Хувийн цэцэрлэгүүдийг камержуулж, хариуцлагыг нь чангатгана

Хуучирсан мэдээ: 2015.12.09-нд нийтлэгдсэн

Хувийн цэцэрлэгүүдийг камержуулж, хариуцлагыг нь чангатгана

Дундговь аймгийн Мандалговь сумын “Оюуны хөгжил” хувийн цэцэрлэгийн багш 10 сартай хүүхдийг “Хоолоо идсэнгүй” гэх шалтгаанаар зодож буй бичлэг цахим сүлжээгээр тарж, олны  дургүйцлийг хүргэсэн. Тиймээс хүүхэд зодсон багшийг  хууль, хяналтын байгууллагаас шалгаж эхлээд байгаа юм. Шалгалтын явц болон холбогдох байгууллагууд энэ талаар ямар байр суурь баримталж, ямар чиг үүрэгтэй ажиллаж байгаа талаар хамгийн сүүлийн үеийн мэдээллийг бид олон нийтэд хүргэхийг зорьсон юм.

Ер нь аль ч насны  хүүхэд ямар ч шалтгаангүйгээр уйлах нь ховор. Тэр тусмаа 10 сартай хүүхэд өлсөж, өвдөх, өөрт таалагдаагүй, зовиуртай зүйлээ уйлж илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл, энэ л үеийнхэн эцэг, эхийн хараа хяналт, хайр энхрийлэл, асаргаа сувилгааг цаг үргэлж шаардаж байдаг. Гэтэл ийм нялх амьтныг  харгис хэрцгийгээр загнаж, асгасан хоолыг нь ам руу нь цутгаж буй цэцэрлэгийн багшийн зэрлэг авир  хүүхэдтэй хүн бүрийн зүрхийг шимшрүүлсэн. Тиймээс хүүхэд зодсон танхай багшид  дорвитойхон хариуцлага тооцохыг олон нийт хүсч буй юм. Ямартай ч, эх хүнд баймааргүй зэрлэг авир гаргасан тогооч эмэгтэй болон “Оюуны хөгжил” цэцэрлэгийн багш нарыг Дундговь аймгийн Боловсролын газар, Мэргэжлийн хяналтын газраас шалгаж эхэлсэн байна. Хүүхэд зодож байгаа эмэгтэй цэцэрлэгийн багш бус тогооч. Тус цэцэрлэгийн эрхлэгчийн дүү гэдгийг эх сурвалжууд хэлж байна.  Шалгалтаар “Оюуны хөгжил” цэцэрлэгийн багш нар хүүхдүүдээ байнга дарамталдаг байсан эсэхийг тогтооно гэдгийг албаныхан хэлж байв. Харин энэ хэргийн талаар салбарын яам болон хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг байгууллагууд ямар байр, суурьтай байгааг сонирхсон юм.  Мөн хууль хяналтынхан хүүхэд зодсон багшид ямар хариуцлага хүлээлгэх талаар албаны хүнээс тодруулав.

БАГШДАА ЗОДУУЛСАН ХҮҮХДИЙГ НИЙСЛЭЛД ЭМЧЛҮҮЛЭХЭЭР БОЛЖЭЭ

БСШУЯ-аас хүүхдэд ёс зүйгүй хандсан этгээдийг ажлаас нь чөлөөлөх, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хүртэл хариуцлага тооц гэсэн үүргийг тус аймгийн Боловсролын газарт өгсөн байна. Харин аймгийн удирдлагууд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7 дахь заалтыг үндэслэн “Оюуны хөгжил” цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож, хүүхэд зодсон багшийн асуудлыг хуулийн байгууллагад  шилжүүлэн шалгуулж байгаа гэв. Энэ тухай Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Боловсрол соёлын хяналтын хэлтсийн байцаагч Л.Ганбат “Хүүхэд зодсон энэ хэрэг өнгөрсөн аравдугаар сарын 19-нд  гарсан юм билээ. Хэргийн талаарх мэдээлэл манай байгууллагад энэ сарын 2-нд ирсэн. Аав ээжийнх нь гаргасан өргөдөлд “Тухайн  хүүхэд  10 сартай бөгөөд зодуулснаас хойш айж цочдог, хөл, гар нь татдаг, хоол өгөхөөр дургүйцдэг, гадны хүнээс айж уйлдаг болсон” хэмээн мэдүүлсэн. Тиймээс аав, ээж хоёрт нь албан байгууллагаас нь цалинтай чөлөө олгож, хүүхдээ хотод очиж мэргэжлийн эмчид үзүүлэх зөвшөөрлийг олгосон. Тэд гэр бүлээрээ нийслэл рүү явсан” гэв. Харин БСШУЯ,  Хүүхдийн төлөө үндэсний газар, хууль хяналтын байгууллагаас дараах мэдээллийг өгч байна.

БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТЭНД  НЬ ДАВХАР ХАРИУЦЛАГА ТООЦНО

БСШУЯ-ны Сургуулийн өмнөх болон бага боловсролын хэлтсийн дарга Б.Гантулга:

-Дундговьд хүүхэд зодсон цэцэрлэгийн багшийг  дээр, дооргүй шүүмжилж байна. Харин салбарын яамнаас ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Орон нутгийн Мэргэжлийн хяналтын байгууллагаас тухайн цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон.  Мөн Дундговь аймгийн Засаг дарга энэ асуудалтай танилцаад, тухайн хүүхдийн эцэг, эхээс албан ёсоор уучлалт гуйсан байна. Мөн  аймгийн удирдлагууд болон холбогдох байгууллагууд нь энэ асуудлаар хуралдаад, хуулийн дагуу хариуцлага тооцох, холбогдох этгээдийн асуудлыг  прокурорт шилжүүлсэн байна.

Ер нь бол 10 сартай хүүхэдтэй зүй бус харьцана гэдэг байж боломгүй зүйл. Тиймээс өнөөдрийг хүртэл тухайн аймгийн Боловсрол соёлын газар, холбогдох мэргэжилтэн энэ асуудалд хариуцлагагүй хандаж иржээ гэсэн асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэнэ.  Үүний дагуу бид бүх орон нутагт сайдын албан даалгаврыг  хүргүүлнэ. Гол шалтгаан нь, багшийн зан харьцаа, ёс зүйг сайжруулах, мөн бага насны хүүхэдтэй ажиллаж байгаа  албан хаагч, ажилчид, багш нарыг мэргэжлийн, мэргэжлийн бус гэж ангилсан  жагсаалтыг гаргах зэрэг ажлыг зохион байгуулна. Энэ тухай мэдээллийг бид Дундговь аймгаас цаг тухайд нь хүлээн авч байна.

ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ЗӨРЧСӨН БОЛ 108 УТСАНД МЭДЭЭЛЭЛ ӨГӨӨРЭЙ

Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа:

-Хүүхдийн төлөө үндэсний газар бол улсын хэмжээнд хүүхэд, гэр бүлийг гэнэтийн аюул, болзошгүй эрсдэл, дарамт хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Цэцэрлэгийн багш хүүхэд зодсон асуудлаар Дундговь аймгийн удирдлагууд, хүүхэд хамгаалал, үйлчилгээний хэлтэст ямар үүрэг даалгавар өгсөн бэ?.

-Сургуулийн өмнөх боловсролын бай­гуул­лагын орчинд, бо­ловс­ролын байгууллагын ажил­тан хүүхдийн эрхийг ноцтой зөрчсөн сэт­гэл эмзэглэм үйл явдал болсон.Бид тухайн тохиолдол, тухайн асуудал руу хандсан гэхээс илүүтэйгээр систем рүү нь хандсан хүүхдийн эрхийн хяналт тавих үйл ажиллагааг эрчимжүүлэх, шаардлагатай обьектуу­дад хамтарсан хяналт, шалгалт хийх шаардлагатай байна.  ХТҮГ, БСШУЯ хамтран Ерөнхий боловсролын байгууллагуудад да­гаж мөрдөх Хүүхэд хам­гааллын жишиг бодлогыг батлан 2015 оны есдүгээр сараас эхлэн хэрэгжүүлж байна. Бид ахин хүүхдийн эрх зөрчигдөхгүй байхад голлон анхаарч урьдчилан сэргийлэх, сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэн ажилладаг тогтолцоог бий болгоход  БСШУЯ-тай хамтран ажиллах ёстой гэсэн байр суурьтай байна. Тухайлбал хувийн цэцэрлэгт зөв­шөөрөл олгож байгаа журам процедур, та­виг­дах шаардлага, эцэг эхийн хүүхдэдээ хяналт тавих боломж, боловсон хүчний сонгон шалгаруулалт зэрэг олон системийн шинжтэй асуудал уг асуудлаар илрэн гарч ирсэн. Үүнд гол анхаарлаа хандуулж, урьдчилан сэргийлэх чиглэлээр олон нийтэд сонордуулга, холбогдох байгууллагуудад зөв­лөмж, шаардлага хүргэн ажиллаж байна.

-Тухайн аймгийн хүү­хэд хамгааллын чиглэлээр ажилладаг мэргэжилтэнг  энэ асуудлыг өмнө нь анзаарч харж байгаагүй, ажилдаа хариуцлагагүй хандсан гэж үзэж байгаа юм байна?

-Боловсролын хяналтын улсын байцаагч нарын шууд хэрэгжүүлэх чиг үүрэгт энэ асуудал багтдаг, хууль тогтоомжид байгууллагуудын чиг үүргийн ялгаа тодорхой туссан байдаг учраас Дундговь аймгийн ХГБХХ, холбогдох мэр­гэжилтнийг буруутгах үн­дэслэл байхгүй. Харин чиг үүргийн дагуу тухайн хүүхдийн зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээх, эмчлүүлэхэд Дундговь аймгийн ХГБХХ,  холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ дашрамд нийт эцэг, эхчүүдэд хэлэхэд, хүүхдийн эрхийн зөрчлийн талаарх дуудлагыг 24 цагаар, бүх оператороос үнэ төлбөргүй хүлээн авдаг, мэргэжлийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйч нар ажилладаг 108 Хүүхдийн тусламжийн утас манай байгууллагын дэргэд ажилладаг гэдгийг ахин хэлмээр, сануулмаар байна. Энэхүү 108 утас нь хүүхдийн эрх зөрчсөн дуудлага бүрийг хүлээн авч, шаардлагатай тохиолдолд мэдээллийн эх сурвалжийг нууцлан, холбогдох бай­гууллагуудтай хамтран ажиллах бодит боломж бидэнд бий болсон.  Энэ нь хүүхдийн эрх зөр­чигдсөний дараа биш урьдчилан сэргийлэх, асуудал даам­жирч хүүхдэд бодит хор уршиг бий болохоос өмнө таслан зогсоох арга хэмжээ авах боломжийг бүрдүүлдэг гэдгийг дахин хэлмээр байна.

Б.ТУУЛ

ЭХ СУРВАЛЖ: "ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж