Орос-Туркийн амаргүй харилцаа: Өнгөрсөн ба одоо

2015 оны 12 сарын 10

 

Өнгөрсөн сарын дундуур Туркийн хилийг зөрчин орж ирсэн Оросын онгоцыг буудан унагаснаас хойш Орос-Турк хоёрын харилцаа хутганы ирэн дээр байна. Үүх түүхээ сөхвөл энэ хоёр эв түнжин муутай явж ирсэн улсууд. Өнөөгийн туркууд бол Османы хүчирхэг империйн буурийг сахин үлдсэн улс. Османы империйг ид хүчирхэг байхад оросууд ч мөн их эзэнт улсаа хүчирхэгжүүлэн бэхжүүлж, энэ хоёр их гүрэн нэг нэгнээ өрсөлддөг дайснууд гэж харж ирсэн. Нэг нэгэндээ дайсагнадаг энэ хоёр улсыг бусад гүрнүүд өөрийн зорилгодоо нэг бус удаа ашиглаж байсан түүхтэй.

 

1914 оны намар германы цэргийн “Гебен”, “Бреслау” нэртэй хоёр онгоц Английн хөлөг онгоцуудаас зугтан Османийн империйн нийслэл Константинополь хотод орж иржээ. Герман болон Османы империйн цэргийн эрхтнүүд хэд хэдэн удаа нууц хаалттай уулзсаны эцэст Германы хоёр хөлөг Османы флотын усан онгоцуудын хамтаар Оросын тэнгисийн боомт хотууд болох Новороссийск, Одесс, Севастополь хотуудын зүг хөдөлжээ. Тухайн үед Германы газар дундын тэнгисийн флотын командлагч Вильгельм Сушоны тооцоолж байснаар энэ үйлдэл нь Орос-Османы хооронд урт хугацаанд хадгалагдаж байсан энх тайван байдлыг эвдэж, Османыг Германы талд урвуулах стратегийн зорилготой байлаа. Сушоны зөв байлаа, османчууд өөрсдөө хүсээгүй ч татагдан оров.

 

Осман болон Оросын хоорондох хамгийн том хэрүүлийн алим Крымын хойг байсан юм. Өнөө үеийн Орос-Туркийн харилцааг Крымын хойг тойрсон асуудлаас салгаж үзэх аргагүй. 1783 онд оросууд Османы империээс Крымыг салган эзэлсэн бөгөөд энэ нь Османы газар нутгаас хамгийн том хэмжээний газар нутаг алдсан тохиолдол байсан. Оросуудын түрэмгийллийг зогсоохын тулд Осман Европын орнуудтай эвсэл үүсгэхийг хичээх болов. 1853-1856 оны хооронд өрнөсөн Крымын дайны үеэр османчууд англи, францчуудын хамтаар оросуудын эсрэг зогсч чадсан. Гэсэн ч дараагийн 60 жилийн турш Хар тэнгис дэх Оросын нөлөө ихэсч, цэргийн хүчин чадлаа улам бэхжүүлж, Османы газар нутгаас бага багаар эзэлсээр байлаа. Османчууд анх Крымыг алдсанаас хойш 100 жилийн дотор Каюказ, Балкан дахь газар нутгаа алдсан юм. Чухам яг ийм нөхцөл байдалд османчууд Сушоны саналыг хүлээн зөвшөөрсөн хэрэг.

 

Энэ нөхцөл байдал өнөө үед ч үргэлжилж байгаа гэж хэлж болно. 2014 онд Путин Крымыг Украинаас салган ОХУ-д нэгтгэхэд Туркийн одоогийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган “үүнийг Турк хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн хэлж байсан билээ.

 

Оросууд Украины зүүн хэсэгт нөлөөллөө тогтоож эхэлснээр Туркийн тайван байдал алдагдсан гэж хэлж болно. Оросын онгоцууд Хар тэнгисийн зүгээс Туркийн агаарын орон зайг их багаар зөрчих нь ихэсч, тэнгисийн орон зайд Оросын хөлөг онгоцууд Туркийн болоод НАТО-гийн онгоцуудын хооронд зөрчил гарах болсон. АНУ-ын “Гадаад харилцаа” сэтгүүлд бичсэнээр хамгийн ноцтой зөрчил энэ оны гуравдугаар сард гарсан байна. Байлдааны сургуулилалтын үеэр оросын бөмбөгдөгч онгоцууд тухайн үед тэнд байсан Туркийн пуужин зөөгч хөлөг онгоц болон харуулын онгоц руу чиглэн нисэх маяг үзүүлсэн байна. Турк эдгээр зөрчлүүдэд зарим үед дипломатын аргаар, зарим үед НАТО оролцуулсан шуугиан дэгдээхгүйн тулд зүгээр л дуугүй өнгөрүүлсэн. Турк бол НАТО-гийн гишүүн орон. Мөн ОХУ Крымыг нэгтгэсний дараа Хар тэнгист байдлыг хурцатгахгүйн тулд Хар тэнгис дэх усан цэргийн эскадрилийн зарим хэсгийг Өмнөд Африк, Энэтхэгийн далай руу шилжүүлсэн. Төрийн тэргүүнийхээ энэ шийдвэрийг Туркийн флотын нэг адмирал эсэргүүцэн тухайн үед “Хар тэнгис дэх Туркийн цэргийн хүчийг сулрууллаа” хэмээн олон нийтэд мэдэгдэж байжээ.

 

Харин оросууд энэ хооронд энэ бүс нутаг дахь цэргийн хүчээ зузаатгасаар байжээ. Эгейн тэнгист цэргийн хүчээ байрлуулж, Газар дундын тэнгисийн зүүн хэсгээр цэргийн харуул гаргаж, Сирийн Тартус дахь усан цэргийн баазад мөн хүчээ зузаатгажээ. Харин 2015 оны зун НАТО-гийн зүгээс Сирийн эсрэг хүчээ нэгтгэж эхлэхэд, Тартус дахь байр суурь аюултай болохыг оросууд ойлгож эхэлсэн төдийгүй ОХУ-ын Усан флотын ерөнхий командлагч Виктор Чирков “Тартус оросуудын хувьд тун чухал газар” болохыг мэдэгдэж байжээ.

 

Тиймээс Нью Йорк дахь Путины мэдэгдлийнхээ дараагаар оросууд Сирид цэргийн үйл ажиллагаа эхэлж, Тартус болон Латакид цэргийн хүч төвлөрүүлсэн нь Турк бараг бүх талаараа Оросын цэргээр хүрээлүүлсэн явдал бөгөөд энэ нь Туркийн хувьд Крымын асуудлаас ч илүү ноцтой үр дагавар бүхий байдалд хүргэж болохыг нотолсон юм. Туркийн хуурай замын цэргийн ерөнхий командлагч Хулус Акар “Турк цагариган галан дунд орлоо” хэмээн мэдэгдэж байсан билээ.

 

Турк улс 1939 онд Сирийн Хатай мужийг өөртөө нэгтгэсэн нь Турк улс хилээ албан ёсоор тогтоосноос хойш бусдын газар нутгийг эзэмшсэн явдал юм. Мөн одоо оросуудын дайтаж байгаа Сирийн босогчид болон Сирийн баруун хойно идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг туркмений бүлэглэлд туркууд дэмжлэг үзүүлдэг.

 

Хэдийгээр өнгөрсөн түүхийг нь эргэн харвал дайсагнасан жишээ олон ч өнөө цагийн Турк-ОХУ гэдэг бол шал өөр харилцаатай улсууд. ОХУ-ын ерөнхий лөгч Владимир Путин, Туркийн ерөнхийлөгч Эрдоган нар аль аль нь энэ албан тушаалдаа харьцангуй удаан сууж байгаа, энэ хооронд найрсаг харилцаатай байж ирсэн, хоёр улс цэрэг батлан хамгаалах чиглэлд ч нэг бус удаа хамтарсан сургуулилалт хийж ирсэн байтал арваннэгдүгээр сарын 24-ны хэрэг явдал олон хүнийг гайхашралд оруулж байна. Хоёр тал өөр өөрсдийгөө өмөөрсөн мэдэгдэл хийж байгаа ч энэ явдалд Туркийн тал эртнээс ямар нэг дургүйцэл тээж ирсэнийг харуулж байна хэмээн “Гадаад харилцаа” сэтгүүлд бичсэн байна.

 

Бэлтгэсэн А.ШАРАВ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна