ОХУ, БНХАУ-ын тусламжийн зэвсэг, техникийг хүлээн авлаа

2015 оны 12 сарын 10

 

Батлан хамгаалах салбарт өчигдөр үйл явдал өрнүүн байв. ОХУ, БНХАУ-аас манай Зэвсэгт хүчинд үзүүлж буй тусламжийг хүлээн авах арга хэмжээ энэ өдөр болж өндөрлөсөн юм.

 

Эхлээд ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас манай Зэвсэгт хүчинд цэрэг-техникийн тусламжийн хүрээнд нийлүүлж буй зэвсэг, байлдааны техникийн зарим хэсгийг хүлээн авах арга хэмжээ өчигдөр Зэвсэгт хүчний 016 дугаар бригадад болсон. Арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа, БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, бригадын генерал Ч.Сосорбарам, БХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, хурандаа Д.Номт, Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар, Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын захирагч, бригадын генерал Л.Онцгойбаяр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов тэргүүтэй төлөөлөгчид оролцсон.

 

Орос Улс өнгөрсөн зууны эхнээс бидэнтэй цэргийн ойр дотно харилцаатай байж, зэвсэглэл техникээр төдийгүй Монгол Улс тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа олох, баталгаажуулах, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалахад цэргийн болон цэрэг-техникийн тусламж үзүүлсээр ирсэн дайчин уламжлалтай билээ. Өнөөдөр манай хоёр орон стратегийн иж бүрэн түншлэлийн харилцааг амжилттай хэрэгжүүлж байна.

 

Бид энэ жил Аугаа их Эх орны дайны ялалтын болон 1945 оны чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойг хамтарч тэмдэглэсэн, хоёр улсын зэвсэгт хүчнүүдийн хамтарсан “Сэлэнгэ-2015” сургуулийг ОХУ-ын нутагт амжилттай явуулсан бол өнөөдөр ОХУ-аас энэ онд хоёр дахь цуваа болгон ирүүлж байгаа байлдааны техникийг хүлээж авч байгаа нь хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа үйл явдлаар арвин байгаагийн жишээ юм. Монгол Улсад цэрэг-техникийн тусламж үзүүлэх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээр, Монголын зэвсэгт хүчинд зэвсэглэл, техник тусламжаар нийлүүлэх тухай БХЯ хоорондын 2008 оны гэрээний дагуу зэвсэглэл, техникийн нийлүүлэлт хуягт болон авто техник, агаарын довтолгооноос хамгаалах, нисэх, холбоо, галт хэрэгслийг аюулгүй болгох зэрэг олон чиглэлээр үргэлжилж байна.

 

 

Энэхүү арга хэмжээний үеэр Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон хэлсэн үгэндээ “Монгол Улс, ОХУ-ын цэргийн болон цэрэг-техникийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэхэд байнга анхаарч, Монгол Улсын Зэвсэгт хүчинд сэтгэл харамгүй тусламж үзүүлж байгаад ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Кужугетович Шойгу тэргүүтэй батлан хамгаалах, зэвсэгт хүчний удирдлагад гүн талархлаа илэрхийлж байгааг уламжлахыг эрхэм ноён Элчин сайд Искандер Кубарович Азизов Танаас энэ ялдамд хүсье. ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Цэрэг, агаарын цэргийн атташе Та бүхэнд мөн талархлаа илэрхийлье. Бид эдгээр байлдааны техникийг хүлээж авснаар манай Зэвсэгт хүчний зэвсэглэлийн чанарт дорвитой өөрчлөлт гарч байна” хэмээн онцолсон юм. Харин ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов хэлсэн үгэндээ "Манай улс 1968 оноос эхлэн Монгол Улсад цэргийн зориулалттай обьектуудыг барьж босгоход дэмжлэг үзүүлсэн. Түүнээс гадна цэргийн мэргэжлээр маш олон монгол цэрэг эрсийг сургаж төгсгөжээ. Одоогийн байдлаар Монгол-Оросын хамтын ажиллагаа нь 2004 оны Монгол Улсад үзүүлсэн буцалтгүй тусламж болох цэрэг-техникийн тусламж үзүүлэх тухай хэлэлцээрт болон 2014 оны Монгол-Оросын цэрэг-техникийн хамтын ажиллагааны дунд хугацааны хөтөлбөрт үндэслэн хөгжиж байна. Өнөөдөр Т-72 танкийг өгч байгаадаа баяртай байна. Энэ бол чухал үйл явдал. Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахад шаардлагатай байлдааны хэрэгслийг зөвхөн Оросын талаас нийлүүлж байгаа юм. ОХУ-ын зүгээс үзүүлж буй тусламж нь Монгол Улсын Зэвсэгт хүчний байлдааны чадварыг дээшлүүлэхэд тус болох бөгөөд нийлүүлсэн зэвсэг, байлдааны техникийг гагцхүү хамгаалалтын зорилгоор ашиглана гэдэгт итгэлтэй байна" гээд Т-72 танкний түлхүүрийг Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын алба хаагчдад ёслол төгөлдөр гардуулсан юм. Үүний дараа албаныхан буудлагын дадлага, сургуулилтын байдалтай танилцсан бөгөөд ОХУ-Монголын Зэвсэгт хүчний хамтарсан "Сэлэнгэ-2015" хээрийн сургуулийн үр дүнгийн талаар тус сургуулийн Монгол талын удирдагчаар ажилласан, Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын захирагч, бригадын генерал Л.Онцгойбаяр илтгэл өгсөн юм.

 

Дашрамд сонирхуулахад, ОХУ-ын Батлан хамгаалах яамны тусламжийн Т-72 танк 1980-аад онд үйлдвэрлэсэн, бөгөөд Оросын Зэвсэгт хүчин байлдааны дадлага, сургуулилтандаа энэхүү танкаа ашигладаг байна.

 

Үүний дараа БНХАУ-ын тусламжийн 13,0 сая юанийн үнэ бүхий 22 нэгж барилга зам инженерийн техникийн зарим хэсгийг нь Зэвсэгт хүчний 014 дүгээр ангид хүлээн авах арга хэмжээ болов. Мэдээж Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон тэргүүтэй БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Син Хайминь тэргүүтэй төлөөлөгчид оролцсон юм.

 

Монгол, БНХАУ нь эртний уламжлалт найрсаг харилцаатай бөгөөд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр улсын харилцаа хамтын ажиллагаа улс төр, соёл, боловсрол, худалдаа эдийн засаг зэрэг олон салбарыг хамран улам эрчимтэй хөгжиж байгаагийн зэрэгцээ 2014 оноос эхлэн хоёр улсын харилцаа стратегийн иж бүрэн түншлэлийн түвшинд дэвшин хөгжиж байна. БНХАУ-ын Засгийн газар, Батлан хамгаалах яамнаас манай Зэвсэгт хүчний шинэчлэлийг дэмжиж, жил бүр буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлж байдаг бөгөөд үүний нэг томоохон жишээ нь өнөөдрийн гардан өгч байгаа 13,0 сая юанийн үнэ бүхий 22 нэгж барилга зам инженерийн техник, хэрэгсэл юм. Монгол Улсын Батлан хамгаалах яам, БНХАУ-ын Батлан хамгаалах яам хооронд байгуулсан хэлэлцээрийн хүрээнд эдгээр багаж хэрэгсэл, машиныг өгч байна. Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонгийн урилгаар БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд манай улсад айлчлахдаа энэ асуудлыг шийдвэрлэсэн юм. Энэхүү арга хэмжээний үеэр Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон хэлсэн үгэндээ “Хятадын ардын чөлөөлөх армиас буцалтгүй тусламжаар хүлээн авсан замын техник хэрэгслүүдээр бид Монгол орныхоо хэрэгцээтэй газарт хүрч, зам, замын элементүүдийг барьж, байгуулж чадна. Зэвсэгт хүчинд шаардлагатай боловсон хүчин бэлэн байгаа. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Цэргийн төв зөвлөлийн гишүүн, Батлан хамгаалахын сайд хурандаа генерал Чан Ваньцюань тэргүүтэй төлөөлөгчид 2015 оны 10 дугаар сард Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, Монгол Улсын Батлан хамгаалах яам, БНХАУ-ын Батлан хамгаалах яам хооронд 40 сая юанийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан. Энэ тусламж нь Зэвсэгт хүчний зэвсэг, техникийн шинэчлэлд тодорхой дэмжлэг болох нь дамжиггүй. Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын батлан хамгаалах салбарын өнөөгийн харилцаа, хамтын ажиллагааг шинэлэг агуулгаар баяжуулж, үр өгөөжийг нэмэгдүүлэхэд эрхэм Элчин сайд Та, цэргийн атташегийн албаны оруулж буй хувь нэмрийг Батлан хамгаалах яамны удирдлага өндрөөр үнэлж байгаа билээ. Хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа цаашид улам өргөжин хөгжинө гэдэгт итгэл дүүрэн байна. БНХАУ-аас ирүүлж буй зэвсэглэл, техникийг дүрэм журмын дагуу ашиглаж хадгалж, дээрх зорилтыг биелүүлэхийн төлөө чармайж ажиллахыг алба хаагч бүхэнд үүрэг болгож байна” гээд техник, хэрэгслийн түлхүүрийг Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн захирагч, хурандаа Г.Батсүрэнд гардуулан өгсөн юм.