2601 цэргийг мэргэшүүлж, төмөр зам бариулна

Хуучирсан мэдээ: 2015.12.09-нд нийтлэгдсэн

2601 цэргийг мэргэшүүлж, төмөр зам бариулна

УИХ-ын дарга З.Энхболд болон УИХ-ын гишүүн Х.Баттулга нар Тавантолгой-Гашуусухайт, Сайншанд, Бичигт-Хөөтийн чиглэлд тавих төмөр замын ажилд 10 мянган цэргийг дайчлах төслийг санаачлаад байгаа. Төсөл хэрэгжүүлэхэд зориулж ирэх оны төсөвт 24 тэрбум төгрөгийг суулгаж өгсөн.  Одоогийн байдлаар төмөр замын цэргийн анги байгуулан 10 мянган залууг татаж, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд сургасныхаа дараа төмөр замын ажилд цалинтай ажиллуулна гэсэн ерөнхий зураглал гаргажээ. “Монголын төмөр зам” компаниас  говь, төвийн бүсийн чиглэлд баригдах төмөр замын ажилд эхний ээлжид 3300 ажилчин хэрэгтэй. Үүнээс 700 ажилчин нь өндөр түвшний мэргэжлийн байх шаардлагатай гэсэн саналаа Хөдөлмөрийн яамд хүргүүлсэн байна. Үлдсэн 2601 ажилтныг Хөдөлмөрийн яамнаас цэргийн анги, нэгтгэлийн ойролцоох Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн сургалтад хамруулж мэргэшүүлэхээр болсон гэнэ.   Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан цэрэг төмөр зам барина гэхээс илүү залуус боловсрол эзэмшиж, мэргэжилтэй болж, ажлын байраар хангагдах нь нэг дэвшил хэмээн тайлбарлалаа.

Хүнд машин механизмын оператор, жолооч, бетон арматур, экскаватор гэсэн таван төрлийн мэргэжлээр цэргүүдийг  бэлтгэх гэнэ. Япон улсын Засгийн газраас Сайншанд чиглэлийн төмөр зам барих төслийн санхүүжилтийг нь шийдчихвэл ирэх нэгдүгээр сарын 1-нээс цэргүүдээ мэргэшүүлж эхэлнэ гэж Хөдөлмөрийн сайд мэдэгдлээ.

Дөрвөн сарын хугацаанд бэлтгэгдсэн цэргүүд төмөр зам барьж чадах уу гэсэн шүүмжлэл ч гарч байгаа.  Төмөр замын ажлыг инженер, техникийн мэргэжилтнүүдийн маш нарийн тооцоо, судалгаанд дээр үндэслэн, мэргэжлийн хүмүүсээр бариулах ёстой. Тэгвэл Хөдөлмөрийн сайдын хэлж байгаагаар  ирэх хавраас цэргүүд бүтээн байгуулалтын ажилдаа хүрз, жоотуугаа бариад орцгоох бололтой. Төсөл санаачлагчдийн зүгээс цэргүүд халагдахдаа нийгмийн даатгалаа өндөр төлсөн, цалингийн хуримтлалтай мэргэшсэн залуус болно гэж өөдрөгөөр төсөөлж байгаа юм байна.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Ц.АРИУНБОЛД

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж