М.Зоригт: Н.Энхбаяр муу бүхний бэлгэ тэмдэг

2015 оны 12 сарын 9

МАХН-аас Н.Энхбаярын нэрийг Шадар сайдад дэвшүүлж, Ц.Оюунбаатарыг Эрүүл мэнд, спортын сайд болгох асуудал яригдаж байна. Албан ёсоор Ерөнхий сайдад өргөн бариагүй ч АН-ынхан  дэмжиж байгааг тус намын генсек Л.Эрхэмбаяр хэлсэн. Гэвч УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд М.Зоригт үүний эсрэг байр суурьтай байгаагаа нүүр номын хуудсаараа дамжуулан илэрхийлсэн. Яагаад ийм байр суурь илэрхийлэх болсныг түүнээс тодрууллаа.

-Н.Энхбаярыг Шадар сайдаар нэр дэвшүүлэх асуудлыг МАХН дотроо ярилцаж байгаа юм байна.  Энэ асуудлаар танай намын  Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр татгалзах зүйлгүй гэсэн мэдээлэл өгсөн. Гэтэл та болохоор Н.Энхбаяртай нэг танхимд хамтарч ажиллаж чадахгүй гэдгэ илэрхийлээд байгаа. Яагаад?

-Саяхан Монгол Улс Өршөөл үзүүлэх тухай хуулийг олон нийтээрээ хэлэлцэж түүний тусгалыг УИХ-аар баталгаажуулсан. Цагаан захтай авлигачдад бид өршөөл үзүүлэхгүй гэдэг байр суурьтай байгаа юм. Энэ бол Монголын нийгмийн тууштай хатуу байр суурь. Гэтэл МАХН-ын авлига, хээл хахууль, болохгүй бүх тогтолцооны бэлгэ тэмдэг болсон энэ нөхрийг дэвшүүлж байгаа нь өөрөө улс төрийн том алдаа гаргалаа гэж үзэж байна. Бидний хэдэн монголчууд өөр зүгт өөрөөр хөгжихийн төлөө ажиллаж байна шүү дээ. Хоёрдугаарт, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр энэ асуудалд тааламжтай байгаагаа илэрхийлсэн байна лээ. Ардчилагч хүний хувьд мөн шударга ёсны төлөө явдаг хүний хувьд УИХ-ын гишүүний хувьд энэ асуудлыг дэмжихгүй гэдэг байр сууриа илэрхийлсэн. Монголчууд авлигыг “NO” гээд хэлчихсэн. Хээл хахуулийг үгүй гээд хэлчихсэн. Төрийн өндөр албан тушаалтнууд улсын мөнгө шамшигдуулдаг үйлдлийн эсрэг үргэлж байсан. Байсаар ч байх болно.

Үнэт зүйл, ёс зүйгээ хамгаалах  ёстой. Үүнийг хэзээ ч мартаж болохгүй. Мөн шударга ёсны төлөөх байр сууринаас хэзээ ч ухарч болохгүй. Өөрийнхөө байр сууриар бусад гишүүдэд, Ерөнхий сайдад, ер нь шударга ёсны төлөө зогсч байгаа ард иргэдэд хандаж уриалж байна. Ийм хүмүүсийг, Н.Энхбаяр тэргүүтнийг Монголын төрд ойртуулж болохгүй л гэж хэлмээр байна.

-Танай нам энэ асуудлаар дотроо ярилцаагүй юм уу. Л.Эрхэмбаяр даргын мэдээллээс харахад танай нам Н.Энхбаярыг Шадар сайд болгохоор МАХН-тай аль хэдийн тохиролцож дээ гэсэн ойлголт төрүүлж байгаа?

-АН-ын Үндэсний зөвлөлдөх хороо болон Гүйцэтгэх зөвлөлөөр энэ асуудлаар хэлэлцээгүй. Л.Эрхэмбаярын үг бол Ерөнхий нарийн бичгийн даргын хувийн байр суурь гэж би ойлгож байна. Дээрээс нь УИХ дахь АН-ын бүлэг энэ асуудлаар ярилцаагүй. Тийм учраас намын нэгдсэн байр суурь албан ёсоор гараагүй гэсэн үг.

-Хэрэв Н.Энхбаярыг Шадар сайд болчихвол таныг давхар дээлээ тайлна гэсэн мэдээлэл байна. Та үнэхээр сайдын ажлаа өгөх юм уу?

-Үгүй би Н.Энхбаярыг сайд болгохгүйн төлөө улс төрчийн хувьд, иргэн хүний хувьд ажиллах болно. Өнөөдөр сайд өгнө авна гэдэг бол тийм амар шийдвэр биш. Манай салбарт тавьсан олон зорилт бий. Тэр зорилгын төлөө манай замчид, тээвэрчид, нисгэгчид, төмөр замчид ханцуй шамдан ажиллаж байна шүү дээ. Бид  ажлаа л хийх ёстой. Хажуугаар нь үнэт зүйл, ёс зүйгээ хамгаалах  ёстой. Үүнийг хэзээ ч мартаж болохгүй. Мөн шударга ёсны төлөөх байр сууринаас хэзээ ч ухарч болохгүй. Өөрийнхөө байр сууриар бусад гишүүдэд, Ерөнхий сайдад, ер нь шударга ёсны төлөө зогсч байгаа ард иргэдэд хандаж уриалж байна. Ийм хүмүүсийг, Н.Энхбаяр тэргүүтнийг Монголын төрд ойртуулж болохгүй л гэж хэлмээр байна.

-Таны саналыг сонсохгүйгээр МАХН-ын хүсэлтийг АН-ын дарга нар, Ерөнхий сайд  нар хүлээж аваад Н.Энхбаяр Шийдлийн засгийн газарт ажиллахаар болбол та яаж эсэргүүцлээ илэрхийлэх вэ?

-МАХН-ынхан Н.Энхбаярыг Шадар сайд болгохоор зүтгүүлж магадгүй. Яагаад гэвэл тэр чинь хувь хүн Н.Энхбаярын өөрийнх нь хувийн нам шүү дээ. Гэхдээ наана нь Ерөнхий сайд түүнийг нь хүлээн зөвшөөрөх үү, үгүй юу. Ерөнхий сайд зөвшөөрлөө гэхэд, УИХ шийдэх үү, үгүй юу, УИХ шийдчихлээ гэхэд Ерөнхийлөгч түүнийг хүлээж авах юм уу үгүй юм уу. Ганц хүний хүсэлт, үзэмжээр шийдэгддэг асуудал биш шүү дээ. Нийгэм өөрөө шударга ёсны төлөө дуу хоолойгоо нийлүүлээд хүчтэй байж чадвал Н.Энхбаярын Шадар сайд болох замыг хааж боож чадна.

-Та МоАХ фракцийн гишүүн. Танай фракцийнхан таны саналыг хэр дэмжиж байгаа вэ?  

-Н.Энхбаярыг Шадар сайд болгох асуудал албан ёсоор баталгаажаагүй байна. Зөвхөн олон нийтээр тарж байгаа асуудал. Би өөрөө хувь хүний хувьд санал бодлоо илэрхийлж байгаа нь тэр. Би дахиад хэлье, УИХ-ын бүтэц ч тэр, намуудын зохих ёсны хурал ч тэр энэ асуудлаар хуралдаагүй. Тиймээс тэдний өмнөөс аливаа зүйлийг хэлэхэд эрт байна.

Т.ДАВААНЯМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна