Уул уурхайн сайд Францын Элчин сайдыг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2015.12.10-нд нийтлэгдсэн

Уул уурхайн сайд Францын Элчин сайдыг хүлээн авч уулзав

Уул уурхайн сайд Р.Жигжид өнөөдөр БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Элизабет Барсакыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Уул уурхайн сайд Р.Жигжид БНФУ-д болсон эмгэнэлт үйл явдалд гүнээ харамсаж буйгаа илэрхийллээ.

Элчин сайд Э.Барсак Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНФУ-д хийсэн айлчлалын талаар онцлон дурдаад айлчлалын үеэр 7 хэлэлцээрт гарын үсэг зурсан талаар болон хоёр орны хамтын ажиллагаа улс төр, соёл, эдийн засгийн салбар өргөжин хөгжиж байгаа талаар онцлов.

Уулзалтанд оролцсон АРЕВА Монгол ХХК-ийн төлөөлөл цацрагт идэвхт ашигт малтмалын салбарт хамтран хэрэгжүүлэх гэж буй төслийн явц болон тулгамдаж буй асуудлын талаар танилцуулга хийв.

Уул уурхайн сайд Р.Жигжид Монгол-Францын хамтын ажиллагааны талаар дурдаад Монгол Улсын Засгийн газраас цацраг идэвхт ашигт малтмалын салбарт хэрэгжүүлэх гэж буй төсөлд ач холбогдол өгч буйг цохон тэмдэглэв. Төслийг хэрэгжүүлэхэд тулгамдаад буй асуудлыг хугацаа алдалгүй  шийдвэрлэх, харилцан ашигтай хамтран ажиллах зарчмыг баримталж хоёр тал орд ашиглах гэрээг хуулийн хүрээнд яаралтай байгуулахыг хүслээ. Уулзалт найрсаг, харилцан ойлголцсон байдалд болж өндөрлөв. 

Г.ХОРОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж