Кобигийн 20 жил

2015 оны 12 сарын 11

Өнөө цагт NBA-д тоглож буй хамгийн агуу тоглогчдын нэг “Лос Анжелес Лейкерс”-ийн гол хөдөлгүүр Коби Брайант энэ улирлыг дуусгаад албан ёсоор тамирчны карьераа дуусгаж байгаа билээ. 1996 оны драфтаар Америкийн сагсан бөмбөгийн ертөнцөд хөл тавьсан тэрбээр ахлах сургуулиасаа шууд NBA-д тоглож эхэлсэн гэдгээрээ онцлогтой. Эхлээд “Шарлотт Хорнетс”-т элсэж байсан ч тухайн жилдээ солилцоогоор “Лейкерс”-т очсон байна. Гурван жилийн дараа 40 нас хүрэх гэж буй Кобиг сагсан бөмбөг сонирхогчид “Филадельфи 76”-гийн тоглогч, “Лос Анжелес Спаркс”-ын ахлах дасгалжуулагч асан Жөү Брайантын ганц дүү гэдгээр сайн мэддэг байсан юм. Түүний эцэг, эх нь нэгэн рестораны цэснээс харсан нэр болох Японы Кобэ хотын алдартай үхрийн махны нэрээр хүүгээ нэрлэжээ. Тэрбээр NBA-гийн түүхэнд анх удаа ахлах сургуулиас драфтлагдсан хамгаалагч болсноороо улс даяар нэртэй болжээ. Брайант өөрийн хамтрагч Шакил О'Нил нар багаа 2000-2002 онд гурван удаа аварга болгосон. Хамтрагчаа явсны дараа тэрбээр “Лейкерс”-ийн гол ноён нуруу болсон бөгөөд хоёр улирал дараалан NBA-д оноогоор тэргүүлжээ. Тэр 2006 онд хувийн дээд амжилтаа тогтоосон байдаг. Ингэхдээ “Торонто Рэпторс”-ын эсрэг тоглолтод 81 оноо авсан юм. Энэ нь Америкийн сагсан бөмбөгийн түүхэнд хоёрдугаарт эрэмбэлэгдэх агуу амжилт болсон. Түүний өмнө алдарт Чемберлэний нэг тоглолтод 100 оноо авсан амжилт эрэмбэлэгддэг. Харин 2007-2008 оны улиралд багаа чирсээр Өрнөд бүсээс плей-оффт нэгээр шалгаруулж, тухайн улирлынхаа хамгийн үнэ цэнтэй тоглогчийнх шагнал хүртсэн байдаг. Кобигийн амьдрал тийм ч дардан байгаагүй. Сагсан бөмбөгийн ертөнцөд ид мандаж явахад түүний талаар хар бараан мэдээлэл цацагдаж хэсэгтээ л шуугиан тарьсан. Энэ бол 2003 он. Брайантыг Колорадо мужийн Эдвардс хотын нэгэн зочид буудалд бэлгийн халдлага хийсэн хэмээн тус буудлын нэг ажилтан буруутгаснаар хэвлэл мэдээллийн анхаарлын төвд орж байсан. Брайант энэхүү ажилтантай учир ургуулсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн боловч бэлгийн халдлага хийгээгүй хэмээн мэдэгджээ. Брайантыг буруутгагч этгээд гэрчийн мэдүүлэг өгөхөөс дургүйцсэн тул 2004 оны есдүгээр сард прокурорууд хэргийг хэрэгсэхгүй болгосон юм. Брайантыг буруутгагч этгээд түүний эсрэг иргэний нэхэмжлэл гаргаж, улмаар хэрэг шүүхээс гадуур шийдэгдсэн байдаг. Үүнээс болж түүний жилийн орлого эрс буурсан. Зарим компани гэрээгээ цуцалж, олон сая ам.долларын алдагдал хүлээсэн байдаг. Гэвч богино хугацаанд тэр сэргэж чадсан. Үүнээс хойш түүний талаар таагүй гэхээсээ илүү таатай мэдээлэл цахим ертөнцөд цацагдсан юм. Жилийн орлого ч дахин нэмэгдсэн төдийгүй дэлхийн хамгийн баян 10 тамирчны нэгд зүй ёсоор тооцогдов. Хэдийгээр орлого нь өмнөхөөсөө буурсан ч Коби “Энэ надад хангалттай. Би илүү зүйл хүсэхгүй” хэмээн ярьсан байдаг. Дэлхийн хамгийн шилдэг лигт 20 дахь улирлаа өнгөрүүлж байгаа Коби Брайнт энэ хугацаанд таван удаа NBA-гийн аварга болсон. Тэрбээр “Плэйерс Трибюн” цахим хуудсанд “Эрхэм сагсанбөмбөг танаа” гарчигтай зурвас бичсэн бөгөөд үүнд “Миний зүрх сэтгэл ямар ч хүнд цохилтыг давж чадна. Миний сэтгэлийн хат ямар ч үгүйсгэлийг сөрөхөд бэлэн байна. Гэхдээ миний бие махбодь баяртай гэж хэлэх цаг нь болсныг надад хэлээд байна” гэж бичжээ. Түүний хувьд сүүлийн гурван улиралд гэмтэл бэртлээс салахаа больж, өмнөх хоёр жилд ердөө 41 тоглолтод оролцсон байна. Харин шинэ улиралд тэрбээр 12 тоглолтод оролцсон ч ердөө 32 хувьтай довтолж байгаа гэсэн статистик гарчээ. Энэ нь түүний замналын хамгийн муу үр дүн гэж мэргэжилтнүүд дүгнэж байгаа юм. Америкийн сагсан бөмбөгийн түүхэнд Кобигоос илүү олон аваргын бөгжтэй ердөө 13 тоглогч байдаг аж.

 

Ингээд домогт тоглогч Коби Брайантын түүхэн амжилтаас хүргэе.

NBA-гийн аварга: 2000, 2001, 2002, 2009, 2010

NBA-гийн хамгийн үнэ цэнтэй тоглогч: 2008

NBA-гийн финалын үнэ цэнтэй тоглогч: 2009,2010

NBA-гийн онооны аварга: 2006, 2007

16 удаагийн бүх одод: 1998, 2000-2014 Ингэхдээ бүгдэд нь гарааны бүрэлдэхүүнд багтсан. Дөрвөн удаа үнэ цэнтэй тоглогчийн шагнал хүртсэн.  Түүнчлэн 14 удаа дараалан шалгарсан. 1999 онд сагсан бөмбөгчид ажил хаясан учраас Бүх оддын тоглолт болоогүй

NBA-гийн Бүх оддын тоглолтын слэм данкийн аварга: 1997

NBA-гийн шилдэг багийн гишүүн: 2002-2004, 2006-2011 онд нэгдүгээр багт, 2000, 2001 онд хоёрдугаар багт, 1999, 2005 онд гуравдугаар багт нэрлэгдсэн.

11 удаагийн шилдэг хамгаалагч багийн гишүүн: 2000, 2003, 2004, 2006-2011 онд нэгдүгээр багт, 2001, 2002 хоёрдугаар багт тус тус нэрлэсэн байна.

Алдарт тоглогч Коби Брайант NBA-гийн улиралд хэд хэдэн үзүүлэлтээр тэргүүлж байлаа. Тухайлбал, 2006 онд нэг тоглолтод 35.4 оноо дунджилсан нь NBA-гийн түүхэнд есдүгээрт бичигдэх амжилт юм. Мөн тухайн жилдээ нийт тоглолтын турш 2832 оноо авсан амжилтаараа долоодугаар эрэмбэлэгдэх болов. Түүнчлэн 2173 удаа шидэлт гүйцэтгэсэн нь хувийн дээд амжилт юм. Үүнээс амжилттай болсон нь 978 тохиолдол аж. Өөрөөр хэлбэл, байндаа тусч багтаа оноо авчирсан гэсэн үг. Бас 819 удаа чөлөөт шидэлт гүйцэтгэж 696-г амжилттай болгожээ. Дээрх бүх амжилт 2006 онд хамааралтай юм. Коби Брайант АНУ-ын олимпийн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж 2008 онд Бээжингийн олимпийн алтан медаль хүртэж байлаа. АНУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд орж 2007 оны Америк тивүүдийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль авсан. 1996 онд Нэйсмитийн нэрэмжит ахлах сургуулийн оны тоглогчоор шалгарч байв.

NBA-д тогтоосон түүний дээд амжилт

Коби Брайант NBA-д дөрвөн шинэ дээд амжилт тогтоож, тавыг давтжээ.

Нэг тоглолтод хамгийн олон удаа гурван онооны шидэлт амжилттай гүйцэтгэсэн: 12

Тоглолтын хагаст хамгийн олон удаа гурван онооны шидэлт амжилттай гүйцэтгэсэн: Найм

Нэг тоглолтод хамгийн олон удаа дараалан гурван онооны шидэлт амжилттай гүйцэтгэсэн: Ес

Нэг үед хамгийн олон удаа чөлөөт шидэлт амжилттай гүйцэтгэсэн: 14  

Нэг үед хамгийн олон удаа чөлөөт шидэлт гүйцэтгэсэн: 16

15000 оноо авсан хамгийн залуу тоглогч: 27 нас, 136 хоног

20000 оноо авсан хамгийн залуу тоглогч: 29 нас, 122 хоног

Слэм Данкийн хамгийн залуу аварга: 18 нас, 175 хоног 1997 он

НБА-гийн шилдэг хамгаалалтын багт шалгарсан хамгийн залуу тоглогч: 1999-2000 оны улирал

Гарааны тавд гарсан хамгийн залуу тоглогч: 18 нас, 158 хоног.

Б.МӨНХЗУЛ

ҮНДЭСНИЙ ШУУДАН сонин

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна