Хүний эрх зөрчигдсөөр байгааг анхаарууллаа

2015 оны 12 сарын 10

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей улс орнууд нийтээр дагаж мөрдөх хүний эрх, эрх чөлөөний стандартыг тодорхойлсон  Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалыг 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр батлан, 1950 оноос энэ өдрийг “Хүний эрхийн өдөр” болгон тэмдэглэхийг уриалсан билээ. Энэ жил  энэ өдрийг дэлхий  нийтээр  “Бидний эрх, эрх чөлөө мөнх байг” уриатайгаар тэмдэглэж  байна.

НҮБ-ын гишүүн орны хувьд МУ-д хүний эрх, эрх чөлөөг хангах нь МУ-ын ЗГ-ын  үндсэн үүрэг бөгөөд төрийн үүрэг ачаанаас үүрэлцэж буй ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАГЧДЫН ЭРХ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ нь нэн тулгамдсан асуудал юм. Олон улсын хэмжээнд өөрийн болон хэн нэгний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, хохирлыг барагдуулахын төлөө тэмцэж байгаа хүн бүрийг хүний эрхийн хамгаалагч хэмээн үзэж, төрөөс тэдний аюулгүй байдал, үйл ажиллагааны баталгааг хангах ёстой хэмээн үздэг.

Харин манай улсад хүний эрхийг хамгаалагчдыг хамгаалах үүрэгтэй УИХ, ЗГ үндсэн үүргээ мэдэхгүй, хэрэгжүүлж чадахгүй байгаагийн улмаас тэднийг айлган сүрдүүлэх, заналхийлэх, дайрч довтлох, гүтгэх, хуурамч хэрэг үүсгэх, хорьж цагдах, ял шийтгэл оногдуулах, тэр ч бүү хэл амь насыг нь хохироох боллоо. Үүний тод жишээ бол байгаль хамгаалагч, биологич Төмөрсүхийн Лхагвасүмбэрэл бөгөөд тэрээр Монгол орныхоо нэн ховор амьтдын нэг болох ирвэсийн амьдрах орчныг уул уурхайн лицензийн талбайгаас хамгаалан тууштай тэмцсэнээр, гэмт хэргийн бүлэглэлийн удаа дараагийн шахалт дарамтад өртөж, учир битүүлгээр амь үрэгдсэнд хүний эрхийн  хамгаалагчид бид харамсч байна.

Иймд нийтийн эрх ашгийн төлөөх зорилго чиглэл бүхий ТББ-уудын төлөөллөөс бүрддэг Хүний эрхийн ТББ-уудын Форум, Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн хүний эрхийн хамгаалагчид энэ жилийн Хүний эрхийн өдрийг хүний эрхийг хамгаалагч гэж хэн болох, Монгол Улс дах хүний эрхийг хамгаалагчдын аюулгүй байдал, үйл ажиллагааны баталгаа ямар байгаа талаар өөрсдийн байр суурийг олон нийтэд хүргэх, ОУ-ы гэрээ тунхаглаар хүлээсэн ЗГ-ын үүрэг 1\ “Хүний эрхийн зөрчлийн хохирогчдын гомдлыг бодитой барагдуулах; 2\ Хүний эрхийн зөрчлийн гомдлыг шуурхай, хараат бусаар мөрдөн шалгах; 3\ Тунхаглалд тусгагдсан хууль ёсны эрх үүргээ хэрэгжүүлсэнтэй нь холбогдуулан хүний эрхийн хамгаалагчдыг хүчирхийлэх, заналхийлэх, өшөө авах, ялгаварлан гадуурхах, дарамтлах болон бусад дур зоргын ажиллагаанаас хамгаалаах бүхий л арга хэмжээ авах”ыг-заасан  ЗГ-ын үүргийг нь мэдүүлж, төрөөс хүний эрхийг хамгаалагчдын эрхийг баталгаажуулахыг шаардах зорилгоор “Бидний эрх, эрх чөлөө мөнх байг” сэдэвт нээлттэй цуглааныг зохион байгуулж байна. Тус цуглааны үеэр хүний эрхийг хамгаалагчдын аюулгүй байдал, үйл ажиллагааны баталгааг хангах эрх зүйн орчин бүрдүүлэх тухай  ЗГ-т хүргүүлэх Шаардлагад гарын үсэг цуглуулна.

Мөн түүнчлэн УИХ,  ЗГ-ын бодлого, үйл ажиллагаа хүний эрхэд суурилаагүйн улмаас хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхөд хүрч, улмаар ардчиллын хөгжилд ухралт гарах эрсдэл дагуулж  байгааг хүний эрхийн ТББ-ууд уриа, зурагт хуудсаар илэрхийлэн харуулах болно.

Нийтийн ашиг сонирхол, хүний эрхийг хамгаалагчдын амь нас аюулгүй байж, үр дүнтэй ажиллах эрх зүйн орчин бүрдүүлэх төрийн үүргийг Монгол Улсын Засгийн газарт сануулан ШААРДАХ БОЛНО.  

Хүний эрхийн хамгаалагчид


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна