Д.Алтанхуяг: Би Монголын бүтээгдэхүүн

2015 оны 12 сарын 10

МУГЖ Д.Алтанхуяг сүүлийн жилүүдэд балетын урлагийг хүүхэд, залууст сурталчлах ажлыг зохион байгуулж байна. Тэрбээр “Цөмөөхэй” балетыг дэглээд завгүй яваа юм. Түүнтэй “Цөмөөхэй” балетын бэлтгэлээ хийх үеэр нь уулзаж ярилцлаа.

-“Цөмөөхэй” балетын бэлтгэлийг хангаад тун завгүй явна уу. Бэлтгэл хэр хангагдав?

-Ер нь “Цөмөөхэй” балетыг 1982 оноос хойш жил бүрийн арванхоёрдугаар сард тайзнаа тавьсаар өнөөг хүрсэн. Өнгөрсөн жилээс миний найруулгаар Оросын тавилттайгаар тоглох болсон. Энэ балетад өмнөх найруулгуудаар 12-16 хүүхэд оролцон тоглодог байсан. Өнгөрсөн жилээс нэмж 180 болгосон. Харин энэ жил 200 хүүхэд “Цөмөөхэй” балетад оролцож, мэргэжлийн уран бүтээлчдийн хамт Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа тавихаар бэлтгэж байна.

Өмнөх жилийнхийг нийслэлийн Засаг даргын тамгын газраас “Бостон” балетын хувцас хэрэглэлийг худалдаж авах хөрөнгийг шийдэж өгсөн.

-Таны хувьд сүүлийн үед өөрийн уран бүтээлээсээ түр завсарлаад байна уу. “Цөмөөхэй” балетаас өөр ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Миний хувьд “Цөмөөхэй” балетыг долоон жилийн өмнөөс хийхээр бодсон. Тиймээс энэ ажилдаа бүх л цаг хугацаа, хүч хөдөлмөрөө зориулж байна. “Цөмөөхэй” балетад орсон 220 хүүхэд дунд мэргэжлийн хүүхэд ч бий, мэргэжлийн бус ч байна. Тиймээс нэлээн хөлс хүч, цаг хугацаа шаардлагатай. Тиймээс энэ жүжиг дээрээ гардан ажиллаж байгаа. Тиймээс өөр ажил хийх сиймхий ч гарахгүй. Мэдээж цаашид бодож, төлөвлөсөн ажил бол бий.

-Сүүлийн хоёр жил хүүхдүүдтэй ажиллалаа. Балетын урлагийн ирээдүйн нүүр царай хэрхэн бэлтгэгдэж байна вэ?

-Хүүхдүүд маань жаахан байна. Цаашид мэргэжлийн балетчин болоход маш их хөдөлмөр, цаг хугацаа шаардагдана. Хүссэн хүн бүр балетчин болоход хэцүү. Зөвхөн Монголоор ч зогсохгүй дэлхийд асар их өрсөлдөөн бий. Гэхдээ өнөөдөр “Цөмөөхэй” жүжигт оролцож байгаа хүүхдүүд дундаас Дуурь бүжгийн эрдмийн театрын ирээдүйн бүжигчин гарахыг үгүйсгэхгүй. Ингээд бодохоор Монголын балетын урлагийн ирээдүй маш сайхан харагдаж байна.

Ер нь Монгол Улс өмнө нь балетын бүжигчин ч үгүй байсан. Бүжигчдээ өөр орноос гуйх жишээтэй. Тэгвэл өнөөдөр Хөгжим бүжгийн коллежид мэргэжлийн балетчин бэлтгэдэг болсон байна. Эндээс ирэх жил л гэхэд мэргэжлийн балетын хоёр анги төгсөж гарна. Тэгэхээр цаашид Монголын балетын урлаг улам л өрсөлдөөнтэй болж, чанаржина гэж харж байна.

-Хэдийгээр энэ хүүхдүүд бүгд мэргэжлийн балетчин болохгүй ч сонгодог урлагийг ойлгодог, балетыг мэдэрдэг соёлтой үзэгчийг бэлтгэж байгаа шүү дээ?

-Тэгэлгүй яах вэ. Хүүхдүүд балет гэдэг энэ их айлын дунд орж үзнэ гэдэг маш том дурсамж болж үлдэнэ. Дээрээс нь тайзны арын амьдрал, дэг журам, зохион байгуулалтыг мэдрэх нь урлагийг хайрлах сэтгэлтэй болгоно. Ингэж төлөвшсөн хүүхэд цаашид мэргэжлийн балетчин болохгүй ч энэ урлагийг хайрлаж, биширч, үнэн сэтгэлээсээ мэдэрдэг соёлтой үзэгч болно.

-“Цөмөөхэй” балетыг өнгөрсөн жил шинэчилсэн найруулгаар тавьснаас хойш хүүхдээ балетын урлагт оруулъя гэсэн эцэг эхчүүд нэмэгдсэн гэж сонссон юм байна?

-Тийм. Манай “Балетын хөгжлийн сан”-аас балетын дөрвөн цөм хөтөлбөртэй сургалт явуулж эхэлсэн. Энэ сургалтад “Хүүхдээ явуулмаар байна”, “Балетаар хичээллэдэг болъё гээд охин маань зүтгээд болохгүй юм” гэх эцэг эхчүүд ирдэг.

-Эцэг эхчүүдийн энэ эрэлт дээр үндэслээд болсон, болоогүй олон сургалт явуулах болсон юм шиг ээ?

-Жишээ нь гурав, дөрөв, таван настай хүүхэд балет сурахаар ирдэг. Тэр хүүхдэд юу заах вэ гэдэг нь чухал. Мэргэжлийн балет заая гэхээр нас нь болоогүй. Тэгэхээр суурийг нь олгож, дээд тал нь л 50 минутын хичээл ороход хангалттай. Гэтэл зарим газруудад цаг, цаг гучин минут гэх мэтчилэн хэтрүүлэх тохиолдол бий. Энэ мэтчилэн нарийн асуудал их бий учраас хүүхдүүдтэйгээ гардан ажиллаж байна.

-Ахмадуудыг хүртэл балет сургалтад хамруулж байгаа гэж сонссон?

-Балетаар хичээллэснээр бүх шөрмөс, судсыг ажиллуулж хөдөлгөөнтэй байдаг. Энэ ч утгаараа мэргэжлийн балетчинаас гадна ахмад настнуудад зориулсан анги нээсэн.

-Монголын үзэгчдэд театрын соёл дутагдаж байна гэх хүмүүс багагүй бий. Таны хувьд театрын соёлд суралцаж, мэдрэмжийг нь дээшлүүлэхэд юу хийх хэрэгтэй гэж боддог вэ?

-Монгол Улс анх удаа олон улсын балетын фестивалийг 2011 онд амжилттай хийсэн. 10 гаруй орны балетчин Монголын тайзнаа бүжиглэсэн. Өмнө нь Монголд балетын чиглэлээр гаднынхан тэр бүр ирдэггүй байсан. Би ямар түвшинд бүжиглэдэг вэ, сайн, муу гэдгээ ч мэддэггүй. Тэр үетэй харьцуулахад тодорхой хэмжээнд өөрчлөгдсөн. Гэхдээ цаашид гаднын балетчидтай хамтарч, илүү их зүйл хийх хэрэгтэй. Мэргэжлийн бид нар хүртэл өөрийнхөө ямар түвшинд байгааг мэддэггүй байсан гэхээр үзэгчид ямар байх нь ойлгомжтой биз дээ. Тиймээс цаашид сонгодог урлагт чансаа өндөртэй хүмүүсийг Монголдоо авчирч тоглуулж, хамтарч ажиллавал мэргэжлийнхнээс гадна үзэгчдийн ч мэдрэмж дээшилнэ.

-2011 онд та “Монголын балетын хөгжлийг энэ олон улсын фестивалийн дараа л тодорхойлж болно” гэж байв. Та өнөөдөр юу гэж дүгнэх вэ?

-Тухайн үед олон орны бүжигчдийн чадварыг монголчууд дэргэдээс харж, суралцаж, өөрсдийгөө аль түвшинд байна вэ гэдгээ мэдэрсэн. Би өөрөө ч тэр дунд байсан. Миний хувьд Хөгжим бүжгийн коллежийг төгссөн. Жинхэнэ монголын бүтээгдэхүүн. Тэгэхээр Монголын, гадаадын балетчидыг харьцуулаад үзэгчид өөрсдөө дүнгээ өгсөн байх.

Миний хувьд нэг үеэ бодвол арай өөр болсон гэж боддог. Аливаа зүйлд өрсөлдөөн байж гэмээнэ сайжирч дэвшдэг. Хэдийгээр хүчтэй өрсөлдөөн эхлээгүй ч гэсэн тодорхой хэмжээнд өөрчлөгдөж, дэвшсэн.

-Таныг дэлхийд чансаагаараа дээгүүрт бичигдэж эхлэхэд “Цэвэр Монголын бүтээгдэхүүн” хэмээн тодотгож байсан?

-Мэдээж багш нар маань орос школтой байсан ч гэсэн би Монголын бүтээгдэхүүн. Гэхдээ үүний хажуугаар монгол “школ” бас бий л дээ. Юу гэхээр би багадаа ардын бие биелгээ их хийдэг байсан. Миний аав Ховдын Хөгжимт драмын театрт насаараа ажилласан. Багадаа аавыгаа дагаад бие биелгээ хийгээд уралдаан тэмцээнд их ордог байлаа. Энэ үүднээс ч гэсэн бодсон би Монголын бүтээгдэхүүн мөн.

Б.ЗАЯА

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна