МАН-аас болж зээлийн хүүг өсгөхөөр боллоо

2015 оны 12 сарын 9

-Өнөөдөр орон сууцны зээл авчихаад байгаа 75 мянган өрхийн зээлийн хүү 20 хувь болж өсөх гэж байгааг эх сурвалжууд өгүүлж байна-

Энэ парламент, Засгийн газрын хэрэгжүүлсэн гол ажил нь жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээл. Энэ бодлого хэрэгжиж эхэлснээр гурван жилийн хугацаанд 50 гаруй мянган өрх орон сууцтай болсон бол МАН-ыг засагласан 20 жилд дөнгөж 20 орчим мянган иргэн өндөр хүүтэй, богино хугацааны зээлд хамрагдаж орон сууцтай болж байжээ.

Харин өнөөдөр ардчилсан Засгийн газрын хэрэгжүүлсэн уг ажил зогсохоор боллоо. Гэхдээ энэ нь эдийн засгийн хямрал, санхүүгийн доголдол, иргэдийн худалдан авах чадвартай огт хамааралгүй. Шууд хэлбэл МАН захиалж, Цэц гүйцэтгэснээр иргэд найман хувийн зээлд хамрагдах боломж хумигдлаа. Улмаар өнөөдөр орон сууцны зээл авчихаад байгаа 75 мянган өрхийн зээлийн хүү 20 хувь болж өсөх гэж байгааг эх сурвалжууд өгүүлж байна.  

Асуудлыг учир мэдэх хүмүүсээс лавлахад МАН иргэдийн газраа барьцаалан зээл авах, ипотекийн зээлд хамрагдах боломжийг хааж Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргасан байна. Үүнийг МАН-ын гаргасан гомдлыг Цэц дунд суудлын хуралдаанаараа хэлэлцэн дэмжсэн нь ийм үр дагаварт хүргэхээр байна.

Ардчилсан намынхан өөрсдийнхөө санаачлан хэрэгжүүлсэн асуудлыг хамгаалж Цэцийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн ч МАН-ын шахалтаар Цэц Их суудлын хуралдаанаа нэн яаралтай хуралдуулан эцэслэн шийдвэрлэсэн нь ийм үр дүнд хүргэж байна.

М.ЦЭЦЭГ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна