Парламент “ажил хаялаа”

2015 оны 12 сарын 10

Парламентад 26 суудалтай Ардын намынхан чуулганд гурван гишүүнээ суулгаж, дэд даргаараа завсарлага авахуулаад төрийн ажлыг гацааж орхилоо. Завсарлага авах болсон үндэслэлээ УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр чуулганы ирцийг хуульд заасан хэмжээнд буюу 50 хувьд хүргэх, УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-аар шуурхай хэлэлцэх зэрэг шаардлага тавьсан нь үнэндээ шалтаг л болохоос шалтгаан болох үндэслэл биш юм. Ийм “сценар”-ыг МАН-ынхан өнгөрсөн мягмар гаригаас эхэлсэн. Мягмар, Лхагва гаригийн байнгын хороодын хуралдааныг ирцээр “бойкотолж” хойшлуулсан сөрөг хүчний тоглолт чуулганы хуралдааны үеэр дахин тоглогдохыг эрх баригч хүчин тооцох л ёстой байсан. Гэтэл юу болов, тавьсан занганд нь өөрсдөө гүйж ороод Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр завсарлага авч хөгөө чирэх юм. Ингэхийн оронд ирцээ 100 хувь бүрдүүлээд 35 гишүүнээ суулгасан бол төрийн ажлыг гацаах боломжийг сөрөг хүчинд олгох байсан гэж үү.

Засгийн газраас дэвшүүлсэн томоохон бодлогууд өнөөдрийг хүртэл УИХ-д орж ирээд явахгүй болсон нь зөвшилцөл үгүй болсны л нотолгоо. Чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдэх байсан ч чадсангүй. Засгийн газарт хамтарч буй УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг дээрх асуудлыг нягтлах шаардлага байна гэж үзэн завсарлага авлаа. Гэтэл энэ төсөл байнгын хороогоор хэлэлцэгдэж эхэлснээс хойш хоёр сар гаруйн хугацаа болж буй. Энэ хооронд Шударга ёс эвслийн бүлэгт тодорхой мэдээлэл өгөөд, зөвшилцөөд явуулчхаж болсонгүй юу гэх асуудал хөндөгдөж байна. Ер нь дээрх эвсэл Засгийн газарт хамтарсан юм бол яагаад бодлогоо дэмжээд нэг ч гэсэн төслийг хэрэгжүүлэхийн төлөө зүтгэдэггүй юм бэ?. Засгийн газар луу хоёр ч удаа буцсан Гацуурт төсөл дээр Шударга ёс эвслийн бүлэг л завсарлага авч байлаа.

Долларын төгрөгтэй харилцах ханш чангарсаар 2000 төгрөгтэй тэнцлээ. Уул уурхайн томоохон төслүүд зогссоноос эдийн засагт орж ирэх валютын урсгал саарсан нь төгрөгийн ханшийг үнэгүйдүүлж байна. Ийм үед нэг ч гэсэн төсөл урагшилж, эдийн засгийнхаа урсгалыг тасалчихгүй байх нь чухал болохоос хууль тогтоогчдын бие биенээ дийлж гарах гэсэн ахархан улс төрийнх нь золиос болох ёсгүй.

Дээр нь УИХ-ын гишүүд ажлаа хийсэн шиг хийе. Товлосон цагтаа хуралдаа ирж, хууль тогтоох ажилдаа идэвхитэй оролцъё. Нэг нь Сонгуулийн хууль хэлэлцсэнгүй гэж “шантааж” хийдэг, нөгөө нь хэлэлцэхгүй гэж гэдийдэг хөгийн улс төрөөс чинь болж улс орон сүйдлээ. Өнөөдөр Ардын намынхан манлайлаад 21 намыг оролцуулаад жагсаалд гарлаа. Маргааш ард түмнээ гудамжинд гаргаад жагсах болж байна уу.

Эдийн засаг хүндэрсэн энэ үед жагсаал, цуглаанаас илүү гол, гол бодлогын хуулиудаа баталж, хямралыг зогсоох нь чухал байна.

Ажлаа хийж чадахгүй болсон бол эртхэн  тарчихсан ч дээр юм шиг. Завсарлагаар бойкотолсон ажил хаялт эцэстээ парламентын ажил хаялт болж хувирлаа.

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна