П.Өнөрбат “Warrior team” багт 50 мянган ам.доллараар очиж байна

2015 оны 12 сарын 10

Энэтхэг улсад 12 дугаар сарын 10-28-нд Мэргэжлийн бөхийн лиг /“Pro Wrestling League”/-ийн анхдугаар аварга шалгаруулах тэмцээн болох бөгөөд уг тэмцээний 74 кг-д “Хасу-Мегастарс” клубын бөх, ОУХМ П.Өнөрбат “Warrior team” багт 50 мянган ам.доллараар очиж байна.

Тус тэмцээнд зохион байгуулагч орны Дели, Пенджаб, Бангалор, Уттар Прадеш, Мумбай, Харьяна гэсэн 6 хотын баг оролцох юм. Тэмцээнд оролцох чөлөөт бөхийн баг тус бүр 18 халз тулаан хийнэ. Урьдчилсан шатанд баг тус бүр халз барилдаан хийж дараа нь шилдэг багууд нь хагас шигшээ, шувтаргын барилдаанд хоорондоо өрсөлдөнө. Баг бүр эрэгтэй 57, 65, 74, 97, 125 кг жингийн тав, 48, 53, 58, 69 кг жингийн дөрвөн бөх нийт есөн бөхтэй байна. Баг бүр халз барилдаан бүрт эрэгтэй, эмэгтэй тус бүр хоёр легионер бөх барилдуулж болох юм. Барилдаан тус бүр нь 3 минут бүхий 3 үе үргэлжилнэ, дундаа 30 секундын хоёр удаагийн завсарлагаатай байна. Тэмцээн болохоос сарын өмнө дээрх 6 клубын хооронд дуудлага худалдаа зохион байгуулж нэр бүхий гадаадын алдартай бөхчүүдийг багтаа авах боломжийг олгожээ. Тухайн бөхийн гаргаж байгаа амжилтыг харгалзан дуудлага худалдаанд нэр дэвшсэн бөх бүрийн гарааны үнийг 20 мянга ам.доллараас дуудсан байна.

Дуудлага худалдаанд АНУ, Армян, Беларусь, Гондурас, Гүрж, Иран, Куба, Монгол, Нигери, ОХУ, Узбек, Украин, Чили, Швед, Энэтхэг зэрэг 23 орны 160 бөхийн нэр дэвшүүлснээс 60 бөхийг сонгон шалгаруулжээ. Энэ 60 бөхөөс Гүржийн эрэгтэй, Украины эмэгтэй бөхчүүд бусад орны бөхчүүдээс илүү олноор шалгарсан байна. Дуудлага худалдаагаар эмэгтэй бөхчүүдээс 2015 оны дэлхийн аварга, Украины бөх Оксана Гергель 62.5 мянган ам.доллар, ДАШТ-ий хошой хүрэл медальт, Беларуссын бөх Василиса Марзалюк 61 мянган ам.доллар, дэлхийн 3 удаагийн аварга, АНУ-ын бөх Аделина Грей 56 мянга ам.долларын үнэ хүрчээ. Харин эрэгтэй бөхчүүдээс олимпийн наадмын хүрэл медальт, Энэтхэгийн бөх Йогешвар Датт 60 мянган ам.доллар, олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга Сушил Кумар 58 мянган ам.доллар, олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга, Гүржийн бөх Владимир Хинчегашвили 53.5 мянган ам.долларын үнэ хүрсэн нь дээд амжилт болов байна.

Энэ дуудлага худалдаагаар Монголын бөхчүүдээс 65 кг-д “Алдар” спорт хорооны бөх, гавьяат тамирчин Г.Мандахнаранг “Delhi Veer team” баг 20 мянга, 74 кг-д “Хасу-Мегастарс” клубын бөх, ОУХМ П.Өнөрбатыг “Warrior team” баг 50 мянга, 125 кг-д “Арслан” клубын бөх, ОУХМ Ж.Чулуунбатыг “Punjab team” баг 25 мянган ам.доллараар тус тус үнэлж авсан байна.

Д.ӨЛГИЙСАЙХАН (МЧБХ)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна