Эрдоган гэж хэн бэ?

2015 оны 12 сарын 10

 

Режеп Тайип Эрдоганыг орчин үеийн Туркийг үндэслэгч Ататуркийн дараа орох алдартай хүн гэдэг.

 

Эрдоган 2014 онд Туркийн хамгийн анхны шууд сонгуулиар сонгогдсон ерөнхийлөгч болсон юм. Үүнээс өмнө тэрбээр тус улсын ерөнхий сайдаар 11 жил ажиллажээ.

 

 

Исламын боловсрол

 

Эрдоган 1954 онд төрсөн бөгөөд эцэг нь эргийн хамгаалагч байжээ. Хүүхдүүдээ сайн сайхан амьдралд хүргэхээр тэднийх Станбул руу нүүхэд Эрдоган 13 настай байв. Туркийн ерөнхийлөгч бага насаа Станбулын ядуу дүүрэгт өнгөрүүлсэн бөгөөд нимбэгийн шүүс, гүнждийн үр зарж эцэг эхдээ нэмэр болдог байжээ. Эрдоган Станбулын Мармарын их сургуулийг менежментийн чиглэлээр дүүргэхээс өмнө лалын шашны сургууль төгсжээ. Их сургуульд суралцаж байхдаа мэргэжлийн хөл бөмбөгөөр хичээллэж байв. Их сургуулийн жилүүдэд тэрбээр Нежметтин Эрбакантай танилцжээ. Нежметтин Эрбакан хожим Туркийн анхны лалын шашинт ерөнхий сайд болсон бөгөөд Эрдоганыг лалын шашинтнуудын хөдөлгөөнд татан оруулсан юм.

 

1994 онд Эрдоган Станбул хотын даргаар томилогдов. Түүнийг хотын дарга байх хугацаанд Станбул хот цэвэр, ногоон хот болсон гэдэг.

 

1999 онд Эрдоган олон нийтийн өмнө шашныг сурталдсан шүлэг уншсан хэргээр дөрвөн сар шоронд хоригдсон. Зия Гёкальпийн уг шүлэгт “Сүм бол бидний орон гэр, сүмийн ганжир бол бидний малгай, сүмийн бөмбөгөр орой бол бидний жад, итгэл үнэмшил бол бидний цэргүүд” гэж өгүүлдэг байна.

 

2001 онд Эрдоганы нам татан буугдахад Шударга ёс ба Хөгжлийн нам (AKP)-ыг байгуулж, жилийн дараа 2002 онд бүх нийтийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, ерөнхий сайдаар сонгогдсон.

 

Шашныг авран хамгаалагч

 

Өдгөө 61 настай ерөнхийлөгч Туркийг лалын консерватив улс болгохыг санаархсан, хэт туйлширсан бодлого барьдаг, тэрс үзэлтнүүдэд өршөөлгүй хандсан гэх шүүмжлэлээс тойрч чадаагүй билээ.

 

Түүний байгуулсан Шударга ёс ба Хөгжлийн нам (AKP) засгийн эрхэнд гарахаас өмнө шашны туйлшралаас нь болж Туркийн цэргийн эрхтнүүд Тайип Эрдоганыг улс төрд ороход нь дөрвөн удаа хориг тавьж байжээ. Харин 2013 онд Эргенеконы хэрэг буюу Шударга ёс ба Хөгжлийн намыг тараахаар үгсэн хуйвалдсан хэргээр армийн өндөр албан тушаалтай 17 хүнийг бүх насаар нь хорих ял өгснөөр Эрдоган саад болж байсан цэргийн эрхтнүүдээс ангижирсан юм.

 

Үүнтэй төстэй “Лантуу ажиллагаа” гэх хэргээр 2011 онд 200 гаруй цэргийн, тэнгисийн цэргийн болон нисэх хүчний албан хаагч, сэтгүүлч, шашингүй үзэлт улстөрчдийг шорон руу илгээсэн билээ. Режеп Тайип Эрдоганыг сөрөг хүчний улстөрчдийг замаасаа зайлуулахын тулд шүүх тогтолцоог ашигласан гэж буруутгаж байв. Харин Эрдоганыг Ататуркийн үндэслэсэн орчин үеийн Туркийг авран хамгаалагч гэж хардаг дэмжигчид нь алга ташин хүлээн авсан юм.

 

2013 оны зургадугаар сард Эрдоган Станбул хотод гарсан эсэргүүцлийн томоохон жагсаалыг хүчээр тараасан. Шударга ёс ба Хөгжлийн нам (AKP)-ыг лалын шашны хэт туйлширсан суурьтай гэж буруутгадаг тэрс үзэлтнүүд эсэргүүцлийн хөдөлгөөнийг бусад хотуудад дэвэргэж байв.

 

2013 оны арванхоёрдугаар сард Эрдоганы Засгийн газар авлигын томоохон хэрэгт орооцолдсон тухай шуугиан дэгдэж, олон хүн баривчлагдсаны дотор кабинетын гурван сайдын хүүхдүүд байсан билээ. Эрдоган авлигын хэргийг урвагчдын зохион байгуулсан гүтгэлэг гэж зарласан бөгөөд сөрөг хүчний лидер, Гюлен хөдөлгөөнийг үндэслэгч Фетхуллах Гюленийг буруутгасан. (Гюлен Турк-Монголын ахлах сургуулийг үндэслэсэн) Баривчилгаа явуулсан цагдаа нарыг ажлаас нь халж, Засгийн газрыг эсэргүүцсэн жагсаалыг хүчээр тарааж байв. Түүгээр ч зогсохгүй олон нийтийн сүлжээний эсрэг дайн зарлаж, Твиттерийг хаана гэж амласан билээ.

 

Эрдоган ийм дайчин чанарынхаа ачаар Туркийн олон баян, жижигхэн хотын иргэдийн дэмжлэгийг авч чадсанд гайхах зүйлгүй. Ард иргэдийн итгэл үнэмшлээ чөлөөтэй илэрхийлэх эрхийг дэмжиж, төр шашны хэргийг хольж хутгахгүй гэсэн түүний мессеж Туркийн алс бөглүү хотын дэмжигчдээс өндөр үнэлгээ авсан юм.

 

2013 оны аравдугаар сард Туркийн төрийн албан хаагч эмэгтэйчүүдийн толгойн алчуур зүүхийг хориглосон хоригийг цуцалсан. Үүнийг Туркийн нийгмийг исламчилж буйн шинж гэх шүүмжлэл гарсан ч тухайн үед ерөнхий сайд байсан Эрдоган “Лалын шашинт эмэгтэйчүүдийн хувцасны уламжлалт элементийг хориглосон хоригийг цуцалсан нь “нийгмийн тогтвортой байдлыг хангах” алхам гэж тайлбарласан юм. Эрдоганы эхнэр Эмине албан ёсны арга хэмжээнд заавал алчуур зүүдэг. Туркийн ерөнхийлөгч асан Абдулла Гулын эхнэр ч мөн байнга алчуур зүүдэг байсан.

 

Эрдоганыг гэр бүлээс гадуур завхайрахыг хуулиар хориглож, архигүй бүс байгуулна гэдэг амлалтаа биелүүлж чадаагүй гэж шүүмжилдэг. Анкара хотын захад, толгодын орой дээр барьсан Эрдоганы тансаг ордонг сөрөг хүчнийхэн нь авторитари сонирхлын сонгодог жишээ гэдэг билээ. АНУ-ын Цагаан ордон, ОХУ-ын Кремлийн ордоноос ч хавьгүй том, 1000 өрөө бүхий Ак Сарай буюу Цагаан ордны анхны үнэ 615 сая ам.доллар ажээ.

 

Хэвлэлийн баатар

 

Эрдоганы одоогийн имижийг бүрдүүлэхэд хэвлэлийнхэн чухал үүрэг гүйцэтгэсэн гэж болно. 2014 онд Туркийн ерөнхийлөгч эмэгтэй, эрэгтэй хүмүүс тэгш бус эрхтэй гэдгийг тунхаглаж байв. Тэрбээр “Эмэгтэйчүүд эрэгтэй хүнээс өөрөөр бүтээгдсэн. Тиймээс эрэгтэй хүний ажлыг хийж таарахгүй. Исламын шашны ёсоор тэдний хүрч болох хамгийн өндөр байр суурь бол ээж болох юм” гэж мэдэгдсэн нь эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгчдийн эсэргүүцэл, шүүмжлэлтэй тулгарсан билээ.

 

Үүнээс өмнө бас Америкийг Кристофер Колумбаас өмнө лалын шашинтнууд нээсэн гэсэн юм.

 

Эрдоганы улс төрийн амжилт нь Туркийн эдийн засгийн тогтвортой байдалтай шууд холбоотой юм. Турк улс аж үйлдвэр, экспортын гол төв болон хөгжиж байна. Инфляци 100 хувьд хүрч байсан 90-ээд оныг бодвол Туркийн засгийн газар инфляцийг хяналтандаа барьж байв. 2014 онд Туркийн эдийн засаг суларч, эдийн засгийн өсөлт 2.9 болтол буурч, ажилгүйдлийн түвшин 10% болсон.

 

Эрдоганы түрэмгий авир Туркийн гадаад харилцаанд урьд хожид байгаагүй шинэ үзэгдэл бий болгосон. 2009 онд Эрдоган Давосын уулзалтын үеэр Израйлын ерөнхийлөгч Шимон Пересийг чи хэмээн дуудаж, Газын зурваст зэрлэг балмад явдал гаргаж байгаад буруутгасан юм. /Туркт зөвхөн нохойг ингэж дууддаг/ Эрдоганы энэ үг үйлдэл Турк дэх дэмжигчдэд төдийгүй Арабын ертөнцөд хүрч, түүний нэр хүндийг багагүй өргөсөн билээ. Харин Эрдоганыг сайн мэддэг Туркууд үүнийг тоосонгүй.

 

Арабын ертөнцөд Арабын хавар хувьсгал шуурга шиг дэгдэхэд Эрдоган Сирийн ерөнхийлөгч Башар Ассадад реформ хийхийг уриалсан боловч цаадах нь хүлээж аваагүй. Хэрэв Ассад түүний үгэнд ордог байсан бол тэр реформ нь Эрдоганы санаачилсан “Лалын ардчилал” маягийн зүйл болох байв. Ассадыг нөгөөдүүлийн адил огцорно гэж таамаглаж байсан Эрдоган Сирид өрнөсөн бослого хөдөлгөөнийг намжаах гэж оролдоогүй харин Туркийн хилээр үерийн ус шиг орж ирсэн хоёр сая гаруй дүрвэгчдийг халуунаар угтан авсан билээ.

 

Эрдоган тэднийг хэдэн долоо хоногийн дараа эх орондоо буцна гэж таамаглаж байсан нь гарцаагүй. Гэвч тэгсэнгүй. Сири дэх бослого хяналтаас гарч, Туркийн хилийн орчим Курдын салан тусгаарлагчдын аюул бодитоор нүүрлэж эхэлсэн. Энэ үеэс ОХУ Ассадыг дэмжиж, Сирийн босогчдод агаараас цохилт өгч эхэлсэн билээ. Харин Турк Оросын онгоцыг буудаж унагасан нь Хүйтэн дайны үед ч төсөөлж байгаагүй гэнэтийн явдал болсон юм. Харин үүний үр дагавар нь Туркийн гадаад харилцаанд шинэ эринийг авчрах бололтой.

 

Н.ЭНХ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна