Та юу хүсч байна вэ? Таны зорилго юу вэ?

Хуучирсан мэдээ: 2015.12.09-нд нийтлэгдсэн

Та юу хүсч байна вэ? Таны зорилго юу вэ?

Зорилго тавихын чухлыг хүн бүр мэддэг ч хүн бүр зорилго тавьдаггүй. Зарим нэг нь зорилго тавьсан ч, түүнийгээ цаасан дээр бичиж тэмдэглэдэггүй.

Яагаад гэвэл зорилго тавьж, цаасан дээр бичиж тэмдэглэхэд тодорхой цаг хэрэгтэйгээс гадна бичих нь бодохоос илүү хэцүү санагддаг.
Хүсэл мөрөөдлөө зорилго болгоогүй бол хүсэл мөрөөдөл  хүсэл мөрөөдөл чигээрээ үлддэг. Харин хүсэл мөрөөдлөө цаасан дээр тодорхой бичсэнээр тэр нь зорилго болдог.

Санаж яв: Хүсэл мөрөөдлөө цаасан дээр тодорхой бичсэнээр хүсэл мөрөөдөл зорилго болдог.

Зорилго тавихаас өмнө хамгийн түрүүнд  дараахь асуултыг өөрөөсөө асуугаарай.

“Би юу хүсч байна вэ?”

Энэ асуултанд маш тодорхой хариулахыг хичээгээрэй.

Жишээ 1: “Би бясалгал хийхийг хүсч байна” гэдэг нь тодорхой биш хариулт юм. “Би өдөр болгон бясалгал хийхийг хүсч байна” гэсэн ч мөн ялгаагүй тодорхой бус хариулт юм. “Би өдөр болгон 20 минут бясалгал хийхийг хүсч байна” гэсэн ч  хангалттай биш байна.

За Ука, тэгвэл яавал тодорхой болох вэ гэж бодож байна уу? Яавал тодорхой болох вэ гэвэл:
“Би өглөө болгон 7 цагаас 20 минут тасралтгүй “Сэрэхдээ” бясалгалаар өдрөө эхлүүлэхийг хүсч байна” гэвэл сая тодорхой боллоо нэсэн үг.

Яагаад ингэж тодорхой болгох хэрэгтэй вэ? Яагаад гэвэл:

  1. Хүсэл мөрөөдлөө бодит болгох хамгийн эхний алхам юм.
  2. Зорилгоо оюун ухаандаа бодитоор харж, төсөөлж, мэдэрч чадна.
  3. Тодорхой болгосон учраас хийхэд амархан, дөхөм болно.

Хүсч байгаа юм тодорхой биш бол эргэлзээ үүсдэг.

Жишээ 2: “Би амжилттай хүн болохыг хүсч байна” гэвэл тодорхой биш хариулт юм. Харин тодорхой болгохын тулд та бага ангийн багш байлаа гэж бодоход “Би мэргэжлээ дээшлүүлэхийн тулд өдөр болгон 30 минут бага ангийн хүүхдүүдэд заах арга барилын тухайэрм уншиж, мөн бага насны хүүхдүүдийн сэтгэхүйг судалсан ном уншиж, түүнийхээ дагуу блог нээж, түүн дээрээ тэмдэглэл хөтөлж, мөн  уншсан мэдсэнээ дүүргийнхээ бага ангийн багш нартай улиралд нэг удаа хуваалцаж, сургалт семинар зрхион байгуулахыг хүсч байна” гэх юм бол маш тодорхой болж байгаа юм.

Тэгхээр дээрх  2 хариултын аль нь илүү сэтгэл хөдөлгөмөөр байна вэ? Зүгээр амжилттай болмоор байна гэдэг хариулт уу эсвэл  мэргэжлээ дээшлүүлж, бусадтай хувалцах нь сэтгэл хөдөлгөж байна уу? Мэдээж тодорхой бичсэн нь илүү сэтгэл хөдөлгөмөөр байгаа биз дээ. Тийм ээ?!

Тиймээс өнөөдөр өөртөө цаг гаргаж байгаад “Би юу хүсч байна вэ?” гэдэг жагсаалтаа тодорхой бичиж гаргаарай.

Та юу хүсч байна вэ?

ХҮС. ХИЙ. ХҮР.

ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ

©УКА ТӨМӨР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж