Эмгэнэл

2015 оны 12 сарын 9

Монгол улсын ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич Пунцагдашийн Лувсандорж 2015 оны 12 сарын 4-ны өдөр өвчний улмаас нас барж, бид бүхэнд хүнд гарз тохиолоо. 

П.Лувсандорж нь 1929 онд Өвөрхангай аймгийн Хайрхан дулаан суманд төрсөн. 1938-1947 онд дунд сургууль, 1947-1951 онд МУИС-ийг Эдийн засагч мэргэжлээр дүүргэсэн. Тэрбээр 1951-1972 онд Улсын төлөвлөгөөний комисст мэргэжилтэн, хэлтсийн дарга, орлогч даргаар, 1972-1997 онд ШУА-ийн ЭЗХ-д орлогч захирал, захирал, ШУА-ийн Эрдэмтэн нарийн бичгийн даргаар, 1998-2015 онд МУИС-ийн ЭЗС-ийн ЭЗХ-ийн захирлаар ажиллаж байв.

П.Лувсандорж нь 1962 онд Москвагийн Улс ардын аж ахуйн дээд сургуульд эдийн засгийн ухааны дэд эрдэмтний, 1975 онд ОХУ-ын ШУА-ийн Эдийн засгийн хүрээлэнд докторын зэрэг хамгаалсан.

Тэрээр Монгол  Улсын Эдийн засгийн хөгжлийн урт хугацааны прогноз, шинжлэх ухаан, техникийн дэвшлийн цогцолбор программ боловсруулах хамтын судалгааны томоохон ажлуудад идэвхитэй оролцож, эрдэм шинжилгээний 20 гаруй ном, 100 гаруй өгүүлэл нийтлүүлсэн, 50 гаруй илтгэл тавьж хэлэлцүүлсэн, 5 доктор, 20 дэд эрдэмтний судалгааны ажлыг удирдсан байна.

Академич П.Лувсандорж нь шинжлэх ухаан, боловсролын байгууллагад 50 гаруй жил ажиллахдаа 20 гаруй жилд нь ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, Хүрээлэнгийн захирлын ажил хийж, Монгол Улсад шинжлэх ухааныг хөгжүүлэх, түүний удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах, материаллаг баазыг бэхжүүлэх, эрдэм шинжилгээний боловсон хүчин бэлтгэх нийтийн үйлсэд жинтэй хувь нэмэр оруулсан байна. Тэрээр олон жил их, дээд сургуулиудад багшилж, 1990 онд профессор цол хүртсэн, 1975 онд ШУА-ийн сурвалжлагч гишүүнээр, 1990 онд жинхэнэ гишүүн, академичээр сонгогджээ.

Бидний эрхэм хүн П.Лувсандорж таны улс орныхоо шинжлэх ухааныг хөгжүүлэхэд оруулсан гавьяа зүтгэл, нөр их хөдөлмөрч чанар, хүнлэг энэрэнгүй сэтгэл бидний сэтгэл зүрхэнд үүрд хадгалагдан үлдэх болно. 

 

МУИС-ийн Эрдмийн зөвлөл

МУИС-ийн Захиргааны зөвлөл

МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль

МУИС-ийн Бизнесийн сургууль

МУИС-ийн Эдийн засгийн хүрээлэн

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна