Хумхаа өвчний эсрэг анхны вакциныг зөвшөөрөв

2015 оны 12 сарын 10

 

Шумуулаар дамжин халдварладаг денге хэмээх халуун хумхаа өвчний эсрэг анхны вакцины зөвшөөрлийг Мексикт авчээ. Денгваксиа /Dengvaxia/ нэртэй вакциныг гаргаж авахаар эрдэмтэд сүүлийн 20 жилийн турш ажилласан байна. Өдгөө тус вакциныг Латин Америк, Азийн 19 оронд зөвшөөрүүлэхээр ажиллаж байгаа аж. Вакциныг Парист төвтэй Санофи /Sanofi/ группын эрдэмтэд бүтээжээ. Денгваксиа нь денге өвчнийг үүсгэгч дөрвөн төрлийн вирусийн эсрэг үр дүнтэй тарилга болсон аж. Вакцин гарган авах ажилд нийтдээ 1.5 тэрбум еврог зарлагджээ.

 

Уг халдварт өвчин нь дэлхийн хүн амын тал хувьд аюул заналхийлдэг гэж үздэг байна. Денге өвчний халдвар шумуулын хазалтаар дамждаг тул Ази, Латин Америк, Африкийн олон оронд тархах өндөр эрсдэлтэй аж. Тухайлбал, Хавайд өдгөө денге өвчний 139 тохиолдол бүртгэгдээд байгаа гэнэ.

 

Денге өвчний халдвар хүнд ханиадтай төстэй шинж тэмдгээр илэрдэг боловч үхэлд хүргэх эрсдэлтэй байдаг аж. Жил бүр дэлхий дахинаа 390 сая хүн денге өвчнөөр өвдөж, нэг гаруй хувь нь нас бардаг гэсэн судалгаа гарчээ.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: BLOOMBERG

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна