Дэлхийн III дайн эхэлсэн үү ?

2015 оны 12 сарын 10

 

Дэлхийн III дайн эхэлсэн эсэх тухай асуудлаар сүүлийн үед ихээхэн маргаан өрнөж байна. Дэлхийн I дайн Австрийн ханхүүг хөнөөсөн аллагаас болж эхэлсэн бол Дэлхийн II дайн Герман улс Польшийг дайран эзэлсний дараа эхэлсэн. Харин дэлхийн III дайн дээрхээс өөр шалтгаанаар үүснэ гэж таамаглаж байгаа юм.

 

Туркийн агаарын хүчин Турк-Сирийн хилийн орчим Оросын цэргийн онгоцыг буудаж унагасан нь тэртэй тэргүй хурцадмал байсан бүс нутгийн хямралыг дэвэргэж, дайран дээр давс нэмсэн хэрэг болсон.

 

Олон улсын хэвлэлүүд одоо зөвхөн энэ тухай бичиж байна. Дэлхийн I дайнаас хойш Европт гараагүй аймшигт халдлага Парист гарснаас хойш хэдхэн хоногийн дараа НАТО-гийн гишүүн орон Турк Оросын онгоцыг сөнөөсөн. Харин Турк энэ үйлдлийн төлөө уучлал гуйхгүй гэж тус улсын ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгдсэн нь энэ бүхэн үүгээр дуусахгүй гэдгийг гэрчилсэн юм.

 

Хэрэв ийм зүйл Хүйтэн дайны үед тохиолдсон бол нөхцөл байдал өөрөөр эргэх байсан биз ээ. В.Путин НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг яаралтай хуралдуулахыг шаардсан бол НАТО яаралтай хурал зарласан юм. Хилэгнэсэн Орос Туркийг “Алан хядагчдын хамсаатан” хэмээн нэрлэж, Оросоор “оролдсон нь” ноцтой үр дагаварт хүргэнэ гэсэн билээ. Энэ бүхэн бол сүүлийн үед дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа үйл явдлын эргэн тойронд болсон зүйлс.

 

Парист халдлага гарсны дараа Ромын хамба Фрэнсис үүнийг Дэлхийн III дайн эхэлсний тэмдэг хэмээсэн билээ. Гэвч Сирид болж байгаа аймшигт зүйлс хэдийн иргэний дайны шинжтэй болсон.

 

2011 онд ерөнхийлөгч Башар Ассадыг эсэргүүцсэн тэмцлээр эхэлж, Ассадын цэргүүдтэй мөргөлдсөнөөс хойш цус асгаруулсан тэмцэл болж хувирсан Сирийн дотоод хямрал одоо дэлхийн бусад орнуудыг өөртөө татан оруулсан хүчирхийллийн хуй болж, замдаа таарсан бүхнийг залгиж байх шиг. Үнэн хэрэгтээ энэ бүхэн Суннит болон Шийтийн урсгалын хоорондох улангассан тэмцэл юм.

 

Ираны дэмжлэгтэй Ливаны Хезболлах бүлэглэл Персийн булан дахь Араб улсуудын эсрэг тэмцдэг. Аль-Кайдагийн ал Нусра бүлэглэл ИУ бүлэглэлүүд хоорондоо, Курдүүд ИУ бүлэглэл болон Сирийн цэргийн эсрэг, Турк эртнээс хойш Курдын эсрэг тэмцэж байна. Үүний дээр геополитикийн бодлоготой АНУ, ОХУ хоёртой хамтран Франц улс ИУ-ын эсрэг нэгдсэн.

 

Дэлхийн III дайн эхэлсэн үү?

 

Сирид агаараас цохилт өгч буй ОХУ-ын зорилго нь үнэн хэрэгтээ ИУ бүлэглэлийг дарах биш харин Башар Ассадыг хамгаалах зорилготой гэж барууныхан үзэж байгаа юм. Харин Турк хоёр зорилготой. Нэг нь Курдын салан тусгаарлагчдын жигүүрийг таслах, нөгөө нь Ассадыг унагах. Гэвч Туркийн зорилго НАТО-гийн холбоотнуудтай нь нийлээгүй учраас Анкара ИУ-ын дураараа авирлахыг харсан ч хараагүй мэт царайлж байгаа билээ. Гэтэл геополитикийн том тоглогч ОХУ тоглоомд татагдан орж ирснээр Ойрхи Дорнод дахь АНУ-ын байр суурийг эзлэхээр оролдож байна.

 

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама соёлт ертөнцийн гол аюул болоод буй ИУ-ыг дарж, АНУ-ын байр суурийг бататгахаар хичээж буй бол ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Сири рүү өргөн хүрээтэй агаарын цохилт хийж, Башар Ассадын дэглэмийг хэвээр үлдээхийг зорьж байгаа юм.

 

Башар Ассадын хувь тавилан Ойрхи Дорнодын бусад удирдагчдын адил эмгэнэлтэйгээр дуусаж мэдэх байсан ч ОХУ, Иран нэг тал болон түүний талд зогсож буй тул ямар ч байсан ойрын үед тийм зүйл тохиолдохгүй бололтой. Мөн ИУ бүлэглэл Европт халдлага үйлдсэнээс их гүрнүүд тийш анхаарлаа хандуулж байгаа тул Башар Ассад суудалдаа бат сууж үлдэх бололтой.

 

Гэвч энэ бүхэн бол олон улсын хэвлэлүүдийн бидэнд зориулж бэлтгэсэн мэдээлэл. Энэ дайнд татагдан оролцсон талууд бүгд өөрсдийн гэсэн дайсан, бас холбоотонтой.

 

Тэгвэл дайн ямар байдаг вэ? Итгэл эвдсэн түнш, зөрчилтэй асуудлууд, жинхэнэ холбоотон дайныг бий болгодог. Мэдээж дайнд дэлхийн олон орон татагдан ордог. Өнгөрсөн жил ИУ бүлэглэлийн эсрэг Өмнөд Солонгосоос авахуулаад Австри хүртэлх дэлхийн 60 гаруй орон нэгдэж, өргөн хүрээтэй тэмцэхээр болсон. Энэ үед ИУ бүлэглэл ч мөн хяналтаа тогтоосон бүсээ улам тэлж, алан хядагчид нь дэлхий даяар тарсан билээ.

 

Сирид төвлөрсөн ИУ бүлэглэл зөвхөн Сири, Иракт хяналтаа тогтоогоод зогсохгүй, амиа золиослогч алан хядагчид нь Ливи, Египетийн Синайн хойг, Нигер болон Африкийн бусад орнуудад тархсан.

 

Гэсэн хэдий ч лалын хэт даврагч Халифатыг дэмжигч, дагагч гар хөл бологсод нь Афганистан, Индонези, Пакистан, Алжир, Филиппинд хүртэл хор хохирол учруулсаар байгаа юм.

 

Сири, Иракт олон үндэсний олон мянган хүн амиа алдаад байна. ИУ бүлэглэлийн алан хядагчид Америк, Англи, Египет, Япон, Солонгосын энгийн иргэдийг цаазлан, бичлэгийг нь илгээсэн нь дэлхий нийтийг цочирдуулсан.

 

Алан хядагчдаас гадна ИУ бүлэглэлтэй холбоотой хүмүүс ч аллага үйлдэх тохиолдол гарсаар байгаа бөгөөд тэд Канад, Франц, Австрали, Нигер, Дани зэрэг дэлхийн өнцөг булан бүрт энгийн номхон иргэдийг алж, аюул заналхийлж байгаа билээ.

 

Н.ЭНХ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна