Мандалынхан юу гэв?

2015 оны 12 сарын 10

Монгол Улс эдийн засгийн хямралыг хохирол багатайгаар давж гарах арга зам нь алтыг эдийн засгийн эргэлтэд оруулах явдал гэж гүйцэтгэх засгийн тэргүүн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр нэгэнтээ тодорхойлсон. Энэ дагуу Гацууртын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай асуудал УИХ-ын байнгын хороодын хуралдааныг давж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэх үед УИХ-ын зарим гишүүн Ноён уулыг төрийн хамгаалалтад авах тухай санал гарснаар Гацууртын ордтой холбоотой асуудлууд хойшлоод байгаа билээ. Төрийн иймэрхүү цалгар байдлыг гар аргаар алт олборлогчид буюу нинжа нар овжноор ашиглан стратегийн орд болох Гацууртад хууль бусаар алт олборлоод зогсохгүй дөрвөн хүн шороонд дарагдан хамрамсалтайгаар амь насаа алдсан, мөн Түнхэлийн хоёр иргэн нэгнийхээ амийг егүүтгэсэн хэрэг гарсантай холбогдуулан манай сурвалжлах баг Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл тосгон, Хэрх тосгонд ажиллан  “Гацууртын орд эдийн засгийн эргэлтэд орох нь зөв эсэх”, “Ноён уулыг төр хамгаалалтдаа авахдаа хэсэгчлэх үү, бүтнээр нь авах уу” гэх асуултыг нутгийн уугуул иргэдээс асууж, байр суурийг нь сонссон юм. Ийн ажиллаж явахад нутгийн уугуул иргэдийн 70 гаруй хувь нь Гацууртын ордыг нэн даруй эзэнтэй болгох, нинжа нараас үтэр түргэн салах арга байна уу хэмээн халаглаж байсан. Зарим иргэн  “Түмний нүдэн дээр эх оронч царайлан “Ноён уулаа аваръя” хөдөлгөөнийхөнтэй нэгдэн хашгирч явсан улс ч үүр шөнийн харанхуйг далимдуулан нинжа болсон талаар нэр зүстэй нь хэлж байсан юм.

Түнхэл тосгонд биднийг очиход, Дархан, Дорнод, Хөвсгөл, Улаанбаатарын дугаартай тээврийн хэрэгслүүд гудамжаар нааш цааш сүлжилдэн давхилдан, портер маркийн машины тэвшин дээр тав, арваараа суусан Ноён уулыг “дайлаар  мордох” зорилго бүхий нинжа нар бидэнтэй замд зөрсөн. Түнхэлийнхэн ч тэднийг анддаггүй юм билээ. Тэр бүү хэл өнгөрсөн есдүгээр сараас хойш Гацууртын ордоос хууль бусаар алт олборлосон нинжа нарын зарим нь 200 сая хүртэлх төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, үүнийг дуулсан ганц нэг хүн ажлаасаа хүртэл гарч Ноён ууланд амьдарч байгаа тухай иргэд баримт дурьдан өгүүлж байв.

Үүгээр зогсохгүй хууль сахиулах хүчний байгууллагынхны  нинжа нараас хураасан жижиг эд зүйл бүхэл бүтэн байшин дүүрсэн гэж сонсогдсон. Нөгөөтэйгүүр, Ноён уулаас нинжа нарын олборлосон алт улсад хэрэвзээ тушаагдсан бол ядарсан төсөвт боломжийн хэмжээгээр нэмэр болох байсан сан. Түүнчлэн, нинжа нарын ухсан 10 мянга илүүтэй нүхийг  хэн ямар хөрөнгөөр булах  бол гэгчлэн асуудал ар араасаа хөвөрч мэднэ. Ингээд нутгийн иргэдийн “Монголын мэдээ” сониноор дамжуулан УИХ-ын зарим гишүүн болон холбогдох яамны эрх мэдэлтнүүдэд хүргэсэн үгийг ямар ч засвар, найруулгагүйгээр дор нийтэллээ.

Н.Нямдаваа: Гацууртын ордын зөвхөн хамгаалалтад 50 сая төгрөг зарцуулж байна

/Мандал сумын Засаг дарга/

-Төрийн шийдвэрийг л харж байна. Орон нутгийн удирдлага бол Засгийн газрын шийдвэрийг гүйцэтгэх анхан шатны байгууллага шүү дээ. Тиймээс нутгийн захиргааны байгууллагын хувьд төрөөс гарах шийдвэрийг л хүлээж байна. Төсөв мөнгө хүндхэн энэ үед Гацууртын ордыг хувиараа алт олборлогчдоос хамгаалахын тулд нэлээд их хөрөнгө  зарцуулж байгаагаа нуугаад яах вэ. Өнөөдрийн байдлаар 50 сая орчим төгрөгийг Гацууртын ордын зөвхөн хамгаалалтад зарцуулж байх жишээний. Гэтэл 50 сая төгрөгөө орон нутагт дутагдалтай байгаа эрүүл мэнд, нийгмийн хамгаалалын салбарт зарцуулсан бол дээр байхсан. Гэвч төр шийдвэрээ өнөөдрийг хүртэл гаргаагүй л байна. Гацууртын ордыг ашиглавал ашиглана гэсэн шийдвэрээ гарга. Ашиглахгүй бол ашиглахгүй гэсэн шийдвэрээ гаргах хэрэгтэй.  Ашиглуулахдаа  тулбал хариуцлагатай техник эдийн засгийн үндэслэлээ хийлгэчихсэн, шинжлэх ухааны үндэслэлтэй дэвшилтэт техник технологи ашигладаг, хөрөнгө мөнгөний чадамжтай компанид ашиглуулах  нь зүйтэй. Түүнээс биш хэн нэг хүн, нинжа нартай бид ямар хариуцлага тооцох билээ.

Ц.Эрдэнэхүү: Үгүйсгэлээ гэхэд тэдгээр компаниудын алдагдлыг төлөх чадвар Монголын төрд байна уу

/Мандал сумын ИТХ-ын дарга/

-Өнөөгийн нөхцөл байдалд нэг өгүүлбэрээр шууд хэлчих боломжгүй. Миний хувьд иргэдийнхээ байр байдлыг ажиглаж, тэднийхээ санаа бодлыг тусгаж явах ёстой албан тушаалтан. Гэхдээ нэг хэсэг иргэд бус, нийт иргэдийг төлөөлөх үүрэгтэй. Одоогоор  эрх зүй, хууль зүйн хувьд Гацууртын ордын асуудал тодорхой болоогүй байна. Гэтэл “Ноён” уулын орчимд  ямар ч зах замбараагүй, дүрэмгүй амьдрал үргэлжилж байна. Дүрэмгүй гэхээр таны нүдэнд төсөөлөгдөж байгаа болов уу. Орон нутгийн удирдлагын хувьд ордыг хамгаалж, техник тоног төхөөрөмжийг нь хураах үүрэг даалгаврыг цагдаагийн байгууллагадаа өгч ажиллаж байгаа. Гэхдээ Мандал сумын цагдаагийн хэлтэс “Бороо гоулд”-ын хамгаалалтын хэлтэс биш гэдгийг энд тодотгож хэлье. Гэхдээ ингэхээс өөр аргагүй байдалд хүрсэн учир сумын цагдаагийн алба хаагчид  тэнд анхаарал тавьж ажиллаж байгаа юм. Хамгийн гол нь ямар үр дүн гарав. Эсвэл тэнд бүхэл бүтэн цэргийн анги байрлуулах шаардлагатай юу. Энэ асуултад хариулах хүн олдохгүй байна. Харуул хамгаалалтын төвшинд хамгаалж байгаа ч нөхцөл байдал ямар байгааг ИТХ-ын зарим гишүүдтэйгээ хамт очиж үзсэн. “Сентерра Гоулд”-тай холбогдуулаад маш олон лиценз “Ноён” ууланд байдаг. Тэдний асуудал яах билээ. Эсвэл бүгдийг нь үгүйсгэх юм уу. Үгүйсгэлээ гэхэд тэдгээр компаниудын алдагдлыг төлөх чадвар Монголын төрд байна уу. Тиймээс эхлээд төр засгийнхаа төвшинд шийдэх ёстой.

Ц.Оюунцэцэг: Ард түмний амьдрал дээшилнэ гэдэг талаас нь дэмжиж байна

/Мандал сумын гуравдугаар багийн иргэн/

-Миний хувьд Гацууртын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, ард түмний амьдралд хэрэгтэй зүйл хийнэ гэвэл зөвшөөрнө. Тэнд олборлолт явуулсан компани нь Монголд ашгаасаа өгөөд явна гэвэл болохгүй зүйл үгүй шүү дээ. Ард түмний амьдрал дээшилнэ гэдэг талаас нь би дэмжиж байгаа юм. Мандал сумын иргэдийн хувьд ажилтай, орлоготой л болмоор байна. Биднийг залуу байхад ажилгүй хүн гэж байдаггүй байлаа. Хүн бүр л амьдралынхаа төлөө ажил хөдөлмөр хийж, амьдралд дутагдах гачигдах зүйл байгаагүй. Одоо залуучуудад ажиллах ажлын байр алга. Дээр үед арьс шир, гутлын үйлдвэрүүд ажилладаг байсан. Одоо ч, гадны технологи нэвтрүүлж үйлдвэр байгуулвал залуучууд ажиллаж чадна гэж би хувьдаа боддог. Манай сумын хувьд чуулга, спорт зал, хүүхдийн ордон гээд сайхан барилга байгууламж олон бий. Бидний амьдралд дутагдаж, гачигдах зүйл алга. Гагцхүү залуучуудад ажлын байр л хэрэгтэй байна. 

Б.Баярбаясгалан: Нөхөн сэргээлтээ хариуцлагатай сайн хийвэл ард иргэд дэмжих нь гарцаагүй


/Мандал сумын хоёрдугаар багийн иргэн/

-Гацууртын орд руу нинжа нар ороод эхэлчихсэн байгаа талаар сонссон байх. Нинжа нар Гацууртын ордыг ухлаа гэхэд тэнд цөөхөн хэдэн хүний эрх ашиг л явж байна. Үүний оронд  Бороо Гоулд компани энэ ордод олборлолт явуулаад, Монгол Улс гурван сая ард иргэддээ ашигтай байдлаар зохицуулалт хийн хувь хүртээх байдлаар ашиглавал дээр юм болов уу гэж боддог. Гол нь орон нутаг шүү дээ. Хэдийгээр Монгол Улсын баялаг ч гэсэн, тухайн орд байрлаж буй орон нутгийн хүн амд ашигтай байдлаар зохицуулалт хийх хэрэгтэй. Байгаль орчны хувьд ч нинжа нар ухаад сэндийчээд хаячихна. Үүнээс гадна ухсан нүхэндээ унаж гэмтэх болсон. Нэг нэгийнхээ амийг хөнөөсөн хэрэг ч гарлаа. Цагдаа нар очоод хөөгөөд явуулдаг. Удалгүй буцаад л ирдэг. Ийм байдалтай л байгаа. Ингэсэн дор тухайн компани нь олборлолтоо явуулаад, эргээд  нөхөн сэргээлтээ хариуцлагатай сайн хийвэл ард иргэд дэмжих гарцаагүй. Нинжа нар яаж ч нөхөн сэргээлт хийж чадах вэ дээ.

П.Батсүрэн: Төр шийдвэрээ хурдан гарга


/Мандал сумын хэрх багийн иргэн/

-Гацууртын орд газрыг хувь хүмүүс ухаж, сэндийчээд байгаль орчин хэцүүдлээ. Гацууртын ордыг компани ашиглавал Бороо Гоулдаас Гацууртын орд хүртэл тавьсан замаар таван метр тутамд 60 тоннын ачааны машин явах юм гэнэ лээ гэж дуулсан юм байна. Хэрвээ үнэн бол бидний тариа будаа, ус, мал аж ахуйд яаж нөлөөлөх юм бол. Одоогоор шороон зам тавьсан байгаа. Тэр замын хоёр талаар тариалангийн   талбай  байрладаг. Засмал болгохгүйгээр ордыг ашиглана гэвэл 60 тоннын машинаас асар их тоос босно. Цаашдаа усгүй болж, тариалан сүйдвэл хэцүү л байна.Тиймээс төр шийдвэрээ хурдан гарга. Ажиллуулах юм ажлуул, эсвэл ухуулж, сэндийчүүлж байхаар хурдан хамгаалалтдаа ав. Байгалиа ингэж сүйдүүлмээргүй байна. Компанид хэрвээ ашиглуулвал нөхөн сэргээлтийг нь сайн  хийж, орон нутагт тодорхой хувь хүртээгээд, улмаар Зүүнхараа Эрдэнэт шиг хөгжилтэй болж чадвал хэрэгтэй. Ингэхгүй хэдхэн хүн алтыг нь ухаж аваад өөрсдөө баяжаад л байгаль орчин сүйтэгдээд ухсан нүх үлдээгээд явчихвал баларна. Тиймээс төр, засаг шийдвэрээ хурдан гаргах шаардлагатай байна. 

А.Төмөрбаатар: Нинжа нарт ч, компанид ч аль алинд нь энэ орд газрыг ухуулмааргүй байна

/Мандал сумын гуравдугаар багийн иргэн/

-Олон жилийн хугацаанд өвөг дээдэс минь хамгаалж, бидэнд үлдээсэн эх орны баялгийг ашиглах ашиглахгүй нь надад хамаагүй. Хамгийн гол нь хойч үед үлдээх юу байгаа юм бэ. Бид хойч үедээ юм үлдээх ёстой. Тийм учраас Гацууртын ордыг төр, засаг тусгай хамгаалалтдаа авах хэрэгтэй. Нинжа нарт ч, компанид ч аль алинд нь энэ орд газрыг ухуулмааргүй байна. Бороо гоулд компаний дэргэд нь би амьдардаг. Энэ компани ухаад хаясан ангал, нүхээ одоогоор хэнд ч үзүүлээгүй байгаа. Биднийг байнга аваачиж бохирын далангаа үзүүлдэг. Тэнд малаа хариулаад явдаг хүний хувьд би сайн мэдэж байна. Эх орон байдгаараа байж байг. Үр хойчид үлдээх юмтай байя. Гацууртыг ордыг ашиглалтад оруулбал хэдэн мянган залуу ажилтай болох юм билээ гэж хүмүүс ярьж байна. Үгүй ээ. Одоогийн залуус бэлэн мөнгө авахыг л бодохоос биш, юм хийе гэж хүсэхээ больж. Уурхай ажиллавал тэнд очиж ажиллаад л цалин авахыг хүсэх болжээ. 


Н.Энхтуяа: Эдийн засгийн эргэлтэд оруулаад орон нутгийнхаа хөгжилд хэрэгтэй зүйл хийсэн нь дээр

Description: http://resource.mminfo.mn/mminfo/photo/2015/12/273dbe38be5bb792/8d08a6bc35371817big.jpg
/Мандал сумын наймдугаар багийн иргэн/

-Онгон байгалиар нь төрийн хамгаалалтад авчихаасай л гэж боддог. Гэхдээ одоо тэнд янз бүрийн хүмүүс очиж газрыг нь сэндийчээд, хүн амины хэрэг хүртэл гараад байгааг нь бодвол эдийн засгийн эргэлтэд оруулаад орон  нутгийнхаа хөгжилд хэрэгтэй зүйл хийсэн нь дээр. УИХ гишүүд 10 хувийг нь суманд, 20 хувийг нь аймагт, 70 хувийг нь улсад зориулна гэж ярьж байсан. Тэртэй тэргүй нинжа нарын сүйтгээд байгаа газрыг эргэлтэд оруулаад хувь хишгээ хүртчихвэл нэг талаар зүгээр юм болов уу. Ажилгүй залуус нь ажилтай болоод, дээр нь орон нутаг хувь хишиг хүртчихвэл бидний амьдралд л хэрэгтэй байх. Сургийг нь сонсох нь ээ одоо тэнд нинжа нарын асуудал замбараагаа алдаж байгаа юм шиг байна билээ. Яах вэ, зарим нь хэдэн төгрөг олж байгаа байх. Манай сумынхнаас гадна Хөвсгөл, Дархан, Дорнод гээд олон аймгаас хүмүүс ирэх болсон. Бүр шорон оронгоос гарсан айхтар хүмүүс ч тэнд байдаг гэж ярих юм билээ.  Гацуурт нэлээд олон жилийн нөөцтэй мундаг том орд гэсэн. 10 хувийг нь орон нутаг хүртчихвэл цаашдаа сум маань улам бүр хөгжих байх. 

О.Содноо: Санаагаар болдог бол нинжа нарыг ч, компанийг ч аль алиныг нь болиулмаар байна

/Мандал сумын иргэн/

-Бороо гоулд компианий хувьд ярих юм байхгүй. Сайн ажилладаг. Ганц асуудал бий. Ашигласан орд газарт нь 50-100 метр гүнзгий хэдэн том нүх, ил задгай нуур  л үлддэг. Нөхөн сэргээлт хийж  байна л даа. Гэхдээ байгалийг онгон төрхөнд нь оруулна гэж хэзээ  ч байхгүй. Гацууртын ордыг ашиглавал Бороо гоулдын  үйлдвэр рүү зөөнө. Ингэхэд Бороо гоулдаас Гацуурт хүртэл тавьсан замаар тасралтгүй машин явна. Тэгэхээр Ноён уулын наагуур өвөлжиж, хаваржиж байгаа малчид, тариалан эрхэлж буй тариачид Бороо гоулдын сайжруулсан замын  хоёр талаар амьдарч байгаа. Сураг сонсох нь ээ 5-10 метр тутамд нэг машин явна гэж улсууд яриад байгаа. Үүнээс мэдээж тоос гарна. Тэгэхээр багаар бодоход замын хоёр талын 30-100 метр газар тариалангийн талбай, ургамал ногоо  тоосонд дарагдана. Тиймээс ухна гэхээр л тусгүй санагддаг юм. Санаагаар болдог бол нинжа нар ч, компанийг ч аль алиныг нь болиулмаар байна. Тэнд хүн амины хэрэг хүртэл гарсан шүү дээ. Их хэмжээний алтаа алдаад байгаа. Бороо гоулд 1000 га газрынхаа 400-д нөхөн сэргээлт хийчихээд, үлдсэнийг нь яагаад булахгүй байгаа юм бол. Байсан байдалдаа ортол нь нөхөн сэргээлт хийнэ гэвэл эдийн засгийн эргэлтэд оруулах бололцоо бий. Нүх ухсан нь үнэн, харин эргээд хариуцлагын хүрээнд ухсан нүхээ буллаа, дараагийнхыгаа ийм байдал л аваачина гэвэл дургүйцээд байх зүйл алга. Бороо Гоулд Их Таширт юу хийсэн түүний адил ажиллана гэвэл иргэд дургүйцэхгүй бүгд л зөвшөөрнө. 

Б.Пүрэвцэрэн: Ард түмэнд ашигтайгаар зохицуулалт хийвэл болохгүй гэх газаргүй

/Мандал сумын иргэн/

-Гацууртын орд ашиглалтад орвол Зүүнхараагийн ажиллах хүчний тоо нэмэгдэнэ гээд мэдээллийн хэрэгслээр их ярьж байна. Гэхдээ бодит байдал худлаа шүү дээ. Сум орон нутагт тоосжилт үүссэн ийм л дүр зурагтай байдаг. Өмнөговийг хараад байхад ч гэсэн. Ард түмэнд ашигтайгаар зохицуулалт хийвэл болохгүй гэх газаргүй. Өмнөх туршлагаас үзэхэд, ер нь хэрэггүй болов уу. Ер нь саналаа хэлэхэд, Сентерра гоулд компаний зүгээс иргэдэд мэдээлэл өгөх хэрэгтэй байна. Хэрвээ ордыг ашигласан тохиолдолд  Мандал сум, Түнхэл тосгоноос ийм тооны ажиллах хүч авна гэдгээ тодорхой тоон баримттайгаар мэдээлж өгөөч. Ажилгүй залуусыг сургахыг нь сургаад ажилд авна гэвэл дургүйцэх юу байх билээ. Миний хувьд мэдээлэл жаахан муу байгаа. Олон тооны нинжа Гацуурт руу нэвтэрлээ. Сүүлдээ бүр дөрвөн ч хүний амь эрсэдлээ гэж ярихыг сонссон. Үүний оронд  ордоо орон нутаг, улс эх орондоо ашигтай, эерэг байдлаар ашиглавал дэмжинэ. Харин яаж эргэхийг нь сайн мэдэхгүй байна. Уул уурхайгаа ашиглаж буй атлаа л ядуурал, ажилгүйдэл, орон тооны цомхотгол, нийгмийн хямралд улам бүр өртөх боллоо. Цөөн хүн ам, байгалийн баялаг ихтэй ч, Монголын хүн ам жаахан тиймхэн амьдарч байгаа нь үнэн. 

Ч.Ганболд:Ордыг ашиглахад бидний зүгээс эсэргүүцээд байх зүйл алга

Мандал сумын иргэн

-Үнэхээр улс оронд ашигтай гэвэл ордыг ашиглахад бидний зүгээс эсэргүүцээд байх зүйл алга. Харин хортой хүнцэл гэх бодисны талаар яригдаад байгаа. Ордыг ашигласнаар байгаль орчинд ямар хор нөлөөтэй юм бэ, тэр нь үнэн юм уу, хэн тэрнийг батласан юм бэ. Үүнийг мэдмээр байна. Хэрвээ үнэхээр хортой бодис ялгарах, байгаль орчинд сөрөг нөлөөтэй  юм бол түүн шиг хэрэггүй зүйл байхгүй. Эрдэмтдийн яриад байгаа шиг хортой бодис ялгарахгүй, булш бунхныг нь хөндөхгүйгээр ашигт малтмалыг нь олборлоод орон нутагт ашигтай байдлаар зохицуулалт хийж чадна гэвэл ард иргэдийн зүгээс эсэргүүцээд байхгүй. Хамгийн гол нь доороос нь саармагждаггүй  хортой бодис ялгарна гээд байгаа. Энэ үнэн бол огт хөндөж болохгүй. Тэр бодисыг саармагжуулж чаддаг болсныхоо дараа л олборлолт явуулах хэрэгтэй. Миний бодол ийм л байна. Үнэхээр ордыг зөв зохистой ашиглаж чадвал хоттой холбогдсон  замыг сайжруулж, цэцэрлэг сургууль барих, Гацууртын орд руу яваад байгаа нинжа нар гэж нэрлэгдсэн тэдгээр ажилгүй залуусыг ажил төрөлтэй болгоход анхаарч, ажлын байрыг их хэмжээгээр нэмэгдүүлэх хэрэгтэй болов уу гэж бодож байна. 

Н.Алтанжад: Нинжа нар ер нь бүх л зүйлийг баллаж байна

/Мандал сумын нэгдүгээр багийн иргэн/

Өвөг дээдсээс бидэнд өвлүүлэн үлдээсэн хамгийн их алтны нөөцтэй газар чинь Гацууртын орд. Би энэ нутгийн унаган хүүхэд. Нас сүүдэр эдүгээ 64 хүрч байна. Эрт дээр үеэс манай өвөг дээдэс тахин шүтэж хамгаалж ирсэн. Ер нь гадаадын компанид ашиглуулах нь буруу болов уу. Талбайгаа хайрлах нь л зөв байх. Нинжа нарын асуудал маш хүнд байна. Ухсан нүхнээсээ болж хоорондоо зодолдоно. Нэг нэгийгээ алж, хядаж байна. Хонь төхөөр гэвэл чадахгүй дээ. Ер нь зохион байгуулалт хэрэгтэй байна. Бүр болохгүй бол хамгаалалтаа чангатгаад нэг ч хүн оруулахгүй бүгдийг нь хөөж явуулах хэрэгтэй. Хамгаалалт гаргадаг. Тэр хүмүүс дунд нь халтуур хийж, хэдэн төгрөг авч талбай руу оруулдаг. Ийм асуудал бий. Нүх ухна. Түүнийгээ эргээд булна гэж байхгүй. Нинжа нар ер нь бүх л зүйлийг баллаж байна. Нэг нэгийнхээ амийг егүүтгэнэ, мал хулгайлна. Ухсан нүх рүү мал унаж үхээд байна. Бас байгаль орчныг ёстой  сүтгэж байна. Нэг талаар ордоо зөв зохистой ашиглабал ард түмний амьдралд хэрэгтэй. Ажилгүй залуус ажилтай орлоготой болно гэвэл зөв л дөө. Гэхдээ төрд байгаа хэд нь суудлаа олохгүй байгаа энэ үед ард түмэн бид тэдэнд итгэж чадахгүй юм. 

Н.Батбаяр: Нинжа нарыг сумын захиргаа дийлэхээсээ өнгөрсөн

/Мандал сумын иргэн/

-Хүннү Сүннүгийн үеийн түүхт Ноён уулын тодорхой хэсгийг улсын тусгай хамгаалалтад авсан нь зөв зүйтэй юм болов уу гэж боддог. Эдийн засгийн эргэлтэд оруулах нь сум, орон нутгийн хөгжилд хувь нэмэр болох нь мэдээж. Гэхдээ үүнийг дагаад олон компани давхар лиценз эзэмшээд өшөө их талбайг ашиглачих вий гэсэн болгоомжлол бий. Судлагдаагүй түүхийн дурсгалт газар бүхий эл ордыг улс хөрөнгөө гаргаад хамгаалаад хойч үедээ үлдээсэн нь зөв байх. Ноён уул орчмын бүсэд олборлолт хийж буй хувиараа алт олборлогч иргэдийг сумын захиргаа дийлэхээсээ өнгөрсөн. Хууль бусаар алт олборлогч иргэдийн хураагдсан эд зүйлсийг харахад нүдэндээ ч итгэмээргүй их. Мотор буюу цахилгаан үүсгүүр, молдог энэ тэрийг нь хураахад том байшин дүүрсэн гэж сонссон. Улс бодлогоор хөрөнгөө гаргаад тусгай хамгаалалтад авчихвал эрх биш иргэд төрийн хуульд захирагдаж, ухамсартай хандах болов уу гэж бодож байна. Түүнээс сум дангаараа нинжа нарыг дийлэхгүй нь тодорхой. Тусгай хамгаалалтад авсан нэрээр мотоциклтой хоёр байгаль хамгаалагч уулыг хамгаална гэвэл барахгүй. Нинжа нар маш хариуцлагагүй. Тэд хэзээ ч нөхөн сэргээлт хийхгүй. Сентерра гоулд Гацууртын ордыг ашиглаад эхэлвэл ажилгүй залуус ажилтай орлоготой болно гэж сонин хэвлэл, хурал зөвлөгөөнөөс сонсч л байсан. Үнэхээр тийм бол сайн л байна. Гэхдээ энэ нь хэр баталгаатай юм бэ. Засгийн газар шийдвэрээ гаргаагүй байхад бид ярих нь жаахан өрөөсгөл байх. Засгийн газар шийдвэрээ гаргаад Сентерра гоулдад ашиглуулна гээд шийдчихсэн тохиолдолд асуудлыг ярьж болно. Гэтэл шийдэгдэх шийдэгдэхгүй нь тодорхойгүй бүрхэг байгаа үед иргэд итгэл үнэмшилгүй байна. Тэгэхээр төр, засаг хурдан шийдвэрээ гарга. Төр, засаг шийдвэрээ хурдан гаргаагүйгээс л сөрөг үр дагаврууд гараад байна. Энд тэндгүй нүх ухаж, түүндээ унаж гэмтэхээс эхлээд хүн амины хэрэг хүртэл гарлаа. Төр тусгай хамгаалалтад авах юм бол тэр шийдвэрээ гарга. Үгүй бол Сентерра гоулд компанид хариуцлага энэ тэрийг нь хүлээлгэчихвэл хүмүүс ч заавал ухах гээд дайраад байхгүй. Орон нутгийн иргэд ч хэдэн залуус минь ажилтай болох болов уу гэж горьдож суух шаардлагагүй болно. Тиймээс төр, засаг л шийдвэрээ хурдан гарга. 

Ж.Алтанзаан: Булш бунхан хадгалагдаж буй тэр хэсгийг нь улсын хамгаалалтад аваад ордыг ашиглах нь зүйтэй 

Мандал сумын есдүгээр багийн иргэн

-Хүннү гүрний үеийн булш хадгалагдаж буй газар нь Гацууртын ордоос хол юм билээ. Тиймээс нөлөөлөх зүйл байхгүй. Тэгэхээр хүннү гүрний үеийн булш бунхан хадгалагдаж буй тэр хэсгийг нь улсын хамгаалалтад авч, харин Гацууртын ордыг ашиглаж, эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай байна. Улс орны эдийн засгийн байдал ямар байдалд байгаа билээ. Ард түмний амьдрал ч өдрөөс өдөрт доройтож байна. Ерөнхийдөө Монгол Улсын эдийн засаг уул уурхайгаас хэдийнэ хамааралтай болчихсон энэ үед Гацууртын ордоо зөв зохистойгоор ашиглаж, ард түмнийхээ ахуй амьдралыг дээшлүүлэх тал дээр ажилласан нь дээр юм биш үү гэж бодож явдаг хүний нэг. Суманд өсч төрсөн хүний хувьд мэдээж эх орноо ухаж сэндийчүүлье гэж хэн бодох вэ дээ. Гэхдээ нинжа нарын гарт ухаж сэндийчүүлж байсны оронд ном журмынх нь дагуу ашигласан нь зөв байх. Төр, засаг шийдвэрээ хурдан л гаргах хэрэгтэй байна. 

Б.Гантуяа: Тэртэй тэргүй ухаад эхэлчихсэн тул төр, засаг даруйхан шийдвэрээ гаргах хэрэгтэй


/Түнхэл тосгоны иргэн/

-Гацууртын орд руу нинжа нар дайрч эхлээгүй, ухаж сэндийчээгүйсэн бол төрийн тусгай хамгаалалтад авах нь зөв байлаа. Гэвч одоогийн байдалд нэгэнт  хууль бус, Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн хариуцлагагүй нинжа нарын гараар газар нутгаа сэндийчүүлж байсны оронд зохих ёсны компанид нь өгөөд эдийн засгийн эргэлтэд оруулсан нь дээр гэж бодож байна. Хувиараа алт олборлож байгаа бичил уурхай эрхлэгчид ч гэж ярьдаг тэдгээр иргэд бол нөхөн сэргээлт хийнэ гэж байхгүй. Алт олборлож, авахаа л бодохоос биш нөхөн сэргээлт хийнэ гэсэн ухаан тэдэнд байхгүй шүү дээ. Тиймээс Гацууртын ордыг ашиглаад Мандал суманд ажлын байр бий болгоод, орон нутгаас ажиллах хүч авч ажиллуулна гэвэл аль аль талдаа л хэрэгтэй. Тэртэй тэргүй ухаад эхэлчихсэн учир төр, засаг даруйхан шийдвэрээ гаргах хэрэгтэй байна. Хууль  бус алт олборлогчид аль хэдийнэ ороод эхэлчихсэн. Үүнийг хүн бүр л мэдэж байгаа. 

С.Бүжинлхам: Төр тусгай хамгаалалтад авсан нь дээр байх


Түнхэл тосгоны иргэн

-Нутаг усаа ухуулья гэж хэн бодох билээ. Ноён уулын орчим руу хувиараа алт олборлогч иргэд  орчихсон тухай хүүхдүүд ярихыг сонссон. Миний хувьд Ноён уулыг бүхэлд нь  төр тусгай хамгаалалтад авсан нь дээр байх гэж бодож байна. Үр хойчдоо юм үлдээсэн нь дээр байлгүй дээ. Ер нь зөвхөн алт ч гэхгүй. Энэ уулыг харахад л модыг нь юу ч үгүй тайрчихсан. Уул толгод нүцгэрчирсэн байгааг нь харах их хэцүү юм. Бид ч яах вэ цаг нь болоод яваад өгнө. Үлдэж хоцорч буй үр хойчдоо юм үлдээх хэрэгтэй байх. 

Х.Мөнх-Ундраа: Хортой бодис нь ялгарвал хэцүүдэх юм болов уу гэх болгоомжлол байна


/Түнхэл тосгоны иргэн/

Гацууртын ордыг төрийн тусгай хамгаалалтад авах нь зүйтэй гэсэн байр суурьтай байдаг. Ноён уулын ойр орчимд нутаглаж буй хүмүүс нь бид. Адаглаад гол усанд сөргөөр нөлөөлөх вий гэсэн болгоомжлол байна. 50 тонн алтны нөөцтэй гэж яриад байгаа Гацууртын ордыг ашигласнаар багаар бодоход 1000 орчим хүн ажлын байраар хангагдах боломжтой гэсэн зүйл яригдахыг сонсч байсан. Хамгийн гол нь тэр гүнд байгаа гэх хортой хүнцэл гэх бодис нь ямар хор уршигтай юм бол. Асар их уршигтай л гэж хүмүүс яриад байна билээ. Бид нарын хувьд тодорхой хэмжээгээр ашгаа хүртлээ гэхэд үлдэж байгаа үр хойч яах вэ гэж бодох юм. Түүнээс биш компани нь тэр бодисыг нь саармагжуулдаг бол саармагжуулаад олборлолтоо явуулаад улс орны эдийн засагт тодорхой хувь нэмэр оруулаад явбал хэрэгтэй л байна. Үнэхээр хортой бодис нь ялгарвал хэцүүдэх юм болов уу гэх болгоомжлол байгаагаа нуугаад яах вэ. 

Ц.Уранцэцэг: Эдийн засгийн хямрал нүүрлэсэн энэ үед  ордоо ашигласан нь зөв


/Түнхэл тосгоны иргэн/

-Уг нь байгаль орчноо хайрлаж хамгаалах нь зүйтэй. Ухуулахгүй гээд ярьцгаагаад байсан. Гэтэл одоо хүн бүр л хууль бусаар алт олборлоод эхэлчихлээ. Бүгд л Ноён уул орчмын нутгийг хамгаална, ухахгүй гэж ярьж байсан. Гэтэл ухаад эхэлчихсэн байна. Хүн бүр л мэдэж буй. Сураг сонсоход, газар газраас хүмүүс цуглаад наадам хийх гэж буй аятай л байна гэсэн. Очиж үзээгүй л дээ үнэнийг хэлэхэд. Хэн дуртайд нь ухуулж байсны оронд тодорхой хариуцлага хүлээх чадвартай компанид ашиглуулсан нь орон нутгийн иргэдэд хэрэгтэй байх. Шулуухан хэлэхэд, эдийн засгийн хямрал нүүрлэсэн энэ үед  ордоо ашигласан нь зөв шүү дээ. Ажил төрөлгүй залуус олон байна.  Эзэмшилт талбай руу халдаад байхад компани яагаад чимээгүй суугаад байгаа юм бол.

С.Шинжээ: Нинжа нар дийлдэхээ байсны дараа төрийн хамгаалалтад авья гэж байна


/Түнхэл тосгоны иргэн/

-Гадаад дотоодын олон жишгийг бид мэднэ. Уул уурхай дагаад байгаль орчин ямар хохирол амсдагийг бүгд мэдэж байгаа. Тиймээс нутаг усаа бодсон ч ухуулмааргүй байна. Хараа гол маань ямар байдалтай байгаа билээ. Уул уурхайгаас болж Хараа гол татраад олон асуудал үүсч байсан. Ноён уулыг ухуулахгүй гэсэн ч аль хэдийнэ нинжа нар ухаад эхэлчихсэн шүү дээ. Бороо гоулд техникээ буцаагаад татчихсан гэнэ лээ. Ноён уулын түүх дурсгал Гацууртын ордод  огт хамаарахгүй, Ноён уул хөндөгдөөгүй гэж хүмүүс яриад байгаа. Яг үнэндээ аль хэдийнэ хөндөгдчихсөн. Компани нь юм уу, хувь хүн нь юм уу сайн мэдэхгүй байна. Аль эртнээс л ухаж сэндийчээд эхэлчихсэн. Ноён уулаа аварья хамгаалья гээд зөндөө л хөдөлгөөн өрнөсөн. Яг үнэндээ хэн ч “тэнд алттай гэнэ” гэсэн  сураг сонсвол ирнэ. Ажлын байр байхгүй юм чинь ирэхгүй гээд яах билээ. Одоо дийлдэхээ байлаа. Бүх зүйл өнгөрсөн хойно төрийн хамгаалалтад авья гэж байна. Цагдаа нар нь очиж хамгаалалтад гараад, зарим нь хүн амьтан аваачиж ухуулаад л. Ийм тохиолдол олон байна. Би Зүүнхараа Түнхэл хоёрын хооронд үргэлж  ажилтай  явж байдаг. Зарим нь   машинаа  хураалгачихсан, зарим нь авсан жаахан шороогоо дээрэмдүүлчихсэн. Зарим нь шорон оронгоос гарч ирсэн гэж нэгийгээ дээрэлхэж, ахиухан авах гэж шуналтаж, нэгийгээ алсан тохиолдол хүртэл гарлаа шүү дээ. Малчин хүний хувьд ажлын байр шинээр бий болгож чадахгүй байгаа юм бол хувиараа алт олборлогч иргэдийг зохион байгуулалтад оруулвал яасан юм бэ. Хориотой бүсийг нь тогтоож өгөөд нинжа нарыг тэнд нь ажлын байраар хангаж өгч болдоггүй юм болов уу.  Улс тэднээс зохих хэмжээний татвар аваад явж болмоор  санагдах юм. Хамгийн гол нь  нөхөн сэргээлт. Сайн зохион байгуулж чадах юм бол нинжа нар ч нөхөн сэргээлт хийж чадна. Хийе бүтээе гэвэл уулыг ухаж, усыг гаргаж байгаа залуус хэнээс ч дутахгүй. Манайд хүртэл ажилгүй хүн байна. Аргаа барахдаа ногоо тариулаад, мал маллуулаад амьдарч байна. 

С.Зоригоо: Улсад ашигтай байвал бид дургүйцэхгүй


/Түнхэл тосгоны иргэн/

-Гацууртын ордыг ухаад эхэлчихсэн. Яг төрийн тусгай хамгаалалтад авсан нь дээр, эсвэл ашигласан нь зөв гэж үнэндээ хэлж мэдэхгүй байна. Хэрвээ зөв зохистой байдлаар ашиглаж, ажилгүй залууст  ажлын байр бий болгоод орон нутагт тодорхой хөрөнгө оруулалт хийж, улсад ашигтай байвал бид дургүйцээд байхгүй. Үнэхээр ажилгүй хүмүүс ажлын байраар хангагдаж чадаж байвал ард иргэдийн амьдрал, орон нутагт  хэрэгтэй. Орон нутгийн хувьд хоттой холбосон хатуу хучилттай зам тавьчихвал бидний амьдралд тустай байна. Манай сумын зам их муу. Иргэдийн ихэнх нь ажилгүй. Ер нь Бороогийн дарга нарын үгийг сонсох цаг болж. Тэд чимээгүй суугаа нь учиртай.

Р.Заяабат: Төр хамгаалалтдаа авах юм бол ав, ашиглуулбал ашиглуул


/Түнхэл тосгоны иргэн/

Гацууртын ордыг төрийн хамгаалалтад авах эсэх асуудлаар төр, засгийн төвшинд олон удаа ярилаа. Шийдэгдсэн зүйл алга. Хэрвээ Гацууртын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулбал  орон нутаг, ард иргэдэд, цаашлаад улс орны эдийн засагт хэр ашигтай байх юм бол. Тодорхой бус юм яригдаад байгаа. Тиймээс тэртээ тэргүй байгаа баялгийг байгаагаар нь хадгалсан нь дээр байх гэж боддог. Гэхдээ амьдрал  хэцүү байна. Ерөнхийдөө төр, засаг шийдвэрээ хурдан гарга. Төр хамгаалалтдаа авах юм бол ав, ашиглуулбал ашиглуул. Шийдвэрээ даруйхан гаргах хэрэгтэй. Хариуцах эзэнтэй тодорхой компани ашиглавал мэдээж хамгаалалтад авах байх. Тиймээс төр, засаг шийдвэрээ хурдан гаргаж, компанийн эсвэл улсын хамгаалалтад Гацууртын ордыг даруйхан авах шаардлага бий болсон. Нинжа нарт ухуулж, хүн амины хэрэг хүртэл гарсан. Ийм байдлыг миний хувьд  эсэргүүцэж байна. Эцэст нь төр шийдвэрээ маш хурдан хугацаанд гарга гэж хэлье. Олон сар яригдлаа. Яах вэ, амьдралаа залгуулахын тулд хүмүүс хувиараа алт олборлож буй. Гэтэл тэнд янз бүрийн гэмт хэрэг их гарах боллоо. Өнөөдрийн таван цаасны төлөө эрүүл мэндээрээ хохирсон олон хүн бий. 

Т.Нямдаваа: Зөв ашиглаж чадахгүй байгаа болохоор бидэнд итгэл алга


/Түнхэл тосгоны иргэн/

-Ашигласан ч юм байхгүй ингэж байлгаж байснаас төр шийдвэрээ гаргаж хурдан хамгаалалтаа аваасай л гэж боддог. Малын бэлчээр, гол горхи ч байхгүй боллоо. Монголчууд Эрдэнэтийн үйлдвэрийг 40 жил идээд бараагүй байгаа. Эрдэнэтээс хэд дахин том Оюу-Толгойн орд байна. Тэгээд бидний амьдралд өөрчлөгдсөн зүйл алга. Ядуурал, ажилгүйдэл нэмэгдэж байгааг нүдээрээ харж байна. Зөв ашиглаж чадахгүй болохоор бидэнд итгэл алга. Миний хувьд баялгаа хадгалж, үр хойчдоо үлдээх нь зөв. Үүний оронд залуус өөр ажил эрхлэх  хэрэгтэй  байх.  Томоохон үйлдвэр байгуулж, түүхий эдээ боловсруулах хэрэгтэй шүү дээ. Мал аж ахуй, газар тариалангийн түүхий эдээ гадагш түүхээгээр нь гаргаад байдаг. Үүний оронд үйлдвэр байгуулаад боловсруулаад  экспортловол эх оронд ашигтай болов уу. Ард иргэдэд бэлэнчлэх сэтгэлгээ сууж, хийж чаддаг зүйл ч байхгүй боллоо.  Төр төмөр нүүрээ гаргаад Ноён уулаа хамгаалалтад авч, хувиараа алт олборлогчдыг хөөвөл эрх биш хууль дүрэмд захирагдах болов уу. 

Ч.Алтанцэцэг: Төрийн хамгаалалтад өгөхгүй


/Түнхэл тосгоны иргэн/

-Төрийн хамгаалалтад өгөхгүй. Үнэнийг хэлэхэд төрд итгэх итгэл алга. Төрийн тусгай хамгаалалтад авна гээд олон жил ярилаа. Аль хэдийнэ ухаад эхэлчихсэн шүү дээ. Энд ч ухаж байгаа дуу нь сонстож буй. Миний хувьд төрд итгэхгүй. Үүний оронд Бороо гоулдад нь өгөөд ард түмэнд ашигтайгаар эдийн засгийн эргэлтэд оруулсан нь дээр гэж бодож явдаг. Ажилгүйдэл их, ард түмний амьдрал хүнд байна. Төрийн түшээд нь байдал ийм байгааг мэдэж байгаа ч юм уу үгүй ч юмуу. Тиймээс миний хувьд ард түмэнд ашигтай байдлаар зохицуулалт хийгээд компанид ашиглуулсан нь дээр  гэж бодож байна. Шийдвэр нь гардаггүй. Гэтэл нинжа нар хэдийнэ Ноён уулаа тойрдгоо тойроод ухаад дууслаа. Амьжиргааны төвшин нь жаахан тааруу, ажил төрөлгүй орон нутгийн залуус тийшээ явж байна. Тэндээ бүр бригад байгуулчихсан ашгийнхаа 50 хувийг нь амь насаараа дэнчин тавьж, ухсан нүх рүү орж, ажилласан залуустаа өгчихөөд үлдсэн 50 хувийг нь бригад авдаг жишиг хүртэл тогтсон гэж дуулсан. 

З.Алтмаа: Орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулбал цааргалах зүйлгүй


/Түнхэл тосгоны иргэн/

-Монголын ард түмэн бид л эх орныхоо баялгийг хайрлан хамгаалж, ашиг шимийг нь хүртэх ёстой. Асуудлыг нь сайн ойлгохгүй байгаагаа нуугаад яах вэ. Гадаадын компани ашиглаад хамаг алтыг нь гадагш гаргана гэж хүмүүс ярихыг нь сонсч байсан. Хэрвээ үнэн бол болохгүй. Гацуурт бидний, Монголын ард түмний өмч. Ордоо ашиглалтад оруулснаар орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулбал цааргалаад байх юм алга. Хамгийн гол нь Мандал сум, сумын ард түмний ахуй байдал нэгдүгээрт тавигдах ёстой. Наад зах нь залуус нь ажилтай төрөлтэй болох байлгүй. Ингэвэл түүн шиг хэрэгтэй зүйл алга. Манайх л гэхэд, хэдэн зээ нар маань их, дээд сургууль төгсөөд бүгдээрээ ажилгүй. Яаж амьдрах ухаанаа олохгүй яваа. Эгч нь 42 жил тогооч хийгээд тэтгэвэртээ суусан. Есөн хүүхэд төрүүлж өсгөсөн. Төр, засагтаа гомдож л амьдарч байна даа. 

Ц.Дашзэвэг:Төрийн буруутай үйлдлийн улмаас Гацууртын ордод “аллага” явагдлаа


/Түнхэл тосгоны иргэн/

-Энүүхэндээ гэж хэлэхэд Гацууртын орд маш их будлиан тарьж байна. Сүүлдээ “аллага” хүртэл явагдлаа. Дайсагнал явагдаж байна. Миний хувьд төр, засгийн буруутай үйлдлийн улмаас ийм байдал үүсчихлээ гэж дүгнэж суугаа. Яагаад вэ гэвэл төр, засаг шийдвэл шийдчих л хэрэгтэй. Гэтэл шийдсэн зүйлгүй олон сар ярилаа. Гацууртын ордыг ашиглуулаад эдийн засгийн эргэлтэд оруулья гэвэл шийдчих л хэрэгтэй. Үгүй бол хамгаалалтдаа аваад хамгаалсан шиг хамгаалаад өгвөл сайнсан. Компанийн ч өмч биш, төрийн нь ч өмч биш, өөх ч биш булчирхай ч биш, хамгаалалтгүй байлгаад байхаар ядарсан ард түмэн орохоос яахав. Гэтэл ухсан нүхнээсээ болж нинжа нар нь хоорондоо зодолдож, нэгийгээ гэмтээж, амийг нь бүрэлгэсэн хэрэг гарлаа. Үүнд  төр буруутай гэж би боддог. Хувиараа алт олборлогчид орон нутагт захирагдахгүй байна. Ордоо эдийн засгийн эргэлтэд оруулчихвал нэг талаар иргэдийн амьдралд хэрэгтэй. Тэтгэврийн хөгшид яах вэ. Улсаас хэдэн төгрөг авч, түүнийгээ хэдэн хүүхэддээ тараах маягаар амьдарч байна. Гацууртын ордыг шийдвэл шийдсэн шиг шийдчих хэрэгтэй. Компанид ашиглуулаад татвараа аваад явах нь нэг хэрэг. Үгүй бол хаасан шиг хаа. Хамгаалсан шиг хамгаал. Тэгэхгүй ард түмнийг хооронд нь битгий дайсагнуулаач ээ. Амьдрахын төлөө хэн ч явна. Явган нүцгэн хүмүүс хөөгдлөө гээд явж байх юм. Зарим нь очно гээд явж байх юм. Төр, засаг шийдвэрээ гаргаж чадаагүйн улмаас ард түмэн хоорондоо дайсагналцаж эхэллээ. Бороо гоулдад ашиглуулна гээд яригдаад байсан. За ашгүй, хэдэн хүн ажилтай болох нь гэж бодож байтал шийдвэр нь гарсан зүйл алга. Мандал суманд мэргэжилтэй ч ажиллах хүчин олон бий. Мэргэжилгүй ч ажиллах хүчин байгаа. Хүлээгээд байдаг байдаггүй. Гэтэл нөгөө компани нь манайд өгөхгүй юм чинь бид хамгаалаад яах вэ гээд хаяад явчихвал, хамгаалалтгүй газарт нинжа нар дураараа авирлана. Улс өөрөө хамгаалж чадахгүй. Тэгсэн атлаа хууль дүрэм ярина. Энэ бүгдийг зохицуулчих ухаантай толгой байдаггүй юм байх даа. 

Т.Хишигт: Одоо өнгөрлөө, хэдэн нинжа нарын гараар ороод дууслаа


/Түнхэл тосгоны иргэн/

-Гацууртын ордыг ашиглуулах хэрэгтэй гэж бодож байна. Одоо өнгөрлөө, хэдэн нинжа нарын гараар ороод дууслаа. Хулгайгаар хэдэн цөөхөн хүмүүс нь идэж баяжиж байснаас улс орон нь идэж байсан нь дээр байх. Энэ нь арай ард түмэндээ хэрэгтэй биз дээ. Зүүнхараагаас гадна Дархан, Дорнод, Баянхонгор гээд бараг 18 аймгаас хууль бусаар алт олборлогчид ирчихсэн байдаг сурагтай. Шоронгоос суллагдсан онц хүнд гэмт хэрэгтнүүд Гацууртын ордод оччихсон байдаг гэсэн. Ухсан нүхээ булаацалдсан ч юм уу манай Түнхэлийн хоёр иргэн нэгийгээ хөнөөсөн хэрэг саяхан гарсан. Нинжа нарын зарим нь хамаатан садныдаа амьдарч байхад зарим нь орой үдэшгүй л ирэх юм байна. Түнхэлийн  төвд гэхэд дорвитой хийсэн бүтээн байгуулалт алга. Хүний хийснийг үгүйсгэж болохгүй. Хийсэн юм бий. Гэхдээ хангалтгүй санагддаг. Тиймээс ордоо эдийн засгийн эргэлтэд оруулвал нутаг оронд хэрэгтэй юм болов уу гэж санах юм. 

С.Цэвээндорж: Яаж ч бодсон Гацууртын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, хөдөлгөх хэрэгтэй 


/Түнхэл тосгоны иргэн/

-Яаж ч бодсон Гацууртын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, хөдөлгөсөн нь дээр. Ноён ууланд судлагдаагүй түүхийн дурсгал олон бий. Гэхдээ түүнийг нь хайдаг, хамгаалдаг арга техник байдаг. Тиймээс Ноён уулын түүх дурсгалын олдвор бүхий хэсгийг нь улсын хамгаалалтад аваад Гацууртын ордыг хөдөлгөсөн нь зүйтэй гэж боддог. Бодвол Ноён уулын тэр хэсэгт нь хүннүгийн булш бий, энд нь харзны эх бий гэж ялгаж, заагласан зүйл байдаг байх. Тиймээс тэр хэсгийг нь улсын хамгаалалтад авдгаа аваад харин нөхөн сэргээлтээ сайн хийчихвэл болохгүй гэх газаргүй. Гацуурт компани ажилласнаар нутгийн ард иргэд ажил төрөлтэй болно. Ард түмний амьдралд хэрэгтэй. Гэтэл одоо бол Түнхэл, Зүүн хараа, Дархан, Сүхбаатар, өөр хаанаас ч гэлээ. Олон тооны нинжа нар ирээд зүгээр л ухаж, сэндийчээд хаячихаж байна. Хэдэн зуун нинжа нар байгаа сураг дуулдсан. Үүний оронд ном ёсоор нь ашигладагаа ашиглаад, хамгаалдагаа хамгаалах нь зүйтэй байх гэж хувь хүнийхээ хувьд боддог. 

Ш.Дамдиндорж: 21 аймгаас Ноён уулын ойр орчимд нинжа нар цуглачихлаа


/Түнхэл тосгоны иргэн/

-Нинжа нар Гацууртын ордыг ухаад эхэлчихсэн. Энэ чинь буруу биз дээ. Үнэхээр түүхийн дурсгалтай газрыг нь хамгаалалтад аваад стратегийн орд гэдгээр нь ашиглавал зүгээр байх гэж боддог юм. Гэтэл 21 аймгаас Ноён уулын ойр орчимд нинжа нар орогнох болж. Ер нь ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан нь зөв гэж бодож байна. Харин ашиг, татварынх нь тодорхой хувийг орон нутагт нь зориулаад явбал зүгээр. Орд ашиглалтад орсноор тухайн компани тодорхой хувийн татварыг төлөөд явах нь мэдээж. Харин тэр орлогыг нь орон нутгийн амьдралын төвшин доогуур иргэдийнхээ амьдралыг нь дээшлүүлэх, ажилгүй иргэдийг ажлын байраар хангах зэрэг тодорхой ажлуудад зориулах хэрэгтэй. Хүүхдийн цэцэрлэг, сургууль цэцэрлэгийн асуудал ч Монголд тулгамдсан асуудлын нэг болсон. Ноён уулын орчмын сайхан байгалийг нинжа нар сүтгэж дууслаа. Хэн дуртайд нь ухуулаад байх сонирхол алга. Тиймээс Гацууртын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан нь зөв гэж иргэн хүнийхээ хувьд бодож байна. 

Г.Эрдэнэцогт: Ноён уулыг бүхэлд нь төрийн тусгай хамгаалалтад авах хэрэгтэй


/Түнхэл тосгоны иргэн/

-Ноён уулыг бүхэлд нь төрийн тусгай хамгаалалтад авах хэрэгтэй гэж бодож байна. Энэ хавийн хүмүүс бүгд л ийм бодолтой байгаа байх. Одоо нинжа зөндөө байгаа. Сумаас хамгаалаад дийлэхгүй байгаа юм шиг байна билээ. Гацууртын ордыг ашигласнаар ажилгүй хүмүүс ажилтай орлоготой болно гэж дуулсан. Гэхдээ итгэж өгөхгүй байгаа. Худлаа биз. Төрийн тусгай хамгаалалтад авсан нь дээр байх. Ноён уулын орчимд ухсан нүх зөндөө. Нинжа нар нөхөн сэргээлт хийж чадахгүй шүү дээ. Миний хувьд төр хурдан шийдвэрээ гаргаж, тусгай хамгаалалтдаа авах шаардлагатай гэж бодож байна. Бас Гацууртынхан мэдээлэл өгмөөр байна. 

Ц.Нямдорж: Үнэхээр улс орны эдийн засаг хүнд хэцүү байгаа энэ үед Гацууртын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь мэдээж зөв шийдвэр


/Түнхэл тосгоны иргэн/

-Хаа сайгүй нинжа нар ирээд бөөн юм болж байгаа сураг дуулсан. Өөрийн нүдээр барааг нь хараагүй л дээ. Төрийн хамгаалалтад авах юм бол хурдан авах хэрэгтэй. Одоо нинжа нарт ухуулаад дууслаа. Үнэхээр улс орны эдийн засаг хүнд хэцүү байгаа энэ үед Гацууртын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь мэдээж зөв шийдвэр. Гэхдээ удирдаад, зөв зохистой зохион байгуулаад явах ухаантай түшээ, сайд төрд байгаа юм уу даа. Тухайн компани нь ажилгүй хүмүүсийг ажилд авна гэж хэлдэг атлаа цагаа тулахаар асар өндөр шаардлага тавьдаг. Орон нутгийн залуусыг ажилд авлаа гэхэд  удалгүй цомхотгочихдог ийм байдал ажиглагддаг. Үүний оронд байгалиараа байсан нь дээр байх. Байгалиа сүйтгэчихвэл ахиж сэргэхгүй. Нэг талаар үнэхээр ашигтайгаар хөдөлгөж, тэр нь эдийн засагт үр ашгаа өгвөл ард түмний амьдралд хэрэгтэй байна. Гэтэл  хэсэг бүлэг хүний гараар ороод дуусчихвал эцэстээ ард түмэн л хохироод үлдэнэ. Бороо гоулд нөхөн сэргээлтээ сайн хийнэ гэвэл иргэд дургүйцэхгүй. 

С.Чулуунбат: Гацууртын ордоос хувь эзэмшээд ашигласан нь зүйтэй


/Түнхэл тосгоны иргэн/

-Зарим хүмүүс орд газраа хойч үедээ үлдээе гэж яриад байгаа. Гэхдээ бидний хувьд Гацууртын ордоос тодорхой хувь эзэмшээд ашигласан нь зүйтэй гэж үздэг. Хэзээ ашиглана гэж хадгалах юм бэ. Ард түмэн ядуураад байдаг. Аль болгон алтан дээр суусан гуйлгачин байх юм. Зөв зохистой байдлаар ашиглаад явсан нь дээр. Бид ордоос хувь эзэмших ёстой. Баахан нинжа хүрч ирээд энд тэндгүй ухаж, сэндийчээд. Бүр хүн амины хэрэг хүртэл гарлаа. Ингэж байхаар компанид нь ашиглуулаад тодорхой хувиа эзэмшээд явсан нь дээр. Энэ бол ганц би биш Түнхэлийн иргэдийн бодол ийм байгаа. Эцэстээ “Хүргэн хүү” кинон дээр гардаг шиг зүйл болох вий гэхээс болгоомжилж байна. Хэдэн сайхан атаа зараад мөнгийг нь авдартаа хийгээд хадгалчихсан. Гэтэл түүнийг нь оготно юу ч үгүй идчихсэн байдаг. Үүнтэй адил Гацууртын ордоо ашиглуулахгүй гээд байдаг, эцэст нь хэдхэн нинжа ирээд ухаад сэндийчсэнийх нь дараа амаа барилтай биш. Хамгийн гол нь хууль дүрмийнх нь дагуу, зөв зохистойгоор эдийн засгийн эргэлтэд оруулах нь зөв. Гэхдээ орон нутгийн иргэд хувьд эзэмших ёстой гэж бодож байна. 

Р.Нямжав: Нинжа нарын гараар оруулж байснаас ашигласан нь зөв


/Мандал сумын гуравдугаар багийн иргэн/

-Миний хувьд Гацууртыг ордыг ашиглуулахгүй гэсэн байр суурьтай байдаг. Бидний өвөг дээдсийн тахиж шүтэж ирсэн хайрхнаа сүйдлүүлмээргүй л байна. Төр, засаг ашиглуулна гээд шийдвэрээ гаргавал одоо яах вэ дээ. Улсын бодлого өөр л байдаг байлгүй. Гацууртын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулбал бас ажилгүй залуус ажилтай орлоготой болно гэж хүмүүс  ярих л юм. Яг ашигтай байдлаар зохицуулалт хийгээд ажилгүй байгаа залуусыг үнэхээр ажилд оруулна гэвэл зүгээр байна. Бороо гоулдыг нөхөн сэргээлтээ сайн хийдэг гэж ярих юм билээ. Манайхан олон удаа очиж үзсэн. Ашиглахгүй гэж шийдвэр нь гарсан зүйлгүй. Нинжа нарын гараар оруулж байснаас хариуцлага өндөртэй компанид ашиглуулаад зохих хувиа аваад явбал улс оронд ч, орон нутагт ч хэрэгтэй байх. Одоо бороогийнхон дуугарах цаг болж.

Д.Жавхлан: Эдийн засгийн эргэлтэд оруулсан нь зөв


/Түнхэл тосгоны иргэн/

-Эдийн засгийн эргэлтэд оруулсан нь зөв. УИХ-ын гишүүн Гацууртын ордыг ашиглах гэж буй компани сумаас 100 ажилтан аваад сумын төсөвт тодорхой тооны хөрөнгө оруулалт хийнэ гэж ярьсан гээд хүмүүс яриад байна билээ. Яг биелэх эсэхийг нь мэдэхгүй юм. Гацууртын ордыг ашиглаад ажилгүй хүн ажилтай орлоготой болчихвол уг нь хэрэгтэй. Сентерра голд ийм зохицуулалт хийнэ гэвэл бидний зүгээс дургүйцээд байх шаардлагагүй. Нинжа нарын гараар  Гацууртыг дэмий сэндийчүүлж байхаар хууль журмынх нь дагуу эдийн засгийн эргэлтэд оруулсан нь зөв. Сум орон нутагт зам, цэцэрлэг гээд хэрэгтэй бүтээн байгуулалтын ажил их байна. Орон нутгийн сонгуулиар цэцэрлэг баригдах талаар яригдаж байсан. Хөрөнгө мөнгө нь шийдэгдээгүй юм уу, одоогоор баригдсан зүйл алга. Ажлын байрыг нэмэгдүүлэх асуудлыг нэгдүгээрт тавих хэрэгтэй. Модны аж ахуй дампуурах үед би ажилгүй болсон. Ажилгүй хүмүүс их байна. Гацууртын ордыг хөдөлгөх шалтгаан нь энэ. Сайд нар нь ч ирээд явах юм. Шийдсэн зүйл алга.

Б.Бямбадорж: Эдийн засгийн хувьд, ард иргэдийн амьдралд яаж нөлөөлөх вэ гэдгийг мэдмээр байна


/Түнхэл тосгоны иргэн/

-Ноён ууланд хүннүгийн үеийн янз бүрийн булш бунхан хадгалагдаж байгаа гэж ярих юм билээ. Ийм бол Гацууртын ордыг ашиглах нь буруу байх. Харин тэрхүү газрыг нь төр тусгай хамгаалалтдаа аваад ухаж, төнхөхгүйгээр зөвхөн Гацууртын орд газрыг нь ашиглана гэвэл боломжтой. Булш бунхан хадгалагдаж байгаа газар нь Гацууртын ордоос долоон км зайтай гэж сонин дээр гарсан байсан. Үнэн эсэхийг нь мэдэхгүй. Түүхэн дурсгалт газрыг нь хамгаалалтад аваад эдийн засгийн эргэлтэд орууллаа гэхэд орон нутагт ямар хаялга байх юм бол. Эдийн засгийн хувьд, ард иргэдийн амьдралд яаж нөлөөлөх вэ. Ашиглалт явуулах гэж компани өөрсдөө иргэдэд төдийлөн тодорхой мэдээлэл өгөлгүй төр засгийн шийдвэр гарахыг хүлээгээд байгаа нь бидэнд таалагдахгүй байгаа. Манайд ажлын байр их дутагдалтай. Эдийн засгийн эргэлтэд орууллаа гэхэд ард иргэд ажилтай болоод, орон нутгийн төсөвт тодорхой хувь нэмэр оруулна гэвэл бидний амьдралд хэрэгтэй. Дэмжинэ. 

К.Асгарбек: Ордоо үгүй хийж байснаас ашигласан нь дээр


/Түнхэл тосгоны иргэн/

-Миний хувьд эдийн засгийн эргэлтэд оруулсан нь дээр гэж бодож байна. Түнхэлд тулгамдсан асуудал маш их. Гаднаас маш олон хүмүүс ирж буй. Хүн амины ч хэрэг гарлаа. Ингэж байхаар хамгаалалтад авах хэсгийг нь улс хамгаалалтдаа аваад ашиглахыг нь ашиглаад явах хэрэгтэй. Түнхэлд амьдарч буй залуучуудын ихэнх нь ажилгүй. Ямар ч ажлын байр алга. Үүний оронд эдийн засгийн эргэлтэд оруулж, улсдаа хөрөнгө оруулалт хийсэн нь дээр байх гэж бодож байна. Үнэхээр энд тэндгүй гадны аймаг, сумдаас ирсэн нинжа нар бужигнах. Манай тосгоноос Ноён ууланд очсон хүн байхгүй. Ийм маягаар ордоо үгүй хийж байснаас ашигласан нь дээр байх л гэж хувь хүнийхээ хувьд боддог. Хамгийн үнэн тайлбарыг Сентеррагийнхан өгөх байх.

С.Мөнхтуяа: Орон нутгийн биш явуулын хүмүүс ирж ухаад байгааг эсэргүүцэж байгаа


/Түнхэл тосгоны иргэн/

-Би бол компанид ашиглуулаад орон нутагт тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт, татвар нь ороосой л гэж бодож байна. Түүнээс биш манай орон нутгийн биш явуулын хүмүүс ирж ухаад байгааг эсэргүүцэж байгаа. Үүний оронд эдийн засгийн эргэлтэд оруулсан нь дээр. Ном журмынх нь дагуу үйл ажиллагаагаа явуулдаг компаниар ашиглуулаад тодорхой хувийг  нь аваад үлдсэн нь зөв шийдэл байх. Ерөнхий сайд уг нь тийм даалгавар өгч байсан санагдаж байна. Тэрнээс хойш их удлаа. Ордоос болоод янз бүрийн хэрэг төвөг их гарлаа. Би малын эмч. Ноён уулын орчимд нинжа нарын ухсан нүхэнд олон мал сүрэг унаж үхэж байна. Өнгөрсөн жил ч мал үхсэн тохиолдол гарсан. Тэгээд ч нинжа нар нөхөн сэргээлт хийхгүй. Харин компанид хариуцуулчихвал арай найдвартай. Нөхөн сэргээлтээ хийх байх гэсэн найдлага л тавьж байна. Нинжа нар ухахаа л бодно. Түүнээс буцааж нүх сүвээ бөглөе гэж бодохгүй. Тийм учраас төр, засаг хурдан шийдвэрээ гаргаж, эзэнтэй болгочихоосой гэж хүсч байна. Удах тусам л байгаль орчин сүйрч мэднэ. Мод чулууг нь унагааж байна. Нинжа нар чинь шөнө л явдаг юм гэсэн. Байгаль дэлхий сөнөх эсэх нь тэдэнд хамаагүй. 

Б.Наранцацрал: Гацууртын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулбал зүгээр 


/Түнхэл тосгоны иргэн/

-Түнхэл, Мандал сумандаа ашигтайгаар Гацууртын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулбал зүгээр байна. Ордыг ямар нэг хариуцах эзэнтэй болгохгүй бол одоо замбараагаа алдаж, сүйд боллоо. Сентерра голд компани бол боломжийн. Дотроо   судалгаа   шинжилгээний бүхэл бүтэн баг ажиллаж байдаг болохоор найдвар тавьж байгаа. Орон нутагт ногдох ашиг нь сайн байвал зүгээр. Түнхэлчүүд бидний хувьд ажлын байрны асуудал тулгамдаж буй. Гацууртын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, орон нутагт тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийвэл юун түрүүнд ажлын байр бий болгох шаардлага бий. Компани Түнхэл, Мандалаас тодорхой тооны ажилтан авбал зүгээ байх л гэж бодож байна. Хамгийн чухал нь ажлын байр л хэрэгтэй. Орон нутгаас ажилчид түлхүү авбал сайн. Гэхдээ шаардлага нь их өндөр байдаг. Түнхэлээс сонгон шалгаруулалт хийгээд ажилгүй байгаа хүмүүсийг ажилд авна гэвэл ордоо эдийн засгийн эргэлтэд оруулсан нь хамгийн зөв шийдэл гэж боддог. 

Ш.Мөнхжаргал: Хурдан нэг тийш нь болгох хэрэгтэй


/Түнхэл тосгоны иргэн/

-Төр шийдвэрээ гаргавал гаргаад, түргэн арга хэмжээ аваач ээ. Монгол байтугай, дэлхий дахинаа асар их алттай гээд Гацууртын ордыг зарлачихсан. Үүнийг дагаад  Монголын 18 аймгаас нинжа нар ирж ухаад оготны нүх шиг болгочихлоо. Төр үнэхээр хамгаалалтдаа авдгийг нь аваад ашиглахыг нь ашиглах гээд байгаа юм бол хурдан нэг тийш нь болгох хэрэгтэй. Эсвэл ашиглахгүй гэвэл хамгаалалтаа түргэн авах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол нинжа нар гэж нэрлэгдээд байгаа хувиараа алт олборлогчид энд тэндээс ирж сүйд хийлээ. Ажил төрөлгүй бүх л хүмүүс алтны сургаар ирж байна. Энэ бишээ. Манай Түнхэлийн хоёр сайхан залуу энэ алт гэдэг юмнаас чинь болж, нэг нь шороонд булагдаж, нөгөө нь шоронд явлаа. Ноён уулаа аваръя гээд байсан хөдөлгөөнийхөн хаана байна. Засгийн газрын хэлэлцүүлгийн үеэр уриа лоозон барьж, цагаан хоолой хангинуулаад жигтэйхэн байсан. Гэтэл жинхнээсээ тал талаас цугласан нинжа нар Ноён уул руу дайрчихаад байхад хөдөлгөөнийхөн хаачив. Яг нарийндаа лоозон бариад жагсаад байсан улсууд өөрсдөө нинжа нарыг тэргүүлээд явж байна шүү дээ. Улс орноо бодвол өр ширтэй энэ хэцүү цаг үед нөөцөө ашиглах нь зөв байлгүй. Ямар ч тэнэг хүн авдраараа дүүрэн алт хийчихээд өрөндөө баригдан, хоосон хоноод сууж байхгүй нь лавтай. Өрөө Монгол Улс төлж л таарна. Төлөхийн тулд ордоо ашиглах хэрэгтэй. Тэгэхгүй хэсэг бүлэг хүн энд тэнд нүх ухаад алт олборлоод байна. Алт хаашаа очих вэ. Монгол Банкинд лав очихгүй. Төрд нэг ч хүн татвар төлөхгүй. Ухсан алтаа урт цагаанд аваачих тушаагаад тэр нь гадаад руу гарах нь тодорхой. Улс орны хувьд ямар ч ашиг байхгүй.

Т.Түмэндэмбэрэл: Ажилгүй, амьдрал хэцүү гэр бүл олон байна


/Мандал сумын гуравдугаар багийн иргэн/

-Нарийн цаад учрыг нь сайн мэдэхгүй. Гэхдээ энэ нутгийн иргэний хувьд газар нутгаа сэндийчүүлэхгүй байх юм сан л гэж бодож явдаг даа. Зарим хүмүүсийн  хувьд  нэгэнт л нинжа нарын гараар орчихсон юм чинь эхнээс нь зөв зохистойгоор Сентерра гоулд компанид нь ашиглуулаад тодорхой ашгийг нь хүртвэл дээр юм биш үү гэж үзэх нь бий. Үнэхээр ингэж чадвал мандалчуудын ажил эрхлэлт нэмэгдэнэ. Ажилгүй, амьдрал хэцүү гэр бүл олон байна. Мэдээж  залуус ажилтай орлоготой болж, орон нутаг хөгжинө гэвэл дургүйцэх хүн байхгүй. Хоёулаа ажилгүй, хүүхэдтэй болчихсон залуу гэр бүлүүд бий. Тиймээс зөв зохистой байдлаар баялгаа ашиглах тал дээр дарга цэрэг нь зөвшөөрч, шийдвэрээ гаргаж чадвал  бид нарт хэрэгтэй байна. Бас үгийн далимд хэлэхэд Сентерра гоулдынхан бидэнтэй уулзахгүй юм. Тэдний үгийг сонсмоор байна. 

А.Дуламсүрэн: Гацууртын ордыг ашиглуулсан нь дээр


Мандал сумын дөрөвдүгээр багийн иргэн

-Эдийн засгийн хямралтай энэ хэцүү цаг үед Гацууртын ордыг ашиглуулсан нь дээр гэж бодож байна. Гэхдээ хөдөө мал маллаж амьдардаг бидний хувьд цааш цаашдаа гол ус, байгаль орчин сүйдчих вий гэж айж байгаагаа нуугаад яах вэ. Түүнээс биш энэ хэцүү үед эдийн засгийн эргэлтэд оруулчихвал дээр санагдах юм. Хий дэмий газар газраас ирсэн хүмүүс хаа сайгүй ухаад сэндийчээд байгаа болохоор нэг бодлын ордыг ашиглуулчихмаар ч юм шиг. Ер нь хэцүү болоод байна шүү. Хамгийн гол нь хариуцах эзэнтэй, нөхөн сэргээлтээ сайн хийчих чадалтай компани олборлолт явуулах хэрэгтэй. Юун түрүүнд тосгонд маань төрийн байгууллагаас өөр томоохон ажлын байр, бүтээн байгуулалтын ажлууд хийгдвэл дээр л байна. Газар тариалан, мал аж ахуй эрхэлж амьдардаг бидний хувьд том тэжээлийн үйлдвэр ч байгуулж болно шүү дээ. Бид малын тэжээлээ Дарханаас, Улаанбаатар  хотоос хаа сайгүй газраас л чадах чинээгээрээ татдаг. Хүнцэл гээд аюултай бодисын талаар хүмүүс яриад л байх юм. Түүнийг нь сонсохоор айх  юм. Гэхдээ хариуцах эзэнтэй болчихвол хүнцлийн асуудлыг нь шийдвэрлэх байх гэж найдаж байна.  

Ш.Лхагвадорж: Нинжа нар ороод ухаж төнхчихсөн юм чинь эдийн засгийн эргэлтэд оруулсан нь дээр байх


/Түнхэл тосгоны иргэн/

-Төрийн хамгаалалтад авлаа гээд тэртээ тэргүй нинжа нар ороод ухаж төнхчихсөн юм чинь эдийн засгийн эргэлтэд оруулсан нь  дээр байх гэж бодож байна. Түнхэл тосгоны хувьд дэд бүтцийн асуудал, ажлын байрны асуудал тулгамдаад байгаа. Нөхөн сэргээлт огт хийхгүй нинжа нарт сүйтгүүлж байснаас хууль дүрмийнх нь дагуу үйл ажиллагаа явуулах компанид нь өгөөд улс орон тодорхой хувийг нь эзэмшээд явсан нь дээр гэж боддог. Ингэхэд яагаад орд газрыг ашиглах сонирхол бүхий компани чимээгүй суугаад байгаа нь хачирхалтай. Тэдний байр суурийг мэдмээр байна.Үнэн зөв мэдээлэл иргэдэд хэрэгтэй шүү дээ.

Л.Баярсайхан: Компанид ашиглуулсан нь зөв байх даа


/Түнхэл тосгоны иргэн/

-Компанид ашиглуулсан нь зөв байх даа. Улс нь ч хамгаалалтдаа авсан юм байхгүй. Ард иргэд ч эзэмшиж байгаа юм байхгүй. Ноён  уулын орчимд юу болж байгааг хүн бүр мэдэж байгаа. Өөрийнх ч биш, хүнийх биш хоёрын хооронд байлгаж байснаас эдийн засгийн эргэлтэд оруулсан нь зөв зүйтэй гэж бодож байна. Ард түмэн нь ашигласан ч юм алга. Хэдэн нинжа нар нь л ажиллаад хэдэн төгрөг олоод түүнийгээ архи дарсанд зарцуулчихдаг. Улмаар алтнаас болж зодоон нүдээн болж байна. Ер нь Түнхэлчүүд өөрсдөө алтаа авсан ч юм алга. Энэ тэндээс ирсэн атаманууд нь дээрэмдэж, зодож нүдэж байна. Үүний оронд эдийн засгийн эргэлтэд оруулсан нь дээр. Зохих хэмжээгээр орон нутаг нь ашгаа хүртээд түүнийгээ зам, барилга, бүтээн байгуулалтдаа зарцуулаад явж байсан нь зүгээр байх.  

Ц.Аюуш: Гацууртын ордыг ашигласан нь зөв гэж боддог


/Мандал сумын хоёрдугаар багийн иргэн/

-Гацууртын ордыг ашигласан нь зөв гэж боддог. Ингэхдээ төрийн мэдэлд авах хэрэгтэй юм болов уу гэсэн бодол байдаг юм. Одоогоор Гацууртын ордод газар газраас ирсэн нинжа нар цуглачихсан байна. Янз бүрийн л яриа, янз бүрийн санал онол гардаг. Миний хувьд Бороо гоулдын мэдэлд өгөх сонирхол үнэндээ алга. Би 1978 оноос эхлэн Бороо гоулдын ойролцоо орших Дөрвөн зунгаа гэх газарт тариалан эрхэлдэг болсон. Тэр газар нэг ч удаа тариалан алддаггүй сайхан талбай байсан. Гэтэл тариа тарих нь бүү хэл нуур далай болоод л дууссан. Үүнд эмзэглэж явдаг юм. Тиймээс Гацууртыг ч гэсэн ийм болгоод хаячих вий гэсэн болгоомжлол байна. Нэг талаар төр, засаг шийдвэрээ түргэн гаргаж, Ноён уул, Гацууртын ордоо хамгаалах хэрэгтэй байна.

Б.ДАВААХҮҮ, Б.ДӨЛГӨӨН

ЭХ СУРВАЛЖ: WWW.MMINFO.MN

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна