Маргааныг хагалах ёстой гэв

2015 оны 12 сарын 10

УИХ-д суудалтай намын бүлгүүд Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах дөрвөн төсөл өргөн барьсан. Одоогоор Х.Тэмүүжин гишүүний өргөн барьсан хуулийн төсөл батлагдсан. Харин үлдсэн гурван төслийг нэгтгэх ажлын хэсэг байгуулагдаад явж байна. Гэсэн ч хугацаа давчуу байгаагийн зэрэгцээ намын бүлгүүд зарим асуудалд санал нэгдэхгүй байна. Үүнээс үүдэж энэ хууль хүлээгдэж байна гэхэд болно. Тиймээс Сонгуулийн тухай хуулийн талаар МУИС-ын Улс төр судлалын тэнхимийн эрхлэгч доктор, профессор С.Мөнхбаттай ярилцлаа.

-Сонгуулийн тухай хууль тогтвортой байх ёстой. Гэтэл УИХ-ын сонгууль болгоны өмнө өөрчлөгдөж байгаа нь ямар үр дагавартай вэ?

-Сонгуулийн хууль тогтвортой байх ёстой. Ингэж байж сонгуульт ардчилал, төлөвшилд сайнаар нөлөөлнө. Хэрэв тогтвортой байж чадахгүй бол улс төрийн намуудын төлөвшилд муугаар нөлөөлдөг. Тиймээс хоёр үндсэн зарчим баримталж Сонгуулийн тухай хуулийг батлах ёстой. Нэгдүгээрт, сонгуулиа ямар систем, тогтолцоогоор хийх вэ гэдэг дээр тогтож аваад түүнийгээ цааш нь төлөвшүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, одоогийн хэрэглээд байгаа холимог байх юм уу, дийлэнх олонх байх юм уу, эсвэл 100 хувь хувь тэнцүүлэх тогтолцоо байх юм уу. Аль нэг систем дээр тогтох ёстой. Үүний дараа сонгосон хувилбарыг цаашид төлөвшүүлэх ёстой. Хоёрдугаарт, сонгуульд нэр дэвшигчийг зарлах, санал авах, өгөх, тоолох, үр дүнг гаргах, суудал хуваарилах энэ бүх үйл явцыг хэрхэн шударга ил тод явуулах вэ гэдэгт чиглэсэн нарийн зохицуулалтыг тусгасан байх ёстой.

-Сонгуулийн тухай хуульд ямар учраас өөрчлөлт оруулах шаардлагатай байна вэ?

-Сонгогчдын ирц буурч байна, дүн гарсны дараа улс төрийн намуудаас, улстөрчдөөс шүүмжлэл, хардалт, сэрдэлт байнга дагуулж байна. Дээрээс нь сонгуулиас үүдсэн маргаан шийдвэрлэгдэхгүй хугацаа алдах, ард түмний сонгосон төлөөлөл гарч ирэхгүй зарим тохиолдолд тойрог дээр ялсан нь биш, ялагдсан нь тангараг өргөж байгаа дүр зураг харагдаад байна. Тиймээс Сонгуулийн тухай хуулийг илүү ил тод, нээлттэй зарчимд дөхөж очсон эрх зүйн орчин үйлчлэх ёстой. Дөрвөн хуулийн төслөөс харахад нааштай, хэрэгжүүлчихмээр зүйл заалтууд харагдаж байна.

-Жишээ нь...?

-Жишээлбэл, сонгуулийн үйл явц талаас нь харахад 48 нэр дэвшигчийг ард түмнээс сонгох, 28 нь тойргоос сонгох холимог системээр өнгөрсөн сонгууль явсан. Гэтэл 48 гишүүдийг сонгож гаргаж ирэхдээ нам дотор нэр дэвшигчид өрсөлдөж гарч ирж байгаа зүйл ажиглагдаж байсан. Энэ нь эргээд намын дотоод эв нэгдлийг үгүй хийхэд хүчтэй нөлөөлж байсан. Одоо бол багасгах үүднээс 48 нэр дэвшигчийг жижиг тойргоос буюу нэг тойргоос нэг мандат гэсэн зарчмаар сонгох нь боломжийн хувилбар гэж харж байна. Хоёр дахь нааштай өөрчлөлт бол Р.Бурмаа, Су батболдын аль аль төсөл дээр байсан. Сонгуулийн маргаан шийдэх хугацааг тодорхой болгож өгсөн байсан. Хугацааг наашлуулж байгаа явдал бол парламентад ёс зүйг төлөвшүүлэхэд ач холбогдол өгнө. Гуравдугаарт, сонгуулийн тухай хуулийн хэлэлцүүлэг дээр харахад 2012 оноос хойш автомат машинаар тоолдог болсон. Энэ нь хүний бүтээсэн зүйл учир хөндлөнгийн нөлөө ордог, саналын тоонд нөлөөлж байна гэсэн хардалт байгаа. Тиймээс энэ хардалтыг хагалах нэг үндэс бол хяналтын тооллогыг гараар тоолж болно. Энэ нь илүү шударга зарчимд нийцсэн асуудал юм. Яагаад гэвэл манай улсад тоолж барахгүй олон сонгогч байхгүй. Нэг сая 800 мянган сонгогчоос нэг сая 400 мянга нь санал өгдөг. Тэдний саналыг гараар тоолоход болохгүй зүйл байхгүй. Харин гар аргаар тоолохдоо хяналтын камераар ажиглах нь буруудахгүй. Хамгийн гол нь сонгууль шударга явагдахад энэ хууль үйлчилж байх ёстой.

-Автомат машинаар санал тоолсны дараа хяналтын тооллогыг гараар тоолох тухай заалт Су.Батболд, О.Баасанхүү нарын өргөн барьсан хуулийн төслүүд дээр аль алинд нь байсан. Гэтэл АН эсрэг байр суурьтай байна. Үүнээс улбаалж намууд зөвшилцөж чадахгүй байна уу?

-Үнэхээр ил тод шударга сонгууль явуулахаар зорьж байгаа бол маргааныг хагалах ёстой. Ингэхийн тулд автоматаар ч тоолоод, гараар ч тоолоод явахад буруудах зүйлгүй. Хэрэв хар машин саналыг буруу тоолдог гэж үзэж байгаа бол АН тийм биш гэдгийг батлахын тулд хяналтын тооллогыг хийлгэчих ёстой. Энэ бол аль нэг намын ялах ялагдах тухай асуудал биш сонгууль цаашид үнэн зөв явах уу гэдэг асуудал. Тиймээс хяналтын тооллогыг хийх ёстой гэдэг байр суурин дээр судлаач хүний хувьд байна.

-2012 оны сонгууль холимог системээр явсан. Өргөн барьсан хуулийн төслүүдийг нэгтгээд баталчихвал ямар системээр явах бол?

-Р.Бурмаа, Су.Батболдын өргөн барьсан төслүүд дээр 48х28 харьцаа хэвээр байсан. Харин О.Баасанхүү гишүүний өргөн барьсан төсөл дээр арай өөрөөр 38,38 гэж оруулсан байсан. Үүнээс үзэхэд 48,28 өөрчлөгдөхгүй болов уу гэж харж байна.

-Энэ онд багтаж хуулийн төслийг батлах ёстой. Гэтэл хугацаа нэлээд давчуу болчихлоо. Үлдсэн хугацаанд амжиж батлагдах болов уу?

-Батлах хугацаа байна. УИХ-д суудалтай намууд байр сууриа ойртуулаад, арванхоёрдугаар сард багтаан батлах боломжтой. Харин УИХ-д суудалгүй намуудын хувьд МАН-аас зөвшилцөх уулзалт зохион байгуулаад байр сууриа нэгтгэсэн зүйл бий. Түүнийгээ баримтлаад, чуулган дээр хэлэлцэх юм бол болохгүй гэх газаргүй.

Т.ДАВААНЯМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна