Ипотек аврагдсан уу?

2015 оны 12 сарын 10

УИХ-аас баталсан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлтийг Цэц гаргасныг УИХ өнөөдөр хэлэлцээд хүлээж авах боломжгүй хэмээн үзсэн. Ийм шийдвэр гаргахдаа УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд “УИХ Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулсан нь газрыг эдийн засгийн эргэлтэд оруулж иргэнээ өмчтэй болгох зорилго агуулсан. Зээлдэгч, барьцаалагч хоёрын хэн хэнийх нь эрх ашгийг хангасан. Ийм байтал Цэц ойлгомжгүй шийдвэр гаргалаа. Хэрвээ УИХ Цэцийн шийдвэрийг хүлээж авбал ипотекийн зээлийн хүү өсч болзошгүй байгаа” гэж тайлбарласан.

Нөгөө талаас Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо болон бусад санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл зэрэг байгууллагуудаас гишүүдэд бичиг ирүүлжээ. УИХ-ын даргын тайлбарласнаар “Цэцээс гаргасан шийдвэр нь моргэйжийн зах зээлийг явуулах боломжгүй болгож байгаа. Хэрвээ УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөд, ипотекийн системийг устгах гэж байгаа бол орон сууцны зээлийн хүүг буцаагаад хуучин хэвэнд нь оруулна шүү” гэсэн байна.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна