Эрүүл мэндийн салбарт хүний эрх зөрчигдөх нь ихэсчээ

2015 оны 12 сарын 10

Сэтгүүлч:
Улаанбаатар

Жил бүрийн 12 дугаар сарын 10 “Олон улсын хүний эрхийн өдөр” тохиодог. Тус өдрийг тохиолдуулан өнөөдөр Хүний эрхийн үндэсний комиссоос мэдээлэл хийлээ. Сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн салбар, сэжигтнийг цагдан хорих, хоригдох ажиллагаанд хүний эрх ихээр зөрчигдөх болжээ. Жишээлбэл, Монгол Улсын бүх шатны эмнэлгээр яваад өвчнөө эмчлүүлж чадаагүй эмэгтэй тус комисст гомдол гаргажээ. Тэрбээр “Олон жил үзүүлээгүй эмнэлэг, оношлуулаагүй эмч гэж байгаагүй эцэст нь хорт хавдартайгаа мэдсэн. Улмаар урд хөрш рүү очиж эмчлүүлэх гэтэл эмчилгээгүй болсныг мэдэгдсэн. Монгол Улсынхаа эрүүл мэндийн салбарт итгэж, уйгагүй өвчний оношоо тодруулах гэж хөөцөлдөхөд 77 сая төгрөгийг зарцуулсан. Гэтэл эцэст нь удаан хугацаанд амьдрах боломжгүйгээ мэдсэн. Хэрэв Монголын эмнэлэг, эмч нар өвчнийг минь эртхэн зөв оношилж, мэдсэн бол хавдраа эмчлэх боломж надад байсан. Иймээс шүүхэд дээрх гомдлоо барагдуулах гэж нэхэмжлэл гаргасан. Гэтэл шүүх гомдлыг хэлэлцээд 10 сая төгрөгийг л барагдуул гэсэн шийдвэр гаргалаа. Үлдсэн 67 сая төгрөгөө барагдуулж, эрхээ сэргээлгэмээр байна” гэсэн байна. Энэ гомдол гаргасан эмэгтэй зөвхөн эрүүл мэндийн үйлчилгээ авах гэж эрхээ зөрчүүлдэг иргэдийн нэг төлөөлөл гэж ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж ярилаа. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ч асрамж үйлчилгээ дутагдалтай гэсэн гомдол гаргадаг байна.

Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд зааснаар сэжигтнийг хорьж, мөрдөх хугацаа 24 сар, шаардлагатай тохиолдолд 30 сар байдаг. Хэрэв сэжигтнийг хорих хугацаа 30 хоногоос хэтэрвэл хууль зөрчсөн, хүний эрхэд халдсан гэж олон улсад үздэг байна. Гэтэл манай улсын хууль хяналтын байгууллагууд хуульд заасан дээрх хугацааг хэтрүүлэх тохиолдол нэмэгдэх болсон. Үүнтэй холбоотой гомдол их гарах болжээ. Мөн хорьж, мөрдөх хугацаанд сэжигтнийг шүүх дээр байцаагдаж буй хоног, өдрийг нэмж оруулдаггүй нь Монгол Улсын НҮБ-ын хүний эрхийн конвенцэд нэгдэн орсон бүх гэрээ, журмыг зөрчдөг байна. Гэхдээ манай улсын цагдан хорих ангиуд олон улсын стандарт, жишигт нийцсэн тогтсон температур, дулаантай, халуун хоолтой аж. Энэ нь сэжигтнээр татагдаж, хоригдсон иргэдийн эрүүл мэнд хорих ангиас болоогүй гэдгийг нотлох баримт. Хэдийгээр сүүлд баривчлагдаж, хоригдож буй улс төрийн албан тушаалтнуудын эрүүл мэнд муудсан нь, шаардлагатай эмчилгээг хийлгэдэггүй нь хүний эрхийг нь зөрчсөн асуудал гэж ар гэрийнхэн нь гомдол гаргадаг ч, энд эрх зөрчигдсөн асуудал яригдахгүй гэдгийг ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг тайлбарлалаа.

Дээр дурдагдсанчлан хүний эрх зөрчигдсөн 660 орчим гомдол ХЭҮК-д иржээ. Гомдол бүрийг хянан үзэж, хуулийн дагуу асуудлыг шийдэхийн тулд хөрөнгө шаардагддаг. Гэтэл энэ онд тус байгууллагын жилийн төсвийг 100 гаруй сая төгрөгөөр танажээ. Энэ нь нийт ажилчдын цалинг 10 хувиар бууруулахаас өөр сонголтгүй болгосон. Одоогоор 30 гаруй сая төгрөгийн өртэй явна гэж ХЭҮК-оос мэдэгдлээ.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна