Ипотекийн зээлийг зогсоожээ

2015 оны 12 сарын 10

Үндсэн хуулийн Цэц их суудлын хуралдаанаараа өчигдөр иргэн А.Базарын Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн 13 тоот шийдвэрийг хэлэлцээд хүлээн авчээ.

Иргэн А.Базар нь 8 хувийн зээлийн барьцаанд байгаа орон сууцаа иргэн хүн бусдад түрээслэх, дамжуулан түрээслэхдээ заавал банк санхүүгийн байгууллагаас зөвшөөрөл авч буй нь иргэний хувийн өмчийн эрхэнд халдсан байна гэсэн агуулгатай гомдол гаргасан нь Цэц үндэслэлтэй хэмээн үзэж хүлээн авсан аж.

Энэ асуудалтай холбоотойгоор арилжааны банкны удирдлагууд өнөөдөр хуралдаж, жилийн 8 хувийн хүүтэй ипотекийн зээлийг зогсоох шийдвэр гаргажээ.

Монголын банкны холбооноос хийж буй тайлбараар дээрх шийдвэр нь зээл авсан иргэдэд нөлөөлөхгүй, ямар нэг эрсдэл үүсэхгүй. Харин ипотекийн зээлд хамрагдахаар хүлээж байгаа иргэдийн хувьд хүнд нөхцөл бий боллоо. Бид энэ асуудлыг бүх шатанд хөөцөлдөж байна гэсэн тайлбар хийгээд байна.

Үндсэн хуулийн Цэцээс гаргасан дээрх шийдвэртэй холбогдуулж, арилжааны банкууд ипотекийн зээл авах хүсэлт гаргасан иргэдийг хүлээж байхыг хүсчээ.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна