Оюутолгой компанийн тэтгэлгийг гардлаа

2015 оны 12 сарын 10

“Оюутолгой” ХХК Монголын оюутан залуусыг дэмжин Засгийн газартай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ болон Боловсрол, соёл шинжлэх ухааны яамтай байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд шилдэг оюутан залууст зориулсан дотоодын тэтгэлэгт хөтөлбөрийг 2010 оноос эхлэн амжилттай хэрэгжүүлж эхэлжээ. Энэ хүрээнд 2010-2015 оны хооронд тус компанийн дотоодын тэтгэлэгт 200, гадаадын тэтгэлэгт 30 оюутан хамрагдахаар болсон байна. Өнөөдөр энэхүү тэтгэлэгт хамрагдсан дотоодын их, дээд сургуульд суралцаж буй 30, гадаадын сургуульд суралцах 4 оюутан батламжаа гардан авах арга хэмжээ “Шангри-ла” зочид буудлын хурлын танхимд боллоо.

Энэхүү арга хэмжээнд Оюутолгой компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, БСШУЯ-ны мэргэжилтнүүд, Их, дээд сургуулийн захирлууд болон оюутан, тэдний гэр бүлийн төлөөлөн хүрэлцэн ирсэн юм.

 

ТАВАН ЖИЛИЙН ХУГАЦААНД ОЙРОЛЦООГООР 10 САЯ АМ.ДОЛЛАРЫГ ОЮУНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАД ЗАРЦУУЛЛАА

Энэ үеэр "Оюутолгой" компанийн сургалтын хэлтсийн мэргэжилтэн Лхамаагаас зарим зүйлийг тодрууллаа.

-“Оюутолгой” компанийн тэтгэлэгт хөтөлбөрийг олон жилийн өмнөөс эхлүүлжээ. Өнөөдөр таван жилийн хугацаа болоход та бүхэн үр дүнгээ хэрхэн харж байна вэ?

-Оюутолгой бол залуу, шинэ компани. Үйл ажиллагаагаа эхлүүлээд хоёрхон жил болж байна. Гэхдээ нийгмийн хариуцлагын хүрээнд хийж хэрэгжүүлдэг олон ажлын нэг нь өнөөдөр болж байгаа энэхүү арга хэмжээ юм. БСШУЯ-тай таван жилийн өмнө байгуулсан санамж бичгийн хүрээнд дотоод, гадаадын их, дээд сургуульд Монголын залуусыг тэтгэмжээр сургах ажил байсан. Өнгөрсөн таван жилийн хугацаанд дотоодын их, дээд сургуульд 200, гадаадад 30 оюутныг тэтгэлгээр сургах хөтөлбөрийг зарласан. Энэ дагуу өнөөдөр 2010-2015 оны хооронд хийсэн хөтөлбөрийг дүгнэж байна. Өнгөрсөн таван жилийн хугацаанд 200 оюутныг дотоодын их, дээд сургуульд суралцах хугацаанд тэтгэлэг олголоо. Мөн 30 оюутныг далайн чанадад сурах эрхийн бичгийг олгож байна. Таван жилийн хугацаанд ойролцоогоор 10 сая ам.долларын хөрөнгийг Монгол залуусынхаа эрдэм мэдлэг, чадавхит хөрөнгө оруулалт хийхэд зориуллаа.

Далайд ёроолгүй, огторгуйд хязгааргүй, эрдэмд оргилгүй гэж Монголын зүйр үг байдаг. Оюутолгойн урдаа тавьсан зорилго нь байгалийн баялгийг хүний баялаг болгох юм. Оюутан залуустаа хандаж хэлэхэд энэхүү олгож байгаа тэтгэлгийг үр бүтээлтэй ашиглаж, эрдэм номдоо шамдан сурч эх орондоо их бүтээгээрэй гэж хүсэж байна.

-2015-2016 оны хичээлийн жилд суралцах оюутнууд тэтгэлгээ гардан авлаа. Хэчнээн оюутнууд хамрагдаж байна вэ?

-Энэ оны хувьд дотоодын тэтгэлэгт 30 оюутныг хамрууллаа. Эдгээр оюутнуудаас Баян-Өлгий, Ховд, Увс, Сүхбаатар, Дорнод, Өмнөговь, Хөвсгөл зэрэг 17 аймгаас бусад оюутнууд Улаанбаатар хотоос сонгогдсон байна. Сургуулиудаас аваад үзвэл ШУТИС 15, МУИС 9, Дарханы Технологийн сургуулиас 3, ХААДС-иас нэг гэх мэтчилэн оюутнууд хамрагджээ. Энэхүү 30 оюутны 2015-2016 оны хичээлийн жилийн тэтгэлэгт “Оюутолгой” компаниас 300 сая төгрөгийг зарцуулж байна. Гадаад оюутны тэтгэлэгт энэ жил 4 оюутныг хамрууллаа. Эдгээр оюутнууд магистрын зэргийн тэтгэлэгт хамрагдана. Эдгээр дотоод болон гадаадын тэтгэлэгт хамрагдаж байгаа оюутнууд бол Засгийн газар болон БСШУЯ-тай байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн сүүлийнх болж байна.

-Гадаадын тэтгэлэг авсан оюутнуудаас төгсөөд эх орондоо ирээд ажиллаж байгаа оюутнууд бий юу?

-Өнгөрсөн таван жилийн хугацаанд гадаадын тэтгэлгийг авсан оюутнуудаас 10 нь төгсөөд эх орондоо ирсэн. Тэд төрөл бүрийн салбарт орсны дотор зарим нь Оюутолгойн өнөөдрийн үйл ажиллагаанд оролцон бүтээн байгуулалтад, экспортын хувь нэмэрт гар бие оролцож байгааг цохон тэмдэглэх нь зүйтэй гэж үзэж байна.

-Оюутнуудад тэтгэлэг олгоод зогсохгүй өөр боломжууд байдаг уу?

-Оюутолгой компанид оюутны тэтгэлгийг олгож байсан эхний гурван жилд барилга бүтээн байгуулалтын ажил явагдаж байсан. Өөрөөр хэлбэл нэг ч төгрөгийн орлого олохгүй зарлагатай үе байсан. Сүүлийн хоёр жил үйл ажиллагааг эхлүүлснийг та бүхэн мэдэж байгаа. Оюутолгойн хөтөлбөр бол тэтгэлгийн хөтөлбөр биш. Энд авьяас хөтөлбөр гэсэн цогц хөтөлбөр байдаг. Үүний нэг нь тэтгэлэг юм. Сургалтын төлбөр, сар бүрийн тэтгэлгээс гадна Оюутолгой уурхай дээр дадлага хийх, тус компаниас хэрэгжүүлдэг хөгжлийн сургалтууд гээд олон боломжууд бий. Далайд ёроолгүй, огторгуйд хязгааргүй, эрдэмд оргилгүй гэж Монголын зүйр үг байдаг. Оюутолгойн урдаа тавьсан зорилго нь байгалийн баялгийг хүний баялаг болгох юм. Оюутан залуустаа хандаж хэлэхэд энэхүү олгож байгаа тэтгэлгийг үр бүтээлтэй ашиглаж, эрдэм номдоо шамдан сурч эх орондоо их бүтээгээрэй гэж хүсэж байна.


“Оюутолгой” компани дотоод, гадаадын 2015-2016 оны тэтгэлэгт хөтөлбөрөө өнгөрөгч 9 дүгээр сард зарлажээ. Олон оюутан материалаа ирүүлснээс дотоодын их дээд сургуульд суралцаж буй 30, гадаадад суралцах 4 оюутан тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан батламжаа гардан авлаа.

Ч.БОЛОРЧУЛУУН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна