“Бид хэн нэгний цүнх баригчид биш”

2015 оны 12 сарын 9

Хөдөлмөрийн Үндэсний Намын нарийн бичгийн дарга С.Зоригтбаатартай ярилцлаа.

-Хөдөлмөрийн үндэсний нам  Үндсэн хуулийн өөрчлөлт, Халх голын чөлөөт бүсийн асуудал дээр эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлсэн.  Харин сошиал ертөнцөд шүүмжлэгч залуус гараад ирлээ гэх хандлага илэрсэн шүү дээ?

-“Сануулж засах хүнгүй бол сайн засаг ч ялзармой” гэсэн сургааль бий. Энэ утгаараа “Үндсэн хууль”-ийн өөрчлөлт, Халх голын чөлөөт бүсийн асуудалд эсрэг байр суурь илэрхийлсэн. Үүний үр дүнд олон нийтийн хяналт сайжирч, эрх баригчид алдаагаа засах хандлага ажиглагдаж байна. Халх голд чөлөөт бүс байгуулахыг эрдэмтэн мэргэд, газар тариаланчид эсэргүүцсэн. Миний хувьд Засгийн газар болон Р.Бурмаа сайдыг эрдэмтэн мэргэд, газар тариаланчдаас илүү шийдвэр гаргана гэдэгт итгэхгүй байна.  Шүүмжлэгч залуус гэдгийн тухайд бидэнд өөр өнцөг, гаргалгаа, зорилго, зорилт байгаа болоод тэр шүү дээ.

-Танай намынхан бусад намын залуусаас юугаараа өөр юм бэ?

-Нэгдүгээрт үзэл бодлоороо, нийгэмд хандах хандлагаараа өөр юм. Хоёрдугаарт хэн нэгний цүнх барьж, хаалга онгойлгож яваагүй. Гуравдугаарт, бид хэн нэгний залгамж халаа биш.

-Яагаад залгамж халаа биш гэж?

-Яг үнэндээ бол улс төрд нэг, хоёр, гуравдугаар зэргийн авлигын залгамж халаа үүссэн байна. Авлигын хэрэгт хэн холбогдов гэхээр нөгөө цүнх барьж байсан, ахмад авлигачдын гар хөлүүд шоронд орж эхэллээ. МАНАН гэсэн бүрэнхий, харанхуй нэр томьёо байдаг даа. Тэр МАНАН-гаас төрсөн гуравдугаар зэргийн, сайжруулсан авлигач нар төрж эхэллээ. Дор хаяж л хятад, японд хуурамч компани байгуулаад тэр рүүгээ хулгайлсан мөнгөө хийх ухаанд суралцсан байна шүү дээ. Баабар гуай нэгэнтээ “40 дээш насныхан дуусвал  улс орон эрүүлжинэ” ч гэл үү дээ. Тэр худлаа болсон шүү.

-Өөрийг чинь УИХ-ын гишүүн  С.Ганбаатарын залгамж гэж ярилцдаг?

-Харин ч намайг тэр хүний залгамж халаа гэвэл баярлана. Улсаа худалдахад бэлэн луйварчдын эсрэг бат зогсож, эх орноо гэсэн сэтгэлтэй хүн. Заримдаа ямар их тэвчээртэй юм бэ, үзэл бодолдоо тууштай юм бэ гэж бодоход хүргэдэг хүн шүү.

-Улс орны хөгжлийг хойш чангаасан хэрэгт буруутгагдаад байгаа шүү дээ?

-Уучлаарай. Улс орноо боддог хүн МАНАН-д цөөхөн дөө. Бүтээн байгуулалт, уул уурхай гэсэн нэрийн   дор хулгай хийх   гээд гэтэж явахад С.Ганбаатар гэрэл цохиулсан байх. Бүх буруугаа ганц хүн руу чихэх нь зохимжгүй л дээ. Оюутолгойн орд л гэхэд монголчуудынх биш болчихоод удаж байна. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын чуулган дээр мэлэлзээд байсан асуудлаа сая хүлээлээ шүү дээ.

-Юу гэж...?

-Гадаадын 14 банкинд Оюутолгойгоо барьцаалаад мөнгө авсан гэж. Тэр мөнгийг монголчууд биш, гадныхан авлаа шүү дээ. Анхнаасаа буруу хийгдсэн гэрээ улам цаашлаад хүн бүрийг өрөнд оруулсаар байх болно. Монголчууд амьд мэнд байвал 30 жилийн дараа ашиг хүртэнэ гээд сууж байгаа Ерөнхий сайдаасаа ичих хэрэгтэй.

-УИХ-ын гишүүн С.Ганбаатартай адилхан ярьж байна уу?

-“Жимс модныхоо ойролцоо унадаг” гэдэгтэй адил уу. Надад С.Ганбаатарын үзэл баримтлал, зан чанар таалагддаг учраас ойролцоо өнгө төрх ажиглагдаж байж магадгүй.

-Хөдөлмөрийн үндэсний намд улс төрд орж бохирдоогүй, албан тушаал горилж авлигал өгөөгүй их сайхан залуус цөөнгүй бий. Улс төргүйгээр турж үхэх гэж байгаа биш зүгээр л ажлаа хийгээд явж болдоггүй юм уу?

-Бидний хэдэн залуус ажлаа хийгээд явахад тураад үхэхгүй нь ойлгомжтой. Гэхдээ зөв хүмүүсийг улс төрд оруулах үүд хаалга болмоор байна. Бүтэн талхаа хувааж авдаг, хөлдөж үхэхгүйн тулд хог шатаах айл өрхүүд нэмэгдлээ. Тийм байтал миний амьдрал болж байна гээд зурагтаа үзээд твиттерт жиргээд суух уу. Түнэр харанхуйг зүхэж сууснаас нэг ч болов лаа асаа гэдэг биз дээ.

-Танай намын генсек Доржханд гэдэг залуу Дэлхийн банкинд жилийн 500 мянган ам.долларын цалинтай ажиллаж байсан. Тэр сайхан ажил, таатай орчноосоо  татгалзаад АНУ-аас ирсэн гэж сонссон. Харамсалтай юм биш үү?

-Энэ хүнд улс орноо гэсэн сэтгэл байгаа учраас ажил төрлөөсөө татгалзаад Монгол руугаа зүтгэсэн байх.  Олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн боловсролтой, мэдлэгтэй, алсын хараатай залуу бий.

-Танай намд залуус тал талаасаа цуглаж байгаа байх. Нэгдмэл нэг болоход, олон нийтэд танигдахад хугацаа хэрэгтэй биш үү?

-Бидэнд цаг алга гэж харж байгаа юм. Энэ улс орны хөгжлийн суурь буруу тавигдсан учраас цаг явах тусам ужгирч хүндэрнэ. Ямар ч чадваргүй болсон улс төрийн намууд, засгийн газар  дэлхийн улс орнуудаас очиж мөнгө гуйдаг ажилтай болсон. Тайландын лам нар хаалга тогшоод хандив гуйдаг шиг. Бидэнд чинь ичих нүүр, эцэг эхийн үлдээсэн өв хөрөнгө, улс орноороо гуйлга гуйхад хүргээгүй юм шүү.  Яруу найрагч Р.Чойномын  “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглож байна” гэдэгтэй яг адилхан.

-Байгалийн баялгаа зараад хөгжье гэхээр эсэргүүцэх улс төрчид олон байна шүү дээ?

- “Энэ их баялагтай улс орны ард түмнийг ядуу байлгана гэдэг мундаг ухаан шүү” гэдэг дээ. Бид бол байгалийн баялгаа дэлхийн жишигт хүрсэн үнээр шударга наймаа хийе гэсэн бодлогыг дэмждэг. Харамсалтай нь, өнөөгийн улс төрчдөд итгэх итгэл алга. Гэрээсээ хулгай хийдэг хүүхэд шиг улс төрчид улс орныг сүйрүүлсэн.  Гадны луйварчин ард түмний баялгаар ам.долларын тэрбумтан болж байна. Тэр хүнийг тэрбумтан болгох тулд  гэрээсээ хулгай хийдэг хүүхэд шиг улс төрчид зөндөө ажилласан.  Одоо байтлаа Монголын баялгийг зарж тэрбумтан болсон Р.Фридландыг магтаад ч байх шиг. Дэлхийд гайхагдсан баяныг төрүүлсэн “эцэг”-үүд төрийн ордонд сууцгааж байна. 

-Тун удахгүй сонгуулийн тухай хууль гарах гэж байна?

-Эрх баригч хүчнүүд өөрсдөө тааруулсан сонгуулийн хууль гаргадаг жамтай. Тэр утгаараа сонгууль болохоос өмнө хуулиа өөрчилнө. Мэдээж, өөрсдийн эрх ашигт нийцсэн, шинэ залуусыг улс төрд оруулахгүй байх нүх сүвийг хаасан хууль батлана. Улс төрөөс холдох дургүй хөгшчүүл дараагийн парламентад яаж орох ухаанаа бодчихсон. 2012 оны сонгуулиар гэхэд тойрогтоо очих нүүргүй нөхдүүд жагсаалтанд ороод суучихсан. Энэ жил өөрсдийнхөө нэр хүндийг өндөр байгаа гэж бодсон учраас томсгосон тойргоос гарна гэж тооцоолж байгаа болов уу. Ард түмний ой санамж 1,6 жил байдаг гэж МАНАН-гийн ахмад улс төрч зурагтаар ярьж байна лээ. Ард түмэн  1,6 жилийн дараа авлигалч ноёдын хэргийг мартдаг, уучилдаг юм уу даа. Тухайн үедээ асуудалд холбогдсон, улс төрөөс арчигдчихлаа гэж яригдсан тендерийн “мангасууд” өнөөдөр шударга үнэний дуу хоолой болчихсон явж байна шүү дээ. Наадам, цагаан сараар сольж өмсдөг дээл шигээ сонгуулийн тухай хуулийг өөрчлөөд байж дээ.

-МАНАН гээд хүн болгон шүүмжилдэг болж. Та ч ялгаагүй?

-Улс төрчдийн хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад  зарим нэг зүйл ойлгогддог юм. МАН, АН-ын улс төрчид нэг худгаас, тогооноос ус ууж байгаа хэрэг шүү дээ. Тус тусдаа намд харьяалагддаг ч гэлээ хувьцаа эзэмшигч компани нэг учраас хууль эрхзүйн орчин, тендерт нь тусалж таарна биз дээ. Үзэл бодлоос илүү эрх ашиг нь цуг учраас МАНАН гэхээс аргагүй. Банк санхүү, уул уурхай, газар тариалан гээд эрх ашиг нэг  улстөрчид бие биеэ хянах уу. Наанаа дүр эсгэх авч цаад өрөөндөө ороод тендер авахаа л ярина биз. Зоосны хоёр тал болчихсон МАНАН-гаас салаагүй цагт улс орон өөдлөхгүй,дэвжихгүй шүү.

-Намуудын нэр хүнд унаад байгаа шүү дээ. ХҮН бусдаараа юугаараа ялгаатай гэж ?

-Улс төрчид сонгууль өгөхгүй бол төр засгийн элдэв үйлчилгээ үзүүлэхгүй  гэх зүйл ярьж байна лээ. Энэ хоёр бүлэглэл хүчээр өөрсдийгөө сонгуулах  нь.  Шударга иргэд нэгдэн МАНАН-г сарниулах цаг болсон. 1911 оны эрх чөлөөний хувьсгал шиг МАНАН-гаас салахын төлөө тэмцэх цаг болжээ гэж уриалмаар байна.

 Ж.ХАТАНБААТАР

  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна