэмжээд явж байгаа. Заавал кабинетад суудалгүй гээд гарна, орно гэсэн асуудал гаргаагүй. Мэдээж манай нам дотор тодорхой албан тушаалгүй байж энд байх хэрэгтэй юм уу гэсэн хүмүүс байдаг л юм. Ерөөсөө албан тушаал авахгүйгээр хамтарч болно ш дээ гэсэн байр суурьтай хүн ч бий. Жишээ нь, манай С.Дэмбэрэл дарга анхнаасаа тийм байр суурь илэрхийлж байсан хүн. Энэ мэт янз янзын л байр суурь байдаг.

-Дэд сайдгүй болсон юм чинь шууд сөрөг хүчин болж болдоггүй юм уу?

-Ганц дэд сайдгүй болчихлоо гээд юу, юугүй гэрээгээ цуцална гээд байх нь буруу. Ер нь бол миний бодлоор Монгол Улсад тогтвортой байдал их чухал. Сөрөг хүчин байсан ч гэсэн бүтээлч байх хэрэгтэй. Бид тийм байхыг хичээдэг. Жишээ нь, Н.Алтанхуягийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөл­бөрт намынхаа мөрийн хөтөлбөрөөс маш ихийг оруулах гэж хичээсэн. Тийм­дээ ч ногоон хөгжлийн бод­логотой холбоотой асуудлыг урагшлуулж чадсан. Энэ бол олонхийг хамтарч бүрдүүлж байх үед хийгдсэн зүйл. Мэдээж цөөнх боллоо гээд болохгүй, бүтэхгүй юмыг шүүмжлэх нь зөв. Сөрөг хүчний үүргээ гүйцэтгэлгүй л яахав. Гэхдээ зөв гэж байгаа юмыг нь дэмжээд, өөрсдийн зөв гэсэн зүйлээ шигтгээд явах нь Монгол Улсын хөгжлийн хувьд хэрэгтэй.

-ИЗНН-ынхан бүгдээрээ ийм байр суурьтай байгаа юу. Эсвэл та юу?

-Мэдээж өөр өөр байр суурьтай байгаа. Амбийц багатай байлаа, хүн амьтнаа байршуулсангүй гээд нам дээрээ би багагүй шүүмжлүүлдэг. Энэ бол ганц манай намд гардаг асуудал бас биш л дээ. Монголын улс төрийн намууд албан тушаалын төлөө явсан, өөрсдийн хүмүүсээ төрийн албанд байршуулж байж л тэр намын ажил, зорилго нь бүтдэг юм шиг буруу зам руу орчихсон. Мэдээж улс төрийн албан тушаал дээр бол өөр. Ийм албан тушаал дээр намууд хүмүүсээ байршуулж байж бодлого нь урагшаа явдаг. Сайд, дэд сайд, зөвлөх ч гэдэг юм уу. Харин засаг солигдох бүрт төрийн албан дээр хүмүүсээ байршуулах нь хөгжил дэвшилд саад тотгор болдог. Жишээ нь, манай Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны харьяа Усны сав газрын захиргааны нэлээд хэдэн даргыг засаг солигдоход халсан. Тэр хүмүүс шүүхээр яваад нэлээд олон хүн буцаад ажилдаа орж байна. Ингэхээр нэгт, ажил цалгардсан. Хоёрт, энэ хүмүүст ажиллаагүй хуга­цааных нь цалинг нөхөж олгодог хуультай. Тэгэхээр татвар төлөгчдийн мөнгө л үргүй зарцуулагдаж байгаа юм. Улсын төсөвт ингэж хохирол учруулсан буруутан нь хэн бэ гэхээр нөгөө л сольсон, халсан хүмүүс нь. Гэвч ямар ч хариуцлага хүлээдэггүй. Үүнтэй холбоод хэлэхэд, Үндсэн хуулийн өөрчлөлтийн ажлын хэсэгт би орж ажилласан л даа. Өргөн барихад нь С.Дэмбэрэл дарга бид хоёр гарын үсгээ зурсан. Тэрэн дотор яамдын тоог 9-өөр тогтоогоод, нэрийг нь Үндсэн хуульд суулгаж өгөхөөр санал оруулсан. Энэ бол ядсан л арга. Заавал Үндсэн хуульд оруулахгүйгээр бусад хуулиар зохицуулж болох зүйл ч ийм заалт суулгаж өгсөн нь сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд Засгийн газрууд тогтворгүй байсантай холбоотой. Сүүлийн 23 жилд 12 буюу дунджаар хоёр жилд нэг Засгийн газар солигдсон байна. Дээр нь Засгийн газар шинээр байгуулагдах бүрт бүтцийг нь өөрчилж, яамдын  тоог нэмж, хасдаг, нэр усыг нь сольдог. Үүнээс болж төрийн алба бужигнаад эхэлдэг. Энэ чинь өөрөө өөрчлөлт нь маш их өртөгтэй болж байгаагийн илрэл. Өөрөөр хэлбэл, яам, Тамгын газрын өөрчлөлт чинь улс орон хүссэнээр хөгжиж чадахгүй байгаагийн хамгийн том шалтгааны нэг нь болчихоод байна. Тиймээс төрийн байгууллагуудыг яаж тогтвортой байлгах вэ гэдгийг бодож Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж байна.

-Үндсэн хуулийн өөрч­лөлтөөр төрийн албыг тогт­вортой байлгах суурь тавина гэлээ. Ерөнхий сайдад сайд нараа томилох, чөлөөлөх эрхийг өгөх нь үүний нэг хэсэг үү?

-Тийм ээ, Засгийн газрыг тогтвортой байлгахын тулд Ерөнхий сайд, гүйцэтгэх засаглал илүү эрх мэдэлтэй байх ёстой юм байна гэж үзсэн. Сайд нараа, багаа бүрдүүлэх эрхийг нь Ерөнхий сайдад өгье. Алдаа гаргасан хүнээ Ерөнхий сайд өөрөө чөлөөлөх эрхтэй байх нь зөв юм гээд сонгодог парламентын тогтолцоо руу ойртуулах санаануудыг Үндсэн хуулийг өөрчлөх төсөлд суулгаж өгсөн.

-Засгийн газарт нь дохио өгдөг, сайд нарыг нь огцруулах замаар хариуцлагажуулдаг байд­лыг алдагдуулж болох уу. Хэн ч хариуцлага тооцдоггүй Ерөнхий сайдтай болчих юм биш биз?

-Тийм биш. Мэдээж Ерөнхий сайд нь болохгүй, бүтэхгүй юм хийгээд байвал, том алдаа гаргавал парламент нь шууд Ерөнхий сайдтайгаа хариуцлага тооцно. Түүнээс сайд нарыг нь нэг, нэгээр нь сугалж огцруулах гээд байж болохгүй. Жишээ нь, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Засгийн газарт ажиллаж байх үед сар болгон л нэг сайд огцруулна гээд явдаг байсан ш дээ. Х.Тэмүүжин сайд, Ч.Улаан сайд, Н.Батбаяр сайд, тэгээд давхар дээл, дараа нь Н.Алтанхуяг сайдыг өөрийг нь огцруулна гээд л. Дуусдаггүй байсан. Уг нь нэгэнт сонгуулиар олонхийн санал буюу эрхээ аваад, мөрийн хөтөлбөрөө дэмжүүлчихсэн, ард түмний мандаттай хүнд Ерөнхий сайдын ажлаа хийх боломжийг нь олгосон байх ёстой юм байна. Ялангуяа манай Төв Азийн бүс нутагт зах зээл, ардчиллын шилжилтээ нэгэн зэрэг хийсэн нээлттэй улс ховор байдаг. Ховор тусмаа бид сайн амжилтад хүрэхгүй бол нөгөө туйлшрал руу явчих гээд байна. Тэр нь юу гэхээр, засаг нь, хуулиуд нь байнга солигдож байдаг нь нийгэмд эргэлзээ төрүүлдэг. Төв Азийн бусад орон шигээ хатуу, чанга гартай, Ерөнхийлөгчийн засаглалтай улсуудаа үлгэрлэх гээд ирдэг. Казахстан гэхэд Назарбаев гэсэн Ерөнхийлөгчтэй 25 жил боллоо. Нэг хүнд ногдох ДНБ нь Монголоос дөрөв дахин их буюу 12 мянган ам.доллар болчихсон. Тэгэнгүүт ард­чилал гэдэг бүтэхгүй юм бай­на, популизм хийж байгаа улстөрчид нь өндөр рейтингтэй болдог гэх мэтээр хүмүүсийн дунд ардчиллын нэр хүнд унаж, бүр буруу тийшээ явах магадлал нэмэгдээд байгаа юм. Уг нь бид буцаад тийм юм руу явах хэрэггүй ш дээ. Хатуу гартай, бүгдийг нэг хүн зангиддаг биш, ардчилалтай, олноороо хэлэлцвэл буруугүй гээд аль 1992 онд замаа сонгочихсон улс. Тиймээс парламентын засаглалаа боловсронгуй болгох нь бидэнд чухал. 

-Парламентын засаглалыг боловсронгуй болгох чиглэлд бүх нам санал нэгтэй байгаа биз дээ?

-Угаасаа манай ажлын хэсэг ч анх парламентын засаг­лалыг боловсронгуй болгох гэсэн чиглэлтэйгээр байгуу­лагдсан. Шийдлийн Засгийн газар байгуулахаар таван нам гэрээ байгуулахдаа ч гэрээ­нийхээ нэгдүгээр заалтад “Парламентын засаглалыг боловсронгуй болгох Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг шийднэ” гэсэн. Тэр хүрээнд ажлын хэсэг ажилласан. Ер нь бол одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Үндсэн хууль бол маш сайн баримт бичиг. Гол суурь зарчим нь сайн. Бид тэр болгоныг өөрчилнө гээгүй. Гол нь засаглалыг тогтвортой болгох, сонгодог парламент руу оруулах нэмэлт, өөрчлөлт дээр илүү анхаарсан. Юу юугүй баахан юмыг нь өөрчлөх нь гэж хүмүүс буруу ойлгоод байгаа юм. Энэ бол Үндсэн хуулийн шинэчилсэн найруулга биш. Гуравны нэг дотроо л өөрчлөлтүүд нь багтана.

-Гэхдээ Үндсэн хуулийг өөрчлөх хугацаа үлдсэнгүй ш дээ?

-Яахав хугацаа богино учраас Үндсэн хуулийг өөрчлөх боломжгүй юм шиг байна. Гэхдээ миний бодлоор төсөл өргөн барьсан нь өөрөө нийгэмд маш том хэлэлцүүлэг өрнүүллээ. 20 гаруй жил Монгол Улс хэрхэн хөгжив, засаглалын хувьд яаж төлөвшив, юу нь болохгүй байна, алдаа дутагдал нь хаана байна вэ гээд судлаачид, улс төрийнхөн, нийгэм гээд бүгдээрээ бодоод, хэлэлцээд эхэлсэн нь өөрөө эрүүл үзэгдэл. Энэ удаад амжихгүй ч гэсэн хэлэлцүүлэг эрчимтэй үргэлжлээсэй, бүтээлч байгаасай, дундаас нь зөв шийдэл гараасай гэж хүсч байна. Янз бүрийн шүүмжлэл энэ хугацаанд гарсан ч тогтвортой байдлыг дэмжсэн, гүйцэтгэх засаглалыг ойлгомжтой, тодорхой эрх мэдэлтэй болгох гэдэг дээр санал нэгдэж байх шиг байна.

-Шүүмжлэлийн тухайд...?

-Голдуу УИХ-ын бүрэн эрхийг таван жил болгох, гишүүдийг 99 болгох гэдэг дээр шүүмжилж байна лээ. Тийм санал оруулах тодорхой үндэслэлүүд байгаа ч энэ бол Үндсэн хуулийн хамгийн онцгой өөрчлөлт биш. Харин онцлох ёстой өөрчлөлтийг бол түрүүнд хэлчихлээ. Нэмж хэлэх онцлох өөрчлөлт бол сумын Засаг даргыг ард түмэн шууд сонгоё гэж байгаа. Энэ бол ИЗНН-ын 2000 оны анхны мөрийн хөтөлбөрт байсан санаа. Үүнийг манай нам дэмждэг. Яагаад гэвэл, 2000-3000 хүн амтай суманд иргэд нь эрхбиш сумаа аятайхан аваад явах хүнээ шууд сонгох нь зүйтэй. Харин Улаанбаатар, аймгууд бол том бүтэц. Нэгдсэн удирдлагатай байх үүднээс хот, аймгийн Засаг даргыг Ерөнхий сайд нь шууд удирдлагатайгаар томилох нь оновчтой. Ер нь бол эдгээр нь улс оронд хэрэгтэй гэж бодож оруулсан саналууд. Түүнээс эцсийнх биш. Үүн дээр сайн хэлэлцүүлэг явуулж чадвал дараагийн зөв гарц нь гараад ирэх байх. Миний бодлоор энэ нэмэлт, өөрчлөлтүүд өнөөдөр биш юм гэхэд дараа хэзээ нэгэн цагт батлагдвал Монгол Улсын хөгжлийн зам илүү дардан болно л гэж бодож байгаа.

-Орон нутгийг намгүй болгох, Засаг даргыг нь иргэд сонгохтой холбоод асуухад ИЗНН ер нь хэдэн гишүүнтэй юм бэ?

-ИЗНН гишүүнчлэлийн хой­ноос хөөцөлдөөд байдаг биш л дээ. Авсан дэмжлэгээрээ л явдаг нам. Манайх өнгөрсөн сонгуулиар 5.5 хувийн са­нал авсан гэхээр нийтдээ 80 мянга орчим иргэний дэмжлэгтэй байна. Зарим нам гишүүдийнхээ тоог нэмэх гээд л кампанит ажил өрнүүлээд, манай намд элсээч гээд явдаг. Би хувьдаа анхнаасаа л тийм юмыг буруу гэж боддог байсан. Судалгаанаас харахад, Монгол Улсын насанд хүрсэн иргэдийн олонхи нь намд элсчихсэн байдаг. Уг нь дийлэнх иргэд нам бус байгаад, цөөхөн буюу 2-3 хувь нь намын бүтцүүдэд орж ажилладаг идэвхтэй гишүүн байх нь дээр юм. Намууд заавал хатуу гишүүнчлэлтэй байхын оронд намыг дэмжигч иргэдтэй байх нь илүү зохистой. Манай намын бодлого энэ чиглэлд байдаг болохоор дүрэмдээ ч тийм заалт оруулсан.

-Гишүүнгүй нам гэхээр манайд нэг л буухгүй ойлголт шиг байдаг.

-Иргэд сонгуулиар мөрийн хөтөлбөрийг нь дэмжиж байгаа намдаа саналаа өгөөд явах нь илүү эрүүл. Тэгэхгүй бол 10 хүний 6-7 нь намын батлахтай болохоороо батлахаа дагаад саналаа өгдөг. Үүнээс болоод дэндүү их намчирхдаг тогтолцоо руу орчихлоо. Энэ байдлаа аль болох нам бус, хараат бус иргэнлэг нийгмээр солих л ёстой. Тиймээс ч ИЗНН гишүүдийн тооны хойноос хөөцөлддөггүй. Анх бол 5000 гишүүнтэй боллоо, арван хэдэн мянгад хүрлээ гээд тоолдог л байсан. Одоо бол хэдэн санал авч байгаагаараа намынхаа дэмжлэгийг хардаг болсон. Ер нь сонгуулийн системээ харахад 48:28 гээд мажоритар нь давамгайлсан байгаа. 2012 оны сонгуулиар л багахан хувийг нь намын жагсаалт болгосон. Мажоритар тогтолцоо чинь бусад Англи, Австрали зэрэг улсыг харахад хүссэн ч, эс хүссэн ч хоёр намын тогтолцоо руу түлхдэг. Арай илүү санал авсан нь дийлэнх суудлаа авдаг тогтолцоо. Бид яагаад пропорциональ нь илүү хэрэгтэй гэдэг гэхээр улс төр өөрөө тогтовортой болоход нөлөөлнө. Дээр нь иргэдийн санал тусгалаа илүүтэй олдог. Мажоритар дээр бол өгсөн саналын хэрээр биш, жаахан илүү санал авахад л хамаагүй олон суудал авдаг.

-Та бид хоёрын яриа Сонгуулийн хууль руу орчих­лоо. Ажлын хэсэгт нь орсон гишүүний хувьд Сонгуулийн хуулийн төслийн талаар мэдээлэл өгөөч?

-Сонгуулийн хуулийн ажлын хэсэгт намайг ИЗНН-ыг төлөөлөөд оруулсан байна лээ. Яг миний хувийн байр суурь гэвэл сонгуулийн тогтолцоог тэр болгон өөрчлөөд байх нь буруу. Би энэ хуулийн төслийг өргөн барилцаагүй, зүгээр л ажлын хэсэгт нь орчихсон.

-Сонгуулийн тогтолцоо болохгүй байгаа учраас өөрчлөх гээд байгаа биз дээ. Томсгосон мажоритар дээр нэг намын гишүүд хоорондоо өрсөлдөж байна гээд л?

-Сонгуулийн тогтолцоог дөрвөн жил болгон өөрчлөөд байх нь буруу. Сонгууль болохоос зургаан, долоохон сарын өмнө хуулиа өөрчлөөд байх нь буруу юм. Ядаж нэг хуулиараа, нэг тогтолцоогоороо 3-4 парламентын бүрэн эрхийн хугацааг давж гарах ёстой. Өөрөөр хэлбэл, сонгуулийн хуулийг заавал өнөөдөр өөрчлөх гээд байх шаардлага байхгүй. Одоогийн хууль бас тийм ч муу хууль биш. Хэрэв хуулиа өөрчлөхдөө хүрэх юм бол тогтолцоог нь хөндөхгүйгээр бусад зүйлээ засах ёстой.

-Тэр нь юу вэ?

-Жишээ нь, төлбөртэй сурталчилгааны хязгаар байна. Ардчиллаа цааш нь зөв авч явъя гэж бодвол энийг бодох ёстой. Бид ардчилсан сонгуулиар парламентаа байгуулж, тэндээс Засгийн газар томилогдож байна. Гэтэл сонгуульд гарахын тулд заавал төлбөртэй сурталчилгаа явуулах нь тэнцвэртэй, хараат бус, зөв сонголт хийхэд хэцүү байдаг гэдэг. Сонгуулийн хугацаанд сонгуультай холбоотой бүх мэдээ, мэдээлэл төлбөртэй явдаг учраас хамгийн их мөнгөтэй нь илүү их бараа зардаг шиг болчихдог. Гэтэл энэ чинь бараа зарах биш, улс орныг хэн удирдахыг шийдэж байгаа учраас хүссэн, хүсээгүй төлбөртэй сурталчилгааг хорьдог.

-Гэхдээ хувийн, арил­жааны сонин телевизүүд сон­гуулийн сурталчилгааг төл­бөргүй явуулах боломжгүй ш дээ?

-Харин тэгдэг, тийм тайлбар хэлдэг. Хэвлэлийнхэн сонгуулиар гайгүй орлого, ашиг олдог байхад хаах гэлээ гэж шүүмжилдэг. Гэтэл ухаад үзэхээр сонгуулийн сурталчилгаа төлбөртэй байдаг учраас хэвлэл мэдээлэл улстөрчдийн гарт орчихдог. Өөрөөр хэлбэл, улстөрчид сонин, телевиз байгуулаад эхэлдэг. Энэ нь өөрөө хэвлэл, мэдээллийн салбарыг зах зээлийн зарчмаар нь явуулахгүй байгаа юм. Жишээгээр тайлбарлая л даа. Манай рекламны зах зээл таван телевизэд л хүрэлцэхээр гэж бодоход сонгуулиа бодсон улстөрчид 50 телевиз байгуулчихдаг. Ингээд сонгуулийн бус цагийн сурталчилгааны зах зээлийг нь хуваагаад байдаг талтай. Энэ бол нэг л жишээ. Тиймээс Сонгуулийн хуулийг өөрчлөхдөө тулбал би энэ саналыг л ажлын хэсэг дээр гаргана гэж бодож байгаа. Дэмжих, дэмжигдэхгүйг нь мэдэхгүй юм.

-Ажлын хэсэг дээр мажоритарын 48 мандатаа жижиг тойргуудад хувааж, пропорционалийн 28-аас таван бүст хуваах саналууд яригдсан гэсэн. Үүн дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Би тэр хувилбарыг сонссон л доо. Монгол Улсад тохирохгүй маш буруу хувилбар. Яагаад гэвэл, хоёр том гээд байгаа нам өөрсдөдөө ашигтай хувилбарыг гаргаж ирсэн нь энэ. Юу гэхээр таван бүс гэдгийг томсгосон олон мандаттай мажоритар тогтолцооны хамгийн муу хувилбар гэж ойлгож болно. Аль нэг нам 20-иос дээш хувийн санал авч байж тэр бүсээс нэг хүн гарч ирнэ. 20-иос дээш хувийн санал авдаг нам Монголд хоёрхон байгаа. Гэтэл гуравдагч, дөрөвдөгч нам, нэр дэвшигчдийг хүчээр шахах нь хоёр намдаа ашигтай боловч Монгол Улсад ашиггүй ш дээ. Иргэд, сонгогчдод санал өгөх бүрэн эрх нь бий. Тэдэнд 5, 10 хувийн санал авч байгаа намын төлөөллийг оруулах сонирхол байж болно ш дээ. Тиймээс 5, 10 хувиа аваад парламентдаа ороод хувь нэмрээ оруулах нь оруулаад, сөрөг хүчин болох нь болоод явах нь өөрөө сонгогчдын саналын тусгал болж байгаа юм.

-Хоёр нам байх нь улс төрийг илүү тогтвортой болгох юм биш үү?

-Олон нам орохоор тогтворгүй байдаг юм гэдгийг хоёр нам л гаргаж ирсэн. Бид хоёр л байвал бүх юм сайхан явна гээд бодчихсон. Гэтэл цаана нь ард түмэн, сонгогчид саналаа өгсөн учраас тэр бүх өнгүүд орж байж олон нийтийг төлөөлнө. Тогтвортой байх эсэх нь улс төрийн намын өөрсдийнх нь төлөвшлийн асуудал. Түүнээс иргэдийн саналыг заавал хүчээр босгыг нь нэмж байж, жижиг саналыг нь гээж байж асуудал шийдэгдэхгүй. Санаж байвал, гадуур баахан жагсаал цуглаан болж, иргэний хөдөлгөөнүүд идэвхжсэн үе байлаа ш дээ. Тэгээд Ж.Батзандан, Г.Уянга парламентад орж ирснээр бүх юм муудаад хэцүү болсон юм алга. Яагаад гэвэл, цаана нь тэднийг сонгосон 70, 80 мянган сонгогч байгаа. Тэр хүмүүсийг төлөөлөөд сууж байгааг ойлгох хэрэгтэй. Тиймээс бүсчилнэ гэдэг бол босгыг 20 хувь болгох гэсэн л санаа.

-Одоо бол 5 хувийн босго давсан нам парламентад суудал авч байгаа биз дээ?

-Тийм.

-Сэдвээ өөрчилье. 17 жилийн өмнөх С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэрэг дахиад сөхөгдлөө. Сонгууль бүрийн өмнө сөхөгддөг уг сэдэв энэ удаад ямар шалтгаанаар дахиад босоод ирэв. Улс төртэй холбоотой юу, эсвэл үнэхээр сэжүүр гарч ирсэнээс үүссэн нөхцөл байдал уу?

-Яг ний нуугүй хэлэхэд, сайн мэдэхгүй байна. Хэдийгээр бид гэр бүлийнхэн нь, хохирогчид ч гэсэн бидэнд хүртэл тодорхой нарийн мэдээ, мэдээлэл өгдөггүй юм. Бас тэр нь хуулийн хүрээнд зарим зүйлийг нууцлах зүйл заалтууд байдаг юм шиг байна лээ. Мэдээж бид байнга л илрээсэй гэж боддог. Зөв яваасай гэж боддог. Ийм л зүйл хэлж чадах байна. Саяын асуултаа надаас илүү хариуцаж байгаа хууль, хяналтын байгууллагаас асуух нь зөв байх аа.

-Энэ хэрэгтэй холбог­дуулаад юм уу, эсвэл өөр ямар нэгэн шалтгаанаар талийгаачийн гэргий Д.Булганыг саатуулаад бай­гаа. Энэ талаар танд мэдээлэл ирсэн л байх.

-Саатуулсныг нь сонссон. Гэхдээ учир шалтгааныг нь хууль, хяналтынхнаас асуусан нь дээр дээ.

-Та талийгаачийн гэр­гийтэй өнгөрсөн хугацаанд хэр харилцаатай байсан бэ?

-Нуулгүй л хэлье, харилцаа бараг байгаагүй ээ.

Ч.ГАНГЭРЭЛ

ЭХ СУРВАЛЖ: "АРДЫН ЭРХ" СОНИН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна