Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 15 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзлээ

2015 оны 12 сарын 10

-УИХ дахь МАН-ын бүлэг 8 асуудлаас завсарлага авлаа-

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2015.12.10/ үдээс өмнөх хуралдаан 51.3 хувийн ирцтэйгээр эхэллээ.

УИХ-ын дарга З.Энхболд хуралдааны эхэнд хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулах үеэр УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлаас завсарлага авч буйг тус бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ мэдэгдсэнээр дээрх хоёр асуудлыг хэлэлцэх асуудлын жагсаалтаас хассан юм.

Ингээд Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 15 дугаар дүгнэлтийг үргэлжлүүлэн хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан өнгөрсөн долоо хоногт гишүүд асуулт асууж, хариулт авсан учир цэцийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлаар санал хураалт явуулж эхэлсэн.

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт “Шүүх барьцааны зүйлийг худалдах тухай үүрэг гүйцэтгүүлэгчийн нэхэмжлэлийг хангасан, эсхүл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 184.1-д заасны дагуу нотариатын мэдэгдэх хуудсыг баталгаажуулсан шүүгчийн захирамж гарсан бол уг зүйлийг Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу албадан дуудлага худалдаагаар худалдана.” гэж заасны “... , эсхүл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 184.1-д заасны дагуу нотариатын мэдэгдэх хуудсыг баталгаажуулсан шүүгчийн захирамж гарсан ...” гэсэн хэсэг; 53 дугаар зүйлийн 53.4 дэх хэсэгт “Газар барьцаалах гэрээнд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 184.1-д заасан журмаар гаргуулахаар талууд харилцан тохиролцож болно.”, мөн зүйлийн 53.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 53.4-т заасан гэрээг нотариатаар гэрчлүүлнэ.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “... шүүхэд гомдол гаргах, … шударга шүүхээр шүүлгэх … эрхтэй.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц … хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэснийг тус тус зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 15 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Байнгын хорооны саналыг дэмжсэн учир Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 15 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй хэмээн үзсэн УИХ-ын тогтоолыг баталлаа.

Дараа нь Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Батцогт танилцууллаа.

Төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ-ын гишүүн Д.Батцогт гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас сэргээгдэх эрчим хүчний судалгаа шинжилгээний болон үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, түүний дагалдах сэлбэг хэрэгслийг чөлөөлж, харин “түүхий эд” гэдгийг төслөөс хасах нь зүйтэй. Эдгээр чөлөөлөх барааны жагсаалтыг Засгийн газар жагсаалтаар батлах шаардлагатай, мөн хуулиудын хэрэгжих хугацааг 2016 оны төсвийн жилээс хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй гэсэн саналуудыг гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр тус хуулийн төслийн хэлэлцүүлгээс УИХ дахь МАН-ын бүлэг 5 хоногийн завсарлага авч буйг бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр мэдэгдсэнээр хэлэлцүүлгийг хойшлууллаа.

Үүний дараа Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүлсэн юм. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин танилцуулсан юм.

Төслийн анхны хэлэлцүүлгийг Байнгын хорооны хуралдаанаар хийх үеэр УИХ-ын гишүүн А.Бакей, Ж.Батзандан, Г.Уянга, Л.Цог нар төсөлд гадаадад байгаа иргэдийн санал асуулгад оролцуулахтай холбоотой заалт нэмэх, үүнтэй холбогдуулан санал асуулга явуулах хугацааг шийдвэр гарснаас хойш 14-30 хоногийн дотор гэж байсныг “30 хоногийн дотор” гэж өөрчлөх, төслийн 1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “2. Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг энэ хуульд заасан хугацааг баримтлан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан журмын дагуу зохион байгуулна.” гэсэн 20 дугаар зүйлийн 2 дахь хэсэг нэмэх гэж санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан хэлэлцүүлэг эхлэх үеэр УИХ дахь МАН-ын бүлэг 5 хоногийн завсарлага авч буйг тус бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр мэдэгдсэн учир хэлэлцүүлгийг мөн хойшлууллаа.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээс УИХ дахь МАН-ын бүлэг мөн завсарлага авсан юм. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Батцогт танилцуулсан бөгөөд тус байнгын хорооны гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй учир төслийг анхны хэлэлцүүлгээр батлуулах горимын саналыг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн Д.Батцогт танилцуулсан юм. Тус асуудлаас УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авсан учир хэлэлцүүлгийг мөн хойшлууллаа.

Үүний дараа Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эхлүүлсэн. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Гантөмөр танилцуулсан юм. Энэ хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг 5 хоногийн завсарлага авч байгааг тус бүлгийн дарга Б.Гарамгайбаатар мэдэгдсэнээр хэлэлцүүлгийг хойшлуулав.

Түүнчлэн “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Oлон улсын гэрээний тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлаар УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авч буйг тус бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр мэдэгдсэн учир хэлэлцүүлгийг хойшлууллаа. Тэрбээр завсарлага авч буйгаа мэдэгдэхдээ иргэдийн хүсэн хүлээж буй УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхгүй байгааг дурдаад АН-ын бүлгээс завсарлага авсан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг ч иргэд хүлээж байгааг дуулгасан.

Энэ үеэр УИХ-ын дарга З.Энхболд, ард түмэн Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх тухай асуудлыг та бүхний хэлээд байгаа шиг байдлаар харахгүй байгаа хэмээсэн.

Тэрбээр, ард иргэд хашааны газраа үнэд хүрэхийг, орон сууцны лизингийн 8 хувийн хүүг илүүтэй сонирхож байгаа. УИХ дахь МАН-ын бүлэг асуудлыг улстөржүүлж, ард түмний нэрийг барихдаа тэдний хүсч байгаа зүйлийг олж харахгүй байна гэж хэлсэн.

Түүнчлэн энэ өдрийн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөөд байсан Oлон улсын гэрээний тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн хэлэлцэх эсэх, Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлаас УИХ дахь МАН-ын бүлэг 5 хоногийн завсарлага авлаа.

Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “Өнөөдөр чухал тэмдэглэлт өдөр. Хүний эрхийн өдөр, Ардчилсан хувьсгалыг үүсгэн байгуулагчид анхны цуглаанаа хийж байсан өдөр гэдгийг УИХ-ын дарга онцлон хэлсэн. Мөн өнөөдөр ажлын өдөр. Эдийн засаг хүнд байна гэж байгаа энэ үед УИХ хуралдаж асуудлуудаа шийдвэрлэх ёстой. Харамсалтай нь ард түмнээрээ овоглосон МАН утгагүй завсарлага авч хэлэлцэх асуудлуудыг гацаалаа. Намын бүлгүүд завсарлага авч болно. Хууль, тогтоолын төслийн талаар ойлголтын зөрүүтэй бол нэг ойлголцолд хүрэх үүднээс завсарлага авдаг. Гэтэл МАН-ын бүлэг ард түмний хүсэн хүлээсэн Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэхгүй байгаа учир завсарлага авлаа гэсэн тайлбарыг хийсэн нь харамсалтай байна. Сонгуулийн хуулийн зөвшилцлийн ажлын хэсэгт ажиллаж байгаа хүний хувьд хэлэхэд энэ асуудлаар МАН-ын дарга, бүлгийн дарга, гишүүдтэй удаа дараа уулзаж зөвшилцсөн. Гэтэл тэд нэг талын саналыг хүчээр тулгаж буй учир зөвшилцөл саатаад байгаа. Гэсэн ч бид зөвшилцөхийн төлөө байгаа” хэмээн хэлсэн. Ингээд өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.

ЭХ СУРВАЛЖ: УИХ-ЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна