Ерөнхий сайд “Долоон болдог” группийн үйл ажиллагаатай танилцлаа

2015 оны 12 сарын 9

“Долоон болдог” групп компани 2004 онд гал тогооны тавилгын үйлдвэрлэлээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өнөөдөр гэр ахуйн хэрэгсэл, цахилгаан бараа, тавилгын худалдаа, барилгын зураг төсөл, барилга угсралт, төмөр хийц болон сэндвичэн хавтангийн явуулдаг төрөлжсөн компаниудтай, группийн зохион байгуулалттай болж өргөжиж, 240 гаруй хүнийг ажлын байраар хангаж байна. Тус групп нь Чингис бондоос 6 тэрбум төгрөгийн зээл авчээ.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг лхагва гариг бүрт болдог “Шийдлийн цаг” уулзалтаар тус группийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэхүү арга хэмжээнд Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Зам, тээврийн сайд М.Зоригт болон УИХ-ын гишүүн Н.Батбаяр нар оролцлоо.

Гал тогооны тавилга, хувцасны шүүгээний “”KitchenAll” брэнд үйлдвэрлэдэг “Долоон болдог групп”мод болон модон хавтан боловсруулах бүрэн автомат технологи бүхий үйлдвэрийг анх оруулж ирсэн, үйлдвэр нэг ээлжиндээ 50-100 иж бүрэн тавилга үйлдвэрлэх хүчин чадалтай, энэ төрлийн импортыг орлох боломжтой гэдгээ тус группийн ерөнхийлөгч С.Ганбаатар Ерөнхий сайдад танилцууллаа.

Мөн олон улсын чанар, стандартад нийцсэн сэндвич хавтангийн үйлдвэрийн бүтээн байгуулалтыг өнгөрөгч сард дуусгасан байна.

“Долоон болдог” группийн үйл ажиллагаатай танилцсаны дараагаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг товч мэдээлэл хийлээ.

Тус групп тавилга, ган хийц, барилгын хавтангийн үйлдвэр барьсан нь монголчууд бид барилгаа эхнээс нь дуустал бүрэн барих бололцоотой болж байгааг харуулж байна.

Чингис бондын хөрөнгөөр манай улсад ийм олон үйлдвэр ашиглалтад орлоо. Энэ бол эхний давалгаа. Одоо ийм үйлдвэрүүдийнхээ бараа бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх, бусад үйлдвэрүүдтэй үйл ажиллагааг нь нэгтэж хүчин чадал, бүтээгдэхүүний тоо хэмжээ, чанарыг дээшлүүлэхэд төр засаг бодлогоор оролцох шаардлагатай болжээ гэдэг нь харагдаж байна. Энэ бол дараагийн давалгаа юм гэдгийг Ерөнхий сайд хэллээ.

Аймаг, сумдад төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэг, соёлын төв, захиргааны барилга барихад цемент цутгаж, тоосго өрөх шаардлагагүй, ийм сэндвичин хэлбэрээр барих бүрэн бололцоотой болжээ.

Технологийн ийм дэвшлийг ашиглаж, үндэсний үйлдвэрээ дэмжиж ажиллах бололцоо бидэнд байна. Үйлдвэрүүдийн үйл ажиллагааг уялдуулах, дэмжлэг үзүүлэх нь чухал. Үйлдвэрүүдээ эдийн засгийн эргэлтэд оруулахад Засгийн газар анхаарч ажиллана. Төр гол худалдан авагч, захиалагч нь болж дэмжих ёстой гэдгийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг онцлоод энэ чиглэлд анхаарч ажиллана гэлээ.

ЭХ СУРВАЛЖ: ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна