Дмитрий Медведевтэй сэтгүүлчид ярилцлаа

2015 оны 12 сарын 10

Фото: Екатерина Штукина / РИА Новости

 

Оросын ерөнхий сайд “Дмитрий Медведевтэй хийсэн ярилцлага” нэвтрүүлгийн төгсгөлд “Ирж буй шинэ оны баярыг хүргээд бүх, зүйл сайн сайхан болно” хэмээн амлав. Нэвтрүүлгийг «Россия 1» сувгаар явуулжээ.

 

Ерөнхий сайд шинэ оны мэнд хүргэлээ

 

Оросын ерөнхий сайд бүгдэд сайн сайхан, амарт амгаланг хүсээд 2015 оныг Орос орон “нэр төртэйгээр туулж байна” гэв. “Ирэх он бидэнд шинэ шинэ үйл явдлыг авчирна” хэмээн тэр нэмж хэллээ.

 

Оросын сэтгүүлчидтэй хийсэн түүний ярилцлага цаг хагас үргэлжлэв. Ярилцлагаар улс орны амьдралын гол үйл явдлууд, тэдний тоонд Оросын эдийн засгийн уналт, нефтийн үнийн бууралт, ерөнхий прокурор Юрий Чайкийн гэр бүлийн авлигын талаар Авлигатай тэмцэх сангийн явуулж байгаа тэмцлийн тухай, холын тээврийн жолооч нарын эсэргүүцлийн арга хэмжээ зэргийг ярив.

 

Ерөнхийдөө эдийн засгийн уналтыг зогсоосон, ирэх жилд эдийн засаг өснө гэж тэр үзлээ. Хими, хөдөө аж ахуйн салбарт өсөлт гарч буйг тэр тэмдэглэв. Санхүүгийн нөөцийн мөнгө дуусаж байгаа гэсэн Сангийн сайдын үгэнд Дмитрий Медведев тайлбар хийхдээ, нөөцийн санг эдийн засгийн ээдрээтэй үед ашиглахаар бий болгодог гэж онцлов. Засгийн газар тэр хөрөнгийг ухаалгаар зарцуулна гэж тэр амлажээ.

 

Засгийн газарт муу ба сайн “залуус” байдаг гэж тэр яриад өөрийгөө сайн залуусын тоонд орууллаа.

 

Фото: Владимир Астапкович / РИА Новости

 

“Хэрэв хэрэг явдал бидэнд байгаа дүгнэлтийн дагуу өрнөвөл, тэр нөөцийн сан нь манай эдийн засгийн хүнд үеийг туулахад туслах юм” гэж тэр хэлэв. “Хүнд байна даа, гэхдээ нөөцөө заралгүй, атгаад суугаад байя” гэж хэлээд зүгээр суугаад байх нь ухаалаг биш хэрэг гэж тэр үзэв. “Бидэнд тийм байр суурь хэрэгтэй гэж үү? Бид сангаасаа хөрөнгө мөнгө зарцуулна. Гэхдээ ухаалгаар зарцуулна” гэж тэр онцлов.

 

Рублийн ханш хэлбэлзэлтэй байгаатай холбоотойгоор Төв банк боломж гарах бүрд валют худалдан авч байна гэдэг нь нөөцийг бий болгож байна гэсэн үг юм. Бид үүнийг цаашид үргэлжлүүлэх болно гэж ерөнхий сайд хэллээ.

 

Чайкийн гэр бүлийн бизнесийг Навальный мөрдөн гаргасанд Медведев тайлбар өглөө

 

Алексей Навальный

Фото: Кирилл Каллиников / РИА Новости

 

Энэ ярилцлагын дунд сэтгүүлчид Оросын ерөнхий прокурорын гэр бүлийн хэргийн талаар хоёр ч удаа асууж амжлаа.

 

“Ийм мөрдөн шалгалт байсан, байх ч болно, хамгийн гол нь тэр бодит баримттай байх ёстой” гэж Медведев сануулав. Захиалгын шинжтэй, батлагдаагүй зүйлийг нийтлэн албан тушаалтнуудыг буруутгахаас сэргэмжлүүллээ.

 

“Тодорхой хүнд ял тулгаж байна гэж та нар хэллээ. Хэрэв бид ийм с системд байх юм бол сайндаа гучаад онуудын хэмжээнд очно” гэж тэр хэлэхдээ баталгаагүй матаасаар хүмүүсийг хэлмэгдүүлж байсныг сануулсан хэрэг. Ялыг зөвхөн хууль хяналтын байгууллага л хуулийн хүрээнд өгдөг гэдгийг тэр сануулснаар энэ асуудал дахин яригдсангүй.

 

Арванхоёрдугаар сарын 1-нд блогч Алексей Навальный өөрийн сайтад ерөнхий прокурорын гэр бүлийн бизнесийн талын мэдээллийг нийтэлсэн байлаа. Тэнд прокурорын хоёр хүүгийн талаар өгүүлжээ.

 

Медведев Египет, Туркт хориг тавьсныг засгийн явуулга гэж үзэхээс татгалзав

 

Фото: Дмитрий Лебедев / «Коммерсантъ»

 

Оросуудын хувьд Египет, Туркийн амралтын бүсүүд хаагдсаныг яав ч сайн зүйл биш гэж Дмитрий Медведев мэдэгдлээ.

 

“Энэ бол засгийн газрын зүгээс хийж байгаа явуулга, эрх баригчдын хорлонт үйлдэл биш юм. Энэ нь манай иргэдийн аюулгүй байдлын асуудал. Тийм ч учраас ОХУ-ын засаг захиргаа аюулгүй байдал, амралтын асуудал хоёрын сонголтыг хийхдээ аюулгүй байдлыг эрхэмлэнэ” гэж Медведев онцоллоо.

 

Барууны хог новшийг зөөхгүй байхыг ерөнхий сайд зөвлөв

 

Дмитрий Медведев

Фото: Екатерина Штукина / РИА Новости

 

Орос орон I Петр хааны үеэс баруунд нээлттэй байсныг дурдаад, тэндээс элдэв хог новш зөөх ёсгүй гэж тэр хэлэв. Засгийн газрын тэргүүний хэлснээр, Орост өөрийгөө тусгаарлан хаасан зүйлгүй аж. Мөн тэрээр Орост өөрийн гэсэн зах зээлийн эдийн засаг байгааг санууллаа. “Яах вэ, Хойд Солонгосын бидэнд санал болгож байгаагаас өөр зүйлыг бид авдаггүй. Бидэнд өөрийгөө тусгаарлах санаа, эрмэлзэл байхгүй. Хэн, хаана ч ажилласан бид орчин үеийн хүмүүс” хэмээн Медведев тайлбарлав.

 

Киев өрөө төлөхгүй байгааг залилан гэв

 

Дмитрий Медведев

Фото: Екатерина Штукина / РИА Новости

 

Украин Орост гурван тэрбум долларын өрөө өгөхгүй гэсэн санаа төрөөд байгаа гэж тэр хэлэхдээ, “найдлага хамгийн сүүлд үхдэг” гэсэн онц үгийг иш татлаа.

 

“Буцааж өгөхгүй гэсэн мэдрэмж надад байгаа, учир нь тэд луйварчид. Тэд мөнгийг буцаахаас татгалзсан. Харин манай барууны түншүүд бидэнд туслахгүй харин ч үүнд садаа болж байна” гэж Медведев хэлэв.

 

Москва үүнтэй эвлэрэхгүй. Шүүхээр заргалдан бүхий л үүргээр нь дефолт зарлуулна гэж тэр хэлэв.

 

Крымд тавьсан эрчим хүчний хаалтыг геноцид гэж нэрлэв

 

Фото: Виктор Коротаев / «Коммерсантъ»

 

Оросын ерөнхий сайд Дмитрий Медведев, Крымын эрчим хүчийг таслан хаасан Украины үйлдлийг хоморголон хэлмэгдүүлэлт гэж нэрлэв. “Украины эрх баригчид юу ч гэж ярьсан цахилгаан таслаж, гэрэлгүй болгосон нь хоморголон хэлмэгдүүлэлт гэхээс өөрөөр нэрлэх аргагүй” гэж тэр мэдэгдлээ.

 

Оросын ерөнхий сайд ярилцлагадаа албан тушаалтнууд үнэтэй машин унаж байгааг шүүмжлэв. Хэрэв нефтийн үнэ улам унахад Орос “В”, “С” гэсэн төлөвлөгөөнүүд бэлтгэснийг дуулгалаа. Цэргийн зардал нэмэгдсэнийг тэр бас хэлэв. Ингээд ирж буй 2016 оныг Оросын эдийн засгийн өсөлтийн жил гэж тэр нэрлэв.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна