Орчин цагийн шөвгөрүүд

2015 оны 12 сарын 10

Коммунизмын үзэл суртлыг таниулан сурталчилж, магтан дуулсан зохиол, дуу, шүлэг, кино монголчуудын сэтгэхүйд өнөө хэр нь нөлөөлсөөр буй дүн өвлийн хүйтэнд “Намар нахиалсан мод” киног санагдуулам жагсаал болж байна. Лам банди нарыг гэгээрүүлэх гэж байсан ардын багшийг атгаг санаатай лам багшийн захиалгаар хорлосноо ухааран гашуудан уйлж буй эмгэнэлээр энэ кино төгсдөг.

-Улаан туг залуучууд хоёр ихэр юм

Уралдаан ялалт хоёрын нөхөр юм гээчийг энэ кинонд илүү далайцтай тусгахыг зорьсон биз ээ.

Харин тэр үеийн үзэл суртлын өнгө аяс өнөөгийн МАН-д нэвт шингэсэн хэвээрээ байгаа нь өнөөдөр болсон сонгуулийн санал тоолох машиныг эсэргүүцсэн жагсаалаас илт харагдав. УИХ-ын чуулганаар завсарлага авч байгаад сүр дуулиантайнхан хийсэн энэхүү жагсаал байгаа оносонгүй.

“Намар нахиалсан мод” кинонд шугамын радиог байнга буруу ном бурж байдаг амьтай, голтой гэж үзсэн Шөвгөр, Шагдар нар “хутгалж” хөнөөдөг. Түүн лугаа адил өнөөдөр МАН-ын тэргүүлсэн жагсаалд сонгуулийн санал тоолдог хар машин шатааж “балайрав”.

Одоо хэр нь тэд цахилгаан төхөөрөмжийг амьтай гэж “итгэдэг” хэвээрээ бололтой юм.

Эд зүйлст уураа гаргадаг мунхаг харчуул шиг ийнхүү амьгүй зүйлд ид бяраа гаргасан нь тэд асуудал ямар өнгөц хандаж байна вэ гэдгийг хэлээд байх шиг.
Сонгуулийн дүнг хар машинаар гаргах хуулийг өөрсдөө эрх барьж байхдаа батлан гаргачхаад цөөнх болмогцоо бурууг автомат машин руу чихэх нь үнэндээ эрүүл ухаантай хүнд ичгүүртэй үйлдэл санагдана.

Тэгээд зогсохгүй сонгуулиар ялагдсан хариугаа авч, олон түмний нүдэн дээр шатаах нь элэг аваад хаячих дөхөв.

Өнөө хэр нь орчин цагийн Шөвгөрүүд МАН-д байдаг бололтой.

МАН орон нутагт хөл сайтай байхдаа сонгуулиар тойргийн хороонд өөрсдийн хүмүүсийг түлхүү оруулж, саналын дүнд нөлөөлдөг байсан нь эдүгээ ил болсон энгийн зүйл. Үүнийг л зогсоох гэж, сонгуулийн дүнд хүний оролцоог багасгах гэж хар машинаар тоолуулдаг байсан. Харин тэрхүү машин нь үнэнч хэсгийн хорооны гишүүдийнх нь хийдэг шиг ажилласангүй. Үүнд л ихэд бухимдаж, боломж олдсон дээр нь урьдын өсөө авав бололтой.

Эрх баригчдад асуудлаа тавихыг оронд хар машиныг шатаалаа гээд хүүхдүүд хүртэл шоолж байна.

Ес эхлээгүй, хавар хаа ч байсан байхад хүмүүсийн “ёо-ёо” ийнхүү хар машин дээр илрэв. Хэцүүхэн хавар болох дог шүү.

        Л.ХАЛИУ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна