Сөрөг хүчин ажлаа хийе

2015 оны 12 сарын 9

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр 09.00 цагт товлогдсон байсан ч гишүүдийн ирц бүрдээгүйн улмаас бас л хойшиллоо.

Үүний өмнө УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан мөн ирц бүрдэхгүйн улмаас хойшилсон. Байнгын хорооны дарга Ч.Улаан ирц бүрдэхийг хүлээж 1.30 цаг танхимд суусны эцэст тэсгэл алдав бололтой “МАН-ын гишүүд хуралдаа орж ирэхгүй байна. Байгаа боломжоороо ирцээ бүрдүүлсэн боловч ирц бүрдсэнгүй. Иймээс хуралдааныг хойшлууллаа” гэж ууртайхан хэлээд гарч одов.

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанд УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Я.Санжмятав, М.Зоригт, Р.Амаржаргал, Д.Батцогт, Н.Батбаяр нарын гишүүд ирсэн байлаа. Хэрвээ МАН-ын бүлгээс гурван гишүүн ирсэн бол Төсвийн байнгын хороо хуралдах боломж бүрэн байв.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан мөн л МАН-ын гишүүд ирэхгүйгээс хойшилсон. Хурал хойшлогдож байгаагаас чухал хуулийн хэлэлцүүлэг хойш тавигдаж, ажил гацаж байна.

Сөрөг хүчин байна гэдэг сөрж гацаахыг хэлэхгүй л болов уу. Ажлаа, хийе Ардын намын гишүүд ээ.

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна