Хээнцэр вальсын аялгууг шинэ жилийн үдшээр сонсоорой

2015 оны 12 сарын 10

Зууны манлай эстрадын дуучин, гавьяат жүжигчин Б.Сарантуяа шинэ оныг угтаж, нэгэн шинэ уран бүтээлийг үзэгч фэнүүддээ өргөн бариад байна. Түүний энэ удаагийн шинэ уран бүтээлийн нэр “Сэтгэлийн вальс”. Энэхүү дууны үгийг Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Лхагвасүрэн тэрлэж, хөгжмийг Х.Мөнх-Ертөнц зохиожээ. Түүний энэхүү шинэ клипэнд “Ритм” бүжгийн клубийн бүжигчид оролцсон байна. “Ритм” бүжгийн клуб нь нийслэлд үйл ажиллагаа эрхэлж буй нийтийн бүжгийн клубүүдээс хамгийн том нь, тохилог гэдгээрээ алдартай юм. Тус бүжгийн клубт УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Гавьяат жүжигчин Ж.Жарантав, жүжигчин Л.Өлзийхүү зэрэг нэр хүндтэй уран бүтээлчид байнга очиж хичээллэдэг аж. Мөн гавьяат дуучин маань ч чөлөөт цагаараа тус бүжгийн клубийн идэвхтэй бүжигчний нэг гэнэ. Шинэ оны өмнөхөн бүтээсэн “Сэтгэлийн вальс” шинэ уран бүтээл нь нийтийн бүжгийн төрөлд ихээхэн хувь нэмэр оруулах бүтээл болсон тухай дуучин Б.Сарантуяа онцолсон юм. Ялангуяа Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуайн шүлэг үгийн урлагийг амилуулсан гэж байлаа.

Нүд нүдээ ширтэн оддыг хуйлруулж бүжнээ
Сэтгэл сэтгэлээ түшин уулс хөдөлтөл бүжнээ
Хэмнэл хэмнэл хэмнэл хээнцэр вальсын аялгуу...
хэмээн шүлэглэсэн нь бүжгийн урыг гайхалтай гаргаж, уран бүтээлийн онгод оруулахад их нөлөөлсөн гэж дуучин маань сэтгэл хөдлөн ярьсан юм.

Г.ТУУЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна