МАН-ынхан гүтгэж байна гэв

Хуучирсан мэдээ: 2015.12.10-нд нийтлэгдсэн

МАН-ынхан гүтгэж байна гэв

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Ё.Отгонбаяр, Д.Оюунхорол нар мэдээлэл хийлээ.

Өчигдөр буюу 2015 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдөр "МАН Цэцтэй хуйвалдан орон сууцны 8 хувийн зээлийг 20 болгууллаа” гэдэг мэдээллийг гарсан. Тиймээс энэ асуудлыг судалж үзэхэд Үндсэн хуулийн Цэц өчигдөр иргэн А.Базарын гомдлын дагуу 2015 оны аравдугаар сард дунд суудлаар шийдвэр гаргаад түүнийг нь УИХ хүлээж аваагүй тул Иргэний хууль, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн 13 тоот шийдвэр гаргасан юм байна. Иргэн А.Базар нь 8 хувийн зээлийн барьцаанд байгаа орон сууцаа иргэн хүн бусдад түрээслэх, дамжуулан түрээслэхдээ заавал банк санхүүгийн байгууллагаас зөвшөөрөл авч буй нь иргэний хувийн өмчийн эрхэнд халдсан байна гэсэн агуулгатай гомдол гаргаж Цэц хүлээн авсан байна. Улмаар өчигдөр Цэц уг иргэний гомдлыг Их суудлаараа эцэслэн хүлээн авчээ.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Цэц банкны зээлийн хүү хэд байхыг хэлэлцэж шийддэг газар биш. Хэрвээ Цэц зээлийн хүүг шийддэг газар юм бол одоо бүгдээрээ нийлж байгаад орон сууцны зээл хүүгүй байна гээд хандъя л даа. Мэдээж Цэц тийм шийдвэр гаргахгүй шүү дээ. Найман хувийн зээлтэй хүн арилжааны банктай байгуулсан гэрээнийхээ дагуу найман хувиа төлнө. Үүнийг 20 болгодог ямар ч хууль эрх зүйн орчин байхгүй. АН төрийн бүх эрхийг барьж байгаа. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд бүгд АН-ынх. Үндсэн хуулийн цэцийн бүрэлдэхүүнийг 2012 оны сонгуулийн дараа томилсон. Цэцийн хоёр өөр дүгнэлтийг хольж хутгаж, ийм арчаагүй, ядарсан аргаар улс төр хийхээ зогсоохыг эрх баригчдаас шаардаж байна" гэлээ.

Иргэн А.Базар зээлийн хүүгийн асуудлаар гомдол гаргаагүй, Цэц энэ талаар шийдвэр гаргаагүй. Нөгөө талаар 8 хувийн зээлийн орон сууцны хөтөлбөр нь Монгол Улсын Засгийн газар ба Монголбанк хамтран хэрэгжүүлж буй Засгийн газрын хөтөлбөр. Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч нь Засгийн газар, Монголбанк. Эдгээр байгууллагууд энэ хөтөлбөрийг зогсоосон, 8 хувийг 20 болгосон ямар нэгэн шийдвэр гаргаагүй байгаа юм. Өнөөдрийн УИХ-ын чуулганаар хэлэлцсэн Цэцийн дүгнэлт нь дээрх асуудлаас огт өөр буюу газрын барьцааг банк санхүүгийн байгууллага үл маргах журмаар хураан авч, дуудлага худалдаагаар зарах нь иргэний шүүхэд гомдол гаргах, шударга шүүхээр шүүлгэх үндсэн эрхэнд халдсан байна гэсэн огт өөр асуудал юм. Гэтэл Цэцийн хоёр өөр шийдвэрийг зохион байгуулалттайгаар хольж хутгаад, МАН зохион байгуулсан гэдэг гүтгэлэг тарааж байгаа нь Ардчилсан нам эдийн засгийг самарч, банк санхүүгийн байгууллагын зээлийн эрсдэл нэмэгдэж, зээл олголт хумигдаж, ард иргэдийн амьдрал, бизнесийн орчин хүндэрсний бурууг өөрсдөөсөө зайлуулах гэсэн башир арга боллоо гэж Монгол Ардын нам үзэж байна. Энэхүү зохион байгуулалттай гүтгэлгийг түгээсэн буруутай этгээдүүдийг хуулийн дагуу шүүхэд өгч, өөрсдөөр нь залруулга уучлал гаргуулах болно гэж гишүүд мэдээллээ.

Т.НОМИН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж