Амралтын өдөр иргэдээс санал асууна

2015 оны 12 сарын 9

Хот 2030 он хүртэл хийгдэх урт хугацааны бүтээн байгуулалтын 14 төслийг иргэдээр хэлэлцүүлж, иргэдийн саналын дагуу эрэмбэлэн ажил хэрэг болгохоор болсон тухай бид өмнө мэдээлсэн билээ. Тэгвэл энэ амралтын өдөр буюу 12 дугаар сарын 12, 13 ны өдрүүдэд түүврийн аргаар сонгогдсон 400 иргэний дунд Зөвлөлдөх иргэдийн санал асуулгыг явуулахаар болсон байна. Анх хотын харьяалалтай 1600 иргэнээс 800-г нь түүврийн аргаар сонгож, түүнээсээ дахин 400 иргэнийг түүврийн судалгааны аргаар шигшиж, цаашид Улаанбаатар хотын хөгжлийг тодорхойлох төсөл хөтөлбөрүүдэд саналыг нь тусгахаар болжээ.

Төр шийдвэр гаргах эрх мэдлээ иргэдтэй хуваалцдаг, тэдэнд шилжүүлдэг байх нь ардчиллын гол зарчим. Гэхдээ өдийг хүртэл Монголын улс төр иргэдийн оролцоо гэж ярьдаг ч бодитой, тэнцвэртэйгээр тэднийг санал, санаачилгыг улс орны хөгжил, бодлогодоо тусгаж ирээгүй. Цөөн тооны иргэдээс санал авлаа гэдэг ч яг ямар шийдвэр, хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байгаа. Тэр нь улс орон, иргэдийн хөгжилд хэрхэн нөлөөлөх вэ гэдэг мэдээллээ өгдөггүй. Улмаар иргэд ч харанхуйгаар саналаа өгдөг байсан. Харин удахгүй явагдах “Зөвлөлдөх санал асуулга” бол санамсаргүйгээр отын зах, төвд амьдардаг, эрэгтэй, эмэгтэй, насны байдлыг ч тэнцвэртэйгээр сонгосон 400 иргэнээ 2030 он хүртэл хийгдэх бүтээн байгуулалтын ажлын талаарх шат шатны мэдээллээр хангажээ.

Улс орны хөгжлийг иргэдээрээ тодорхойлуулах “Зөвлөлдөх санал асуулга” дэлхийн 22 оронд хэрэгжжээ. Тухайн улс, хотын онцлогоос хамаараад санал асуулгын үр дүнгээ өгөх хугацаа янз бүр байсан гэдгийг Станфордын их сургуулийн Зөвлөлдөх ардчилал хүрээлэнгийн захирал Жэймс Фишеин тайлбарлалаа. Хамгийн гол нь иргэдийн санал, байр суурийг бодитой тусгах шаардлагатай. Ингэхийн тулд санал асуулгад ажиглагчаар оролцож, хөндлөнгийн хяналт тавих зөвлөх хороотой байх учиртай юм.

Иргэдэд танилцуулж, тэдний саналыг тусгах 14 төслийг танилцуулбал Улаанбаатар метро, Туул усан сан цогцолбор, Туулын хурдны зам, Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк, Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк, Эко парк байгуулах, Улаанбаатар хотын зүүн талд ачаа тээврийн нэгдсэн логистикийн төв байгуулах, Сургууль, цэцэрлэгийн барилгын дулаан техникийн шинэчлэлт, Угсармал орон сууцын барилгын дулааны алдагдлыг бууруулах, “Бага тойруу”-ийн хуучин барилгыг дахин төлөвлөн, барилгажуулах, Монгол наадам цогцолбор, Экологийн коридор байгуулах, Туул, Сэлбэ голын орчныг сэргээн сайжруулах, Улаанбаатар хотыг хийн түлшээр хангах зэрэг байна. Цаашид хотын захиргааны зүгээс өөрсдийн саналыг иргэдээрээ дэмжүүлэх биш, харин иргэдээсээ гарсан санал, санаачилгыг бодлого, шийдвэртээ тусган ажиллах нь илүү үр дүнд хүрнэ гэж үзжээ. Иймээс нийслэлийн Засаг даргын тамгын газар Азийн сантай хамтран “Иргэдийн оролцоо-Хотын маргааш” Зөвлөлдөх санал асуулгыг Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулах гэж байгаа нь энэ.

Д.УЛАМБАЯР


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна