Аутизмтай хүүхдийн эрх зөpчигдөж байна

2015 оны 12 сарын 10

Өнөөдөр хүний эрхийн өдөр. Монгол улсын иргэн бүр хуулиар олгогдсон эрхээ тэгш эдэлж, тулгамдсан асуудлаа гарган тавих, шийдвэрлүүлэх өдөр. Тэгвэл энэ өдрөөр дуу хоолой нь нийгэмд хүрч чаддаггүй, өөрсдөө ч үзэл бодлоо илэрхийлэх боломжгүй аутизмтай хүүхдүүдийн эрхийг хангах асуудлыг холбогдох байгууллагууд дэлгэн тавьж байна. Аутизм гэдэг нь товчхондоо тухайн хүний харилцах чадварт нөлөөлдөг эмгэг юм. Тархины чухал үйл ажиллагаа болох гадаад ертөнцийг таньж, мэдэж, ойлгох хэсгүүд гэмтэлтэй болохыг хэлнэ. Тэгвэл сүүлийн гурван жил Монгол Улсад аутизмтай хүүхэд нэмэгдэж, тэр хэрээр тэдний эрхийг хамгаалах асуудал хурцаар тавигдаж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар Аутизмын холбоонд 130 орчим хүүхэд энэ төрлийн эмгэгтэй гэж бүртгэгджээ. Гэхдээ үүний цаана бүртгэлгүй хэдэн хүүхэд бий гэдэг нь тодорхойгүй юм байна. Мэргэжлийн хүмүүсийн тооцоолсноор 100 хүүхэд тутамд нэг аутизмтай хүүхэд байдаг гэв. Гэвч Монгол Улс энэ нарийн тооцоог гаргах боломжгүй байна. Гол нь эцэг, эхчүүд, иргэд аутизмын талаар тодорхой ойлголтгүйн улмаас хожуу оношлуулж тухайн хүүхдийн хөгжих боломжийг нь удаашруулдаг байна.

Аутизмтай хүүхдийг оношилно, дараагийн асуудал эрт сургалтад хамруулж, хөгжүүлэх юм. Гол нь энэ асуудал дээр гацчихаад байгааг мэргэжилтнүүд учирлаж байна. Уг нь аутизмтай нь нэгэнт оношлогдсон бол яаралтай сургалтад хамруулж, хөгжүүлэх нь тухайн хүүхдийн ой тогтоолт, сэтгэн бодох чадварыг хэт удаашруулахаас сэргийлнэ. Аутизмтай нь оношлогдвол мэргэжлийн эмчийн заавар зөвлөгөөн дор, эцэг эх, асран хамгаалагч, мэргэжлийн багш нарын тусламжтайгаар сурч хөгжиж, нийгэмших чадварыг хөгжүүлэх учиртай. Гэвч бодит байдал дээр оношлогдсон хүүхдийг хөгжүүлэх боломж огт байхгүй байгааг салбарынхан дурдаж байна.

Монголд хэдийгээр оюуны бэрхшээлтэй хүүхдэд зориулсан гурван сургууль байдаг ч тэнд аутизмтай хүүхэдтэй харилцах мэргэжлийн багш, боловсон хүчин байдаггүй нь томоохон хүндрэл болдог гэж байна. Энэ нь эргээд аутизмтай хүүхдийн хөгжих боломжийг боогдуулж байгаа гэсэн юм. Тиймээс өнөөдөр тэдний тавьж буй гол асуудал нь аутизмтай хүүхэдтэй харилцах, дагнасан мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх нь энэ төрлийн эмгэгтэй хүүхдийн эрхийг хамгаалахад томоохон алхам болно гэдгийг онцоллоо.

БЭЛТГЭСЭН: Б.ЗОЛЗАЯА

ЗУРАГЛААЧ: Ц.АРИУНБОЛД

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна