Сонгуулийн хуулиар хэн юу гэв?

2015 оны 12 сарын 9

Сонгуулийн тухай хуулийг энэ онд багтаан өөрчлөх ёстой. Тиймээс нам, эвслийн бүлгүүд дөрвөн өөр төсөл өргөн барьсан. Одоогоор Х.Тэмүүжин гишүүний өргөн барьсан хуулийг УИХ баталсан. Харин бусад гурван төслийг нэгтгэж, боловсруулах шаардлагатай байсан учир ажлын хэсэг томилогдсон юм. Хэдийгээр ажлын хэсэг томилогдоод ажиллаж байгаа ч хугацаа давчуу байгаа учир Сонгуулийн тухай хууль батлагдах эсэх нь ч тодорхойгүй байна. АН-ынхан одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хувилбарыг дэмжиж байгаа бол МАН болон МАХН үүний эсрэг байна. Тиймээс зарим улстөрчдөөс энэ асуудлаар байр суурийг нь сонслоо.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр:

-Сонгуулийн тухай хуулийн төсөл дээр Р.Бурмаа гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг бүтэн жил ажилласан. Хугацаанд нь амжуулж батлахын тулд бид нар хоорондоо зарим нэг тохиролцоог хийгээд, зөвшилцөж чадвал хурдан батална. Одоо УИХ дахь намын бүлгүүд зарим нэг асуудал дээр л санал нийлэхгүй байгаа болохоос биш нийтдээ болж байна шүү дээ. Хууль батлах эцсийн хугацаа хүртэл бас чиг 20 хоног байна. Энэ хугацаанд амжуулаад хуулиа батлах боломж бий. Сонгуулийн хуулийг батлах ажил бол нэг ёсондоо долоо хоногийн ажил.


УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан:

-Миний хувьд Сонгуулийн тухай хууль тогтвортой байх нь зүйтэй гэж боддог. Тиймээс миний хувийн байр суурь бол энэ хуулийг өөрчлөх шаардлагагүй. Яагаад гэвэл хугацаа үлдсэнгүй. Харин сонгогчдын эрх үүргийг нэмэгдүүлэх, нэр дэвшигчид цаашдын үйл ажиллагаагаа зөв тодорхойлох цаг хугацаа олгох асуудлыг эргэн харахыг үгүйсгэхгүй байна. Иргэн хүн төр барих эрхтэй. Энэ эрхийг хэрэгжүүлэхийн тулд Сонгуулийн тухай хууль тогтвортой, сонгогчдод илүү ойлгомжтой байх ёстой. 2012 онд мажоритар, пропорциональ аль алиныг нь агуулсан системээр сонгуулийг явууллаа. Тэгэхээр цаашид энэ тогтолцоог хадгалж байх ёстой юм болов уу. Энэ нь 48 гишүүн иргэдийг төлөөлж сонгогдох нь зүйтэй. Харин 28 буюу намын нэрсийн жагсаалтаар орж ирсэн гишүүд улс төрийн намуудыг төлөөлж, Монголын төр цаашид төлөвших боломжийг олгож байгаа юм.

Т.ДАВААНЯМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна