“Автобус-3”-ийг хувьчлахаар болжээ

2015 оны 12 сарын 9

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 24/05 дугаар тогтоол, Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2015 оны 28 дугаар тогтоолоор хуучнаар “Автобус-3” НӨҮГ-ын барилга байгууламжуудыг шинээр баригдах автобус баазын барилгыг ашиглалтанд орсоны дараа хүлээлгэн өгөх нөхцөлтэйгээр нээлттэй дуудлагын худалдаагаар хувьчлахаар шийдвэрлэсэн.  

Барилга байгууламжууд нь Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Циркийн баруун урд, Нарны зам дагуу байрлалтай бөгөөд 1969 онд баригдаж ашиглалтанд орсон. Нийт 8 барилга байгууламжтай, Улаанбаатар хотын А бүсэд байрлалтай 2,5 га эзэмшил газартай. Энэхүү дуудлага худалдаанд оролцохыг хүссэн иргэн аж ахуйн нэгжийг саналыг НӨХГ-т хүлээн авч байгаа юм байна.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 24/05 дугаар тогтоол, Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2015 оны 30 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын хуучин барилгыг нээлттэй дуудлагын худалдаагаар хувьчлахаар шийдвэрлэсэн.

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын хуучин  барилга нь  3 дугаар хорооны нутаг дэвсгэрт шинэ барилгынхаа урд талд байрладаг, 1965 онд конторын зориулалтаар баригдаж ашиглалтад орсон. Тус барилга нь 2 давхар үндсэн барилга болон зүүн талын 2 давхар өргөтгөл, баруун хойд талын нэг цонхны үйлчилгээний өргөтгөлөөс бүрддэг. Үндсэн барилга нь бетон суурьтай, тоосгон ханатай, модон шувуу нуруу бүхий төмөр дээвэртэй, 45х13м бүхий нийт 1150,20 м2 талбайтай 2 давхар барилга юм.  

Зүүн талын өргөтгөл нь 2007 онд ашиглалтад орсон, бетон суурьтай, тоосгон ханатай, модон шувуу нуруу бүхий төмөр хучлагатай дээвэртэй, 14,5х14м бүхий нийт 413,54 м2 талбайтай 2 давхар барилга юм.  

Баруун хойд талд байрлах нэг цонхны үйлчилгээний өргөтгөл нь 2009 онд ашиглалтанд орсон, бетон суурьтай, тоосгон хана, угсармал төмөр бетон хавтан хучилт, хавтгай дээвэртэй, 17,5х5,5м бүхий нийт 97,37 м2 талбайтай 1 давхар барилга юм. Төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд бүрэн холбогдсон.

Дуудлага худалдаа 2015 оны арвхоёрдугаар сарын 16-ны өдрийн 11 цагт Хангарьд ордны 14-н давхарт нээлттэй болох юм.

Л.ХАЛИУ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна