“Реал” Шведийн багийг 8:0-ээр хожиж, Роналдо покер хийлээ

2015 оны 12 сарын 9

Аваргуудын лигийн эхний дөрвөн хэсгийн сүүлчийн тойргийн тоглолтууд өнгөрсөн шөнө болж, шилдэг 16 багийн найм нь тодорлоо. А хэсгийг тэргүүлж байсан Испанийн “Реал Мадрид” клуб талбайдаа Шведийн “Мальме”-г хүлээж авч, 8:0-ээр бутниргэлээ.  Ингэснээр 16 оноотой болж, хэсгийн шатыг хожигдолгүйгээр дуусгаж байгаа юм.

Тоглолтын 12, 24, 74 дэх минутад Бензема гурван гоол оруулж, хет-трик хийсэн. Мөн 70 дахь минутад Ковачич нэгийг нэмэрлэсэн юм. Харин үлдсэн дөрвөн гоолыг Роналдо оруулж, ур чадвараа гайхууллаа. Тэрбээр “Мальме”-гийн хаалгыг 39, 47, 50, 58 дахь минутад мялааж, ердөө 20 минутад покер толилуулсан юм. Ингэснээр тэрбээр хэсгийн шатыг 11 гоолтой дуусгаж, мэргэн буучийн жагсаалтыг ганцаар тэргүүлж байна. Харин хожигдсон “Мальме” ердөө 3 оноотой үлдэж, “хомоол хамлаа”.

Тэгвэл нөгөө талд Францийн “ПСЖ” клуб талбайдаа Украины “Шахтёр” клубыг хүлээж авч, 2:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр 13 оноотой болж, хоёрдугаар байраар хэсгээс гарч байгаа юм. Тоглолтын 57 дахь минутад Лукас Моура тооны харьцааг нээсэн бол Ибрахимович 86 дахь минутад гүйцээжээ. Харин “Шахтёр” цөөн гоолын зөрүүтэй хожигдсоныхоо хүчинд Европа лиг рүү орлоо.

Н.БОЛД

Эх сурвалж: www.mminfo.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна