Намын бүлгүүд завсарлага авлаа

2015 оны 12 сарын 10

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх байсан хэд, хэдэн чухал төслүүдээр УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр завсарлага авах гаргасныг ёсоор болголоо. Хуулийн төслүүдээр завсарлага авах болсон үндэслэлээ тэрээр УИХ ирцээ бүрдүүлэх ёстой. Мөн Ардчилсан намын бүлгийн нэр бүхий гишүүн МАН-ын гишүүдийн санаачилсан хуулийн төслийг хулгайлж, өргөн барьсан” гэж тайлбарлав.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Миний санаачилсан хуулийн төслийг ч мөн ийм замаар өөр гишүүн өргөн мэдүүлсэн байдаг. Гэхдээ ард түмэнд хэрэгтэй л хууль батлагдаж байвал болно. Орон нутагт томилолт авна гэхээр ирц бүрдэхгүй шүү гэдэг, Ардын намынхнаас болоод томилолтоор ч ажиллаж чаддаггүй боллоо. Төрийн ордонд суугаад байхаар  ирээч ээ, уулзаач ээ гэж байгаа. Ардын намынхан ч, Ардчилсан намынхан ч ард түмнээ хүндэтгэж ажилласан шиг ажлаа хиймээр байна” гэв.

УИХ-ын дарга З.Энхболд “Хуульд оюуны бүтээл гэж байдаггүй юм шүү, Н.Номтойбаяр гишүүн ээ” гэсэн тайлбар мөн хийлээ.

Үүний дараа УИХ дахь МАН-ын бүлэгт Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдээр тус бүр тав хоногийн завсарлага аваад байна.

Дараа нь чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх байсан ч УИХ-ын дарга З.Энхболд “Бид Н.Чинзоригийн боловсруулсан хуулийн төслийн бөөсийг түүх гэж суугаагүй. Маш их өөрчлөлт оруулах шаардлагатай хууль. Ерөнхий сайдтай би энэ талаар ярина, Засгийн газарт нь буцаана. Б.Гарамгайбаатар дарга завсарлагаа ав. Төслийг буцаана” гэв.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “МАН-ын бүлэг өөрсдийнхөө гаргасан саналтай холбоотойгоор хурал хийх оролдлого хийж байгаа нь буруу юм. Хөдөлмөрийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбоотойгоор маш олон санал орж ирснийг С.Дэмбэрэл гишүүн хэллээ. Орж ирсэн саналын зөрүүтэй саналын томъёоллыг төсөлд тусгах шаардлагатай тул буцаах хүсэлтэй байна. Ардчилсан намын бүлэг завсарлага авлаа” гэв.

Ийнхүү УИХ-д суудалтай нам, эвслийн бүлгүүд өнөөдөр хэлэлцэх бүхий л хуулийн төслүүд дээр завсарлага авч төрийн ажлыг гацаагаад байна.

Учир нь УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг үдээс өмнө хуралдаан эхэлсэн даруйд Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоох тухай УИХ-ын тогтоолын төсөл, Авлигатай тэмцэх, хариуцлага шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслөөр тус бүр ажлын тав хоногийн завсарлага авсан билээ.

Ийнхүү УИХ-ын чуулганаар хэлэлцэж буй асуудлын тодорхой асуудлаар УИХ дахь намын бүх бүлэг өөр өөрсдийн завсарлага авч, дараа дараагийн асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.

Г.ДАРЬ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна