Зовлонгийн хүлээлтээ дуусга

2015 оны 12 сарын 10

Хэн нэгэн улстөрчид таалагдаагүй эсвэл аль нэг “эх оронч”-ийн бизнест ашиг оруулахгүй бол эдийн засагт нэн чухал төслүүд улс төрийн тоглоом, шоглоом болох нь Монголд хэвийн үзэгдэл болсон. Нэн ялангуяа улстөрчид, эх орончдын тарьж, ургуулсан сэдэв бүхэн эдийн засгийнхаа хамаг шим шүүсийг сорж эргээд улс оронд өр, зээл, дарамт шахалт хэлбэрээр бүх л салбар, айл өрх болгоны аж амьдрал муугаар нөлөөлж байна. Энэ бол монголчууд бидний өөрсдийн тарьж ургуулсан, үйлдвэрлэж тараасан зовлонгийн үр.

Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай тогтоолын төслийг Засгийн газар дөрөв дэх удаагаа буюу аравдугаар сарын 23-нд УИХ-д өргөн барьсан юм. Ингэснээр УИХ мөн л дөрөв дэх удаагаа уг асуудлыг хэлэлцэх гэж байна.

Жил гаруй хугацаанд улстөрчдийн маргааны сэдэв болсон энэ асуудал УИХ дээр гацаж, эргэж буцахын хэрээр эдийн засаг, нийгэмд ч сүүдрээ үлдээж эхлэв. Үүний нэг тод жишээ бол өнгөрсөн долоо хоногт хууль бусаар ашигт малтмал олборлогчид Гацууртын ордод хулгайгаар алт ухаж байгаад амь насаа алдсан явдал.

Хүч далайлгасан улс төрөөр түрий барьсан тэмцэгчид Ноён уулыг тойрон эргэлдэхийн хэрээр тэнд хулгай, луйвар, хууль бус ажиллагаа, гэмт хэрэг зөрчил гээд муу бүхэн ид цэцэглэж байна. Энэ нь манай төр засгийн өөх ч биш, булчирхай ч биш байдлаас болж байгаа гэж хэлэхэд гэмгүй. Үнэндээ тэнд өрнөж буй хулгай дээрэм, аллага, таллагыг зогсоох эцсийн цэг бол төрийн цагдаа, сумын иргэд, Засгийн газар биш зөвхөн УИХ.

УИХ-ын гарах шийдвэр л газрын доорх эрдэнэсээ эдийн засагт ашигтайгаар эргэлтэд оруулах уу, хууль бусаар хулгайн замаар алдах уу гэдгийг шийднэ. Жил гаруйн хугацаанд дөрвөн удаа бие бие рүүгээ өргөн барьж, буцааж шидэлсэн Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэх энэ удаагийн чуулганы хуралдаан дээр УИХ ч, Засгийн газар ч аль аль нь хариуцлагатай хандмаар байна.

Чухамдаа сайдууд нь эзгүй Засгийн газрын тогтоолын төсөл УИХ дээр унах нь аргагүй шүү дээ. Оруулж ирсэн бодлогоо, төслөө хамгаалаад гарчихаж чадахгүй дөрвөн удаа УИХ дээр асуудлаа оруулж ирж байгаа Засгийн газар ч гэж Засгийн газар. Танхимынх нь 19 сайдын 16 нь давхар дээлтэй байж арав хүрэхгүй саналаар бодлогоо унагааж байвал З.Энхболд даргын хэлсэн шиг “Хохь нь” гэхээс яах вэ.

Хэрэвзээ иргэдэд амласан шигээ эрдэс баялгаа зөв менежмент, өндөр технологи, үр бүтээлтэй аргачлалын дор эдийн засгийн эргэлтэд оруулмаар байгаа бол Ч.Сайханбилэг сайдуудаа чуулганы хуралдаандаа заавал суухыг шаардах ёстой юм. Засгийн газраас өргөн барьсан төслүүдийг хэлэлцэх үед сайдууд нь чуулганы хуралдаандаа харагддаг ч үгүйгээс болоод чухал төслүүдээ төдийгүй улсаа, иргэдээ, эдийн засгаа давхар унагааж байгаадаа Засгийн газар ч дүгнэлт хийх цаг болсон биз.

Нөгөө талдаа сайдууд нь ирсэнгүй гэж хорсоод Засгийн газраа чадах гэж УИХ нь эдийн засгаа, иргэдийнхээ амьдралыг давхар дэгээдэж унагааж болохгүй биз дээ. Энэ удаад УИХ Гацууртын ордыг ашиглах эсэхээ нэн тодорхой шийдэх ёстой юм. Булчин ч биш, булчирхай ч биш маягаар шийдвэр гаргаснаас болоод ганц компанийг хорлоод байгаа юм биш. Тэнд олон арван хүн ажилтай үлдэх үгүйгээ хараад сууж байгаа гэдгийг бас бодолцох хэрэгтэй байна аа гэсэн үг.

Төрийн албан хаагчдыг цомхотгох сургаар “туслах маань зээлтэй шүү дээ” гэсээр байгаад авч үлдсэн УИХ-ын гишүүдэд хувийн хэвшилд, уул уурхайн салбарт ажиллаж байгаа ажилчид амьдралтай байх эсэх нь хамаагүй юу. Туслах нь хүн бусад нь хүн биш юм уу тэгээд гэсэн асуулт ч энэ бүхнээс хамааралтайгаар тавигдаж болох.

УИХ асуудлыг удаашруулах тусам Ноён уулыг илүү эрсдэлтэй байдалд хүргэж буй. Гацууртын ордыг ашиглах уу, үгүй юу гэдгээ УИХ эртхэн түс тас хэлэлцээд шийдэхгүй бол байгаль экологи болон жирийн иргэний амьдрал, нийгэмд сөргөөр нөлөөлөх болсныг олон үйл явдлаас жишээлж болно. Тухайбал, өнгөрсөн зунжингаа л Монголын өнцөг булан бүрээс ирсэн нинжа нар Ноён уулаа ухаж, төнхөж зуслаа шүү дээ.

Өчигдөрхөн нийгмийн байгууллагын төлөөлүүд мэдээлэл хийж, Гацууртын орд дээр амиа алдсан гурван хүний үхэлд төр засгийг буруутгав. Үнэндээ нинжа нарыг амиа алдахад хүргэх нөхцөлийг бүрдүүлэхэд иргэний нийгмийн гавъяа их байсан шүү дээ. Баялгаа хуулийн хяналтын дор ашиглаж, бүх төрлийн татвараа аваад  явъя гэсэн Засгийн газрын бодлогыг эсэргүүцэх мөртлөө, хар мянган нинжа нар Ноён уулыг сэндийчиж байхад албан тоот хүргүүлсэн гэхээс өөрөөр таг чимээгүй л сууцгаасан биз дээ.

Өнгөрсөн баасан гаригт Канадад төвтэй "Сентерра гоулд" корпорациас Ерөнхий сайдад хандаж, хэрэв Гацууртын орд гацаанаас гарахгүй бол хөрөнгийн бүртгэлээсээ хасна гэдгээ хэлжээ.  Компани бүртгэл дээр байгаа Гацууртын ордын төвөгтэй хүлээлт олон жил үргэлжснээс болоод компанийн хувьцааны ханшид сөргөөр нөлөөлөх болсон учраас тус компанийн хувьд ийм арга хэмжээ авсан нь  дээр гэж үзсэн бололтой

Тэгэхээр Засгийн газар ч, УИХ ч аль, аль нь тал, талд зовлонгийн үрээ тарьж суухаар энэ удаад ядаж л чуулганы хуралдаандаа идэвхтэй оролцоод Гацууртын ордыг ашиглах уу үгүй юу гэдгээ эв зүйгээр шийдээд дуусга.

Гацууртын ордыг ашиглах ч юм шиг ашиглахгүй ч юм шиг удах тусмаа аль алиндаа л зовлонгийн хүлээлт үүсгээд байгаа шүү дээ.

Ж.ЭРХЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна