Азийн аюулгүй байдалд заналхийлэгч

2015 оны 12 сарын 10

Өмнөд Хятадын тэнгис дэх ашиг сонирхлын зөрчил, маргаан Азийн аюулгүй, тогтвортой байдалд заналхийлж байна. Азийн хөрш орнуудын дунд “хэрүүлийн алим” гэгдэх болсон тэнгисийн энэ хэсэгт хяналтаа тогтоох гэсэн аль ч улсын санаатай оролдлого эсвэл санамсаргүй осол бүс нутгийг хамарсан өргөн хүрээтэй зөрчил үүсгэж магадгүй юм. Ерөнхийдөө Өмнөд Хятадын тэнгист хиймэл арал байгуулж, агаарын хяналтын бүс тогтоосноороо Бээжин маргааныг сэдрээсэн буруутан болж байна.

 

 

Хятад улс сүүлийн жилүүдэд батлан хамгаалахын төсвөө нэмэгдүүлж, цэрэг армийн хүчин чадлаа бэхжүүлэх болсон юм. Энэ нь арлын маргаанд нэгэн рүүгээ хүйтэн харц чулуудсан хөрш орнуудад бодит аюул мэт харагдах болжээ. Тухайлбал, дэлхийн II дайнаас хойш 70 жилийн хугацаанд цэрэг, армид төдийлөн ач холбогдол өгч байгаагүй Япон улс Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, өөрийгөө хамгаалах хүчний чадамжийг нэмэгдүүлсэн юм. Ингэснээр Япон улс гадаадад цэргээ илгээх бүрэн боломжийг нээжээ.

 

 

Үүний зэрэгцээ Япон Хятадтай газар нутгийн маргаантай Сенкаку/ Дяоюйдао арлын ойролцоо цэргээ байршуулахаар төлөвлөж байна. Япон яаралтай нөхцөл байдалд зориулан өөрийгөө хамгаалах хүчний 500 цэргийг газар-агаар ангиллын дэвшилтэт пуужин болон хөлөг онгоц сөнөөгч пуужингаар зэвсэглэн Окинава арлын баруун хэсэгт байршуулахаар төлөвлөжээ. Японы цэргүүд маргаантай арлаас ердөө 170 км зайтай байрлах аж. Энэ асуудлаар Японы батлан хамгаалахын дэд сайд Кенжи Вакамияа өнгөрсөн сарын сүүлээр Ишигаки хотын захирагчтай уулзсаныг “Japan Times” мэдээлжээ.

 

 

Японы зүгээс энэ үйлдлээ Хятадын түрэмгийллийн эсрэг хэмээн тайлбарлаж байна. Хятадын тэнгисийн цэргийн хөлгүүд газар нутгийн маргаантай бүсэд хэд хэдэн удаа нэвтэрч, Окинава арлын ойролцоо бөмбөгдөгч онгоцоор ниссэн зэргийг Япон иш татжээ. Японы засгийн газрын мэдээлснээр Хятадын хөлөг онгоцнууд энэ он гарсаар 32 удаа арлын маргаантай бүсэд нэвтэрсэн гэнэ. Түүнчлэн өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш Япон Хятадын нисэх онгоцнуудыг 231 удаа хөөн явуулжээ. Япон 2012 онд нэгэн гэр бүлийн эзэмшилд байсан арлуудыг худалдан авч, төрийн мэдэлд шилжүүлсэн нь Хятадын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан юм.

 

Япон улс 2015 оны батлан хамгаалахын төсөвт 4.98 их наяд иенийг суулгасан бөгөөд энэ нь гурван жил дараалан өссөн үзүүлэлт аж. Түүнчлэн Япон Изимо нэртэй шинэ загварын нисдэг тэрэг сөнөөгчийг бүтээгээд байгаа бөгөөд 680 хүний бүрэлдэхүүнтэй тусгай цэргийн бригадыг байгуулжээ.

 

 

БНХАУ нь Өмнөд Хятадын тэнгисийн “U” хэлбэртэй усан бүсийг өөрийн эзэмшлийн хэмээн зарласан бөгөөд энэ бүсэд олон улсын далайн тээврийн гол замууд болон нефть, байгалийн хийн нөөцөөр баялаг бүлэг арлууд багтжээ. Харин Вьетнам, Филиппин, Бруней, Малайз, Тайван зэрэг улсууд БНХАУ-ын Өмнөд Хятадын тэнгис дэх түрэмгийллийг эсэргүүцдэг байна. Өмнөд Хятадын тэнгисээр дэлхийн худалдааны тээвэрлэлтийн 1/3 нь дамждаг аж. Өмнөд Хятадын тэнгис нь дэлхийн хоёр дахь том усан зам бөгөөд жилд хийгдэх худалдааны 50 илүүтэй хувь нь Малака, Сунда, Лонбокийн хоолойгоор дамждаг байна. Түүнчлэн тэнгисийн ёроолд их хэмжээний нефть, байгалийн хийн нөөц агуулагдаж байгаа аж. Өмнөд Хятадын тэнгисийн бүст ойролцоогоор 266 триллион байгалийн хий, 11 тэрбум баррель газрын тосны нөөцтэй гэсэн судалгаа байдаг.

 

Б.АНХТУЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна