“Гэртээ харих зам” хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг баталлаа

2015 оны 12 сарын 10

Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат “Төлөвлөгөө батлах  тухай” А/942 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 187 дугаар тогтоолоор баталсан “Гэртээ харих зам” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөг баталлаа. Төлөвлөгөөний дагуу Гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийг тоолох, мэдээллийн сантай тулгалт хийх, мэдээллийн санг тодотгох, Сургуульд хамрагдаагүй хүүхэд, иргэнийг зохих шатны боловсрол эзэмшүүлж, сургууль, цэцэрлэгт хамруулах, Хөдөлмөрийн чадвартай иргэдийг "Цэвэрлэгээ, тохижилтын бригад"-аар дамжуулан нийтийг хамарсан ажилд оролцуулах, Хөдөлмөр эрхэлж, бие даан амьдрах чадвартай болсон иргэдийг байгууллагуудад хариуцуулж дэмжүүлэх, гэр бүлд нь нэгтгэх, өөрсдийн хүчээр хямд өртөгтэй орон байртай болоход нь дэмжлэг үзүүлэх зэрэг ажлыг зохион байгуулна. Мөн Хотын төв хэсгээр тэнэх, олон нийтийн газар байрлах, хонох, хооллох, гуйлга гуйхыг хориглох, Халдварт өвчтэй иргэдийг тусгаарлаж, албадан эмчлэх, Хүүхдээ тэнэмэл байдалд хүргэсэн эцэг эхэд Гэр бүлийн тухай хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх юм.  

“Гэртээ харих зам” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, мэргэжлийн удирдлагаар ханган ажиллахыг нийслэлийн Нийгмийн халамж, үйлчилгээний газарт, дүүргийн хэмжээнд хөтөлбөрийг хэрэгжүүлэх, уг үйл ажиллагаанд зарцуулагдах  хөрөнгийг жил бүрийн орон нутгийн төсөвт тусгуулж ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгов.

Хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн орлогч Ц.Буяндалайд даалгалаа.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна