МАН учир утгагүй завсарлага авлаа гэв

2015 оны 12 сарын 10

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өндөрлүүллээ. Тус хуралдаанаар УИХ Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 15 дугаар дүгнэлтийг хэлэлцэн хүлээн авах боломжгүй гэсэн шийдвэр гаргаж, бусад бүхий л асуудал дээр парламентад суудалтай намууд харилцан завсарлага авснаар энэ өдөр хэлэлцэх асуудлаа бүгдийг нь гацаалаа.

УИХ дахь Ардчилсан намын бүлэг Хөдөлмөрийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгаар, УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга эвслийн бүлэг Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоох тухай УИХ-ын тогтоолын төсөл, Авлигатай тэмцэх, хариуцлага шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслөөр тус бүр ажлын тав хоногийн завсарлага авсан юм.

Харин УИХ дахь МАН-ын бүлэг Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Олон улсын гэрээний тухай, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай зэрэг нийт найман төслөөр завсарлага авсан юм.

Завсарлагыг ийн “бөөндөж” байгаа шалтгаанаа УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр “УИХ-ын чуулганы ирцийг хуульд заасан хэмжээнд бүрдүүлээгүй, мөн зарим хуулийн төсөл дээр оюуны хулгай гарсан, мөн УИХ-аар Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэхгүй байгаа тул тодорхой тавьсан шаардлагынхаа хүрээнд завсарлага авч байна” гэсэн тайлбар хийв. Үүнд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “УИХ дахь намын бүлэг завсарлага авч болно, өнөөдрийн Ардын намын бүлгийн завсарлага учир утгагүй завсарлага боллоо. Тухайн оруулж ирсэн хууль ойлгомжгүй байвал ярьж хөөрөх асуудал байгаа. Зөвхөн Ардын нам завсарлага авна гэсэн байдлаар бүх асуудлыг байхгүй болголоо. Ард түмний хүсэн хүлээж байгаа сонгуулийн хуулийг хэлэлцэхгүй байгаа учраас завсарлага авч байна гэж хэлээд байна. УИХ дахь Ардчилсан намын бүлэг Ардын намын бүлгийн дарга, дэд даргатай хэд, хэдэн удаа уулзаж, зөвшилцсөн. Нэг талын саналыг хүчээр тулгах ажлыг хийгээд байгаа. Үүнээс болоод зөвшилцөл гацаж байгаа. Ардын намынхан өнөөдөр бас гудамжид жагсаж байгаа юм байна, энэ бол улс төрийг гутаан доромжилж байгаа хэлбэр. Ард түмэн тэнэг мангуу юу ч ойлгохгүй байгаа гэж ойлгож байх шиг байна. Албан тушаал болохоор Ардын намынхан энэ сандал ширээн дээр дүүлэн орж ирдэг. Гарц гаргалгаа гаргая гэхэд өнөөдөр ийм байдалтай сууж байгаа. Арванхоёрдугаар сарын 12-нд болох Бага хурлаар яаж нүүрээ улалзуулахгүй байх вэ гэдгийг хайж байна” гэсэн юм.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх бүхий л асуудлаар УИХ дахь нам, эвслийн бүлгүүд завсарлага авсан тул өнөөдөр үдээс хойш чуулган хуралдахгүй болж байна.

Г.ДАРЬ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна