“Харвони” эм орж ирсэн үү?

Хуучирсан мэдээ: 2015.12.09-нд нийтлэгдсэн

“Харвони” эм орж ирсэн үү?

“Харвони” эм орж ирсэн үү?

АНУ-ын зах зээл дээр 94 мянган ам.доллараар худалдаалдаг “Харвони” эмийг хөнгөлөлттэй үнээр Монголд оруулахаар болсон билээ. Энэ үеэс л иргэдийн дунд “Харвони” эмийн хүлээлт үүссэн. Албаныхны мэдээлснээр “Харвони” эмийг оруулж ирэх эцсийн хугацаа 11 дүгээр сар хэмээн мэдээлж байсан юм. Гэвч, элэгний өвчнөөр шаналсан иргэд уг эмээ аваагүй хэвээр байгаа аж. Элэгний өвчнөөр шаналсан олон мянган хүнд хүлээлт үүсгээд буйг уг эмийг Монголд оруулж ирээд гурван долоо хонож байгааг албан бус эх сурвалжууд хэлж байна.

Эрүүл мэнд, спортын сайдын суудал эзэнгүй, үүнээс болоод элэгний өвчнөөр шаналсан иргэд эмтэй золгож чадахгүй байгаа аж.  Энэхүү мэдээллийг тодруулахаар элэгний С вирус, эмийн асуудлыг хариуцан ажиллаж буй ХӨСҮТ-ийг зорилоо.


Ч.УРТНАСАН: ЭНЭ САРД “ХАРВОНИ” ЭМИЙГ ОРУУЛНА

ХӨСҮТ-ийн хэвлэл, мэдээллийн ажилтан Ч.Уртнасангаас тодрууллаа.

-Сүүлийн долоо хоногт танайд элэгний С вирустэй иргэд хэр хандаж байгаа вэ?  

-ХӨСҮТ-д нэг долоо хоногт л гэхэд 4-5 мянган хүн ханддаг. Үүний 400-500 нь элэгний С вирустэй. Тэдний хувьд элэгний гэмтлийн зэргийг тогтоолгох, вирус тоолуулах, эмчийн хяналтад орохоор манайд ханддаг юм.

-400-500 хүний хэд нь элэгний архаг өвчтэй байдаг вэ?

-Одоо ирж байгаа хүмүүсийн дунд хурц халдвартай хүн харьцангуй бага. Тэдний хувьд өмнө нь өвчилж байсан, дахин эмчилгээ авахаар ирдэг. Нөгөө хэсэг нь шинжилгээ хийлгэхээр ирдэг.

Манайд элэгний архаг өвчлөлийн 40 ортой тасаг ажиллаж байна. Энэ тасаг маань байнгын дүүрэн ажилладаг.

-“Харвони” эмийн асуудал юу болсон бэ?

-Энэ сардаа багтаж, Монголд оруулж ирнэ гэх мэдээллийг ханган нийлүүлэгч “Омбол” компаниас өгсөн. Уг нь өнгөрсөн сард оруулахаар байсан ч тодорхой шалтгаанаар хойшилсон.

-“Харвони” эмийг Монголд гурван долоо хоногийн өмнө оруулж ирсэн ч тодорхой шалтгааны улмаас нууж байна гэх мэдээлэл бий?

-Тэр талаар надад тодорхой мэдээлэл алга. Гэхдээ эм нэгэнт ороод ирсэн тохиолдолд нууж хааж, хугацаа алдана гэж байхгүй. Нэгэнт бэлтгэл бүрэн хангагдсан учраас эм ороод ирвэл иргэдэд шууд тарааж өгөх л ажил байна.


“ГААЛЬ, ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГААР ШАЛГУУЛЖ БОЛНО”

“Харвони” эмийг АНУ-ын компанитай гэрээтэйгээр “Омбол” компани оруулж ирнэ. “Омбол” компанийн зүгээс “Энэ сардаа багтаж “Харвони” эмийг оруулж ирэх тухай мэдээллээ Эрүүл мэнд, спортын яаманд өгсөн. Гадны компанитай албан ёсны гэрээтэй ажиллаж байгаа учраас нарийн мэдээлэл өгөх боломжгүй” гэв. ““Харвони” эмийг оруулж ирсэн ч тодорхой хугацаанд нууцлаад байгаа юм биш үү?” гэх асуултад тус компанийн захирал Б.Мөнхдэлгэр “Өнгөрсөн сард оруулах байсан ч хойшлогдсон. Энэ удаад тэдэнд, эдэнд гэж хэлэх боломжгүй. Ямартай ч энэ 12 дугаар сардаа багтаж орж ирнэ. “Харвони” эмийг оруулж ирээд нуусан гэх хардлага байгаа бол гааль, хяналтын байгууллагаас тодруулсан ч болно” гэсэн юм.


“С ВИРУС ХААНААС АВСНЫГ ТОГТООХ БОЛОМЖГҮЙ”

Элэгний С вирус бол цусаар болон бэлгийн замаар дамжин халдварладаг. Өөрөөр хэлбэл, биеийн нэг хэсгээ санаандгүй зүссэн тохиолдолд ил гарсан цусаар халдвар авах магадлалтай гэдгийг эмч нар сануулж байна. Одоогоор С вирустэй болсон хүнийг хаанаас халдвар авсан эсэхийг тодорхойлох аргагүй талаар эмч нар хэллээ. Гэхдээ С вирус ахуйн замаар цусаар дамжин халдварлаж байна. С вирус халдварлах наад захын замыг ХӨСҮТ-ийн их эмч Д.Батдэлгэр нэрлэлээ.

“Цусаар дамжин вирус халдварлана. Жишээ нь арьс салстаа гэмтээсэн тохиолдолд тэр хэсэгт С вирустэй хүний хэрэглэсэн зүү, мэс ажилбарын багаж гэх мэт зүйлсийг хүргэхэд халдварлана. Сүүлийн үед залуус ихээр шивээс хийлгэж байна. Шивээсээр дамжиж С вирус халдварлах боломжтой. Мөн зүү төөнүүр тавих, чих цоолох, давхраа, гоо сайхны хагалгаа хийлгэх, хөмсөг шивэх зэрэг косметик хагалгааны явцад С вирус халдварлах магадлалтай” гэв. Мөн шүдний сойз, үсчний газраар дамжих, мөн халдвартай эхээс урагт, бэлгийн замаар дамжих аж.


“КОСМЕТИК ХАГАЛГАА ХИЙЛГЭХДЭЭ БОЛГООМЖИЛ”

Элэгний С вирус халдварлах томоохон зам нь косметик хагалгааны явц юм байна. Учир нь косметик хагалгааг эмнэлгийн зориулалт бүхий газар хийх  ёстой. Гэвч мэргэжлийн бус, үсчний, гоо сайхны газрууд косметик хагалгааг хийх болсон тул иргэд ч сэрэмжтэй хандах шаардлагатай байна. Тодруулбал, Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй арьс, гоо заслын 99 эмнэлэгт нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас аравдугаар сард шалгалт явуулсан. Гэтэл шалгалтад хамрагдсан нийт эмнэлгийн 56 хувь нь зориулалтын байранд үйл ажиллагаа явуулдаггүй нь илэрсэн. Мөн байрандаа ариутгал хийдэг 29 эмнэлгээс 58 хувь нь бохир багаж хэрэгсэл, материалыг хүлээн авах, угаалга халдваргүйжүүлэлт хийх зэрэг зориулалтын өрөөгүй гэх зөрчил илэрсэн билээ. Мөн зарим  гоёлын гоо заслын газрууд чих цоолж, хөмсөг шивэх, давхраа, шивээсийг зөвшөөрөлгүйгээр хийсэн нь илэрчээ.

Тиймээс иргэд арьс салстаа гэмтээх үйлчилгээ буюу давхраа, шивээс хийлгэх, хөмсөг шивүүлэхдээ “Эмчилгээний гоо сайхан”-ы зориулалттай газраар үйлчлүүлэхийг санууллаа. Учир нь энэ мэт арьс салстаа гэмтээх үйлчилгээг зөвхөн Эрүүл мэнд, спортын яамны зөвшөөрөлтэй, эмчилгээний гоо сайхны зориулалттай газарт л хийх ёстой байдаг аж. Харин гоёлын гоо заслын газарт дээрх үйлчилгээг хийх ёсгүй. Зөвхөн арьсны иллэг, хөмсөг сормуус наах, будах, гоёлын будалт гэх зэрэг үйлчилгээг үзүүлдэг. Тиймээс иргэд косметик хагалгаа хийлгэхдээ зориулалтыг нь харгалзаж, баталгаатай, ариутгалтай газраар үйлчлүүлэх нь эрсдэлээс хамгаалах томоохон гарц гэдгийг мэргэжилтнүүд санууллаа.

Б.ЗАЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж