"ДМЮ" Бразилын шилдэг багаар "хичээл заалгав"

2015 оны 12 сарын 11

Монголын өсвөрийн хөлбөмбөгийн шилдэг клуб "Дөчин мянгат Юнайтед"-ын 12 хүртэлх насны баг БНХАУ-ын Хайнан мужийн Санья хотын хөлбөмбөгийн өвлийн бэлтгэлийн баазад гадны олон орны багтай бэлтгэл хийн, олон улсын тэмцээнд оролцож байна. 

Тэмцээний хөвгүүдийн бага насны ангилалд дөрвөн улсын 10 баг тойргоор өрсөлдөж буй бөгөөд "ДМЮ" эхний өдөр (XII.09) БНХАУ-ын Хайнан мужийн шигшээ багт 3:4-өөр хожигдож, "Зачи" бага сургуулийн багийг 13:0, Тонляо хотын Найман хошууны сургуулийн багийг 11:1-ээр буулган аваад байсан билээ. Харин тэмцээний хоёр дахь өдөр Бразилын алдарт "Флуминенсе"-гийн хүүхдийн багт 0:11-ээр хожигдож, БНХАУ-ын Хянганы долдугаар сургуулийн багийг 14:1-ээр хожсоноор есөн оноотой болов. Рио-де-Жанейрогийн "Флуминенсе" 1902 онд байгуулагдсан, алдарт "Маракана" цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийдэг, Бразилын дээд лиг "Сери А"-д дөрөв, цомын тэмцээнд нэг удаа түрүүлсэн, шигшээ багт 50 гаруй тоглогчоо багтаасан баялаг түүхтэй клүб. Хөлбөмбөгийн хорхойтнууд агуу Адемир, Диди, Карлос Алберто, Ривелино, Ромарио нар тоглож байсан, өдгөөгийн Бразилын шигшээ баг болон "ПСЖ" клүбийн ахлагч Тиаго Силва, "Реал Мадрид"-ын хамгаалагч Марсело нарыг дэлхийн хөлбөмбөгт бэлтгэж өгсөн гэдгээр нь тус клүбийг сайн мэдэх байх. "Флуминенсе"-гийн тоглогчид монгол хүүхдүүдээс нэгээс хоёр насаар ах байсан ч ур чадвар нь үнэхээр илүү байж, үндсэндээ хөлбөмбөгийн хичээл зааж чадсан юм. Хөвгүүдийг бага насны ангиллын тоглолтууд мини хөлбөмбөгийн жижиг талбайд тавын эсрэг таван тоглогчтой болж буйг "ДМЮ" клүбийнхэн үүнийг он гараад эхлэх МХБХ-ны футзалын өсвөр үеийнхний УАШТ-ий өмнөх гол бэлтгэл хэмээн харж байна. Хэрвээ тэд тэмцээний гурав дахь өдөр ОХУ-ын "Чита" клүбтэй амжилттай тоглож чадвал хоёрдугаар байрт ч орох боломж бий.

"ДМЮ" эхний таван тоглолтод эсрэг багийн хаалгачдыг нийт 51 удаа гомдооход Б.Дамдинсүрэн 13, Ц.Мөнх-Эрдэнэ долоо, Б.Ууганбаяр зургаа, А.Сугарсайхан дөрөв, Б.Эрхэмбаяр, Э.Орчлон, Г.Цэлмүүн нар нар тус бүр гурав, Ц.Намнансүрэн хоёр гоол хийв гэж Санья хотоос бидэнд мэдээлэв.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна