“Буянт-Ухаа 2”-оос урамшуулалд хамрагдах боломжтой

2015 оны 12 сарын 11

"Буянт-Ухаа 2” хорооллын эхний хэсэг болох 48 барилгаас 1620 айлын орон сууцны 30 барилга энэ онд бүрэн ашиглалтад орно. Улсын комисс 30 барилгын 24  дээр нь ажиллаж хүлээн авах боломжтой гэсэн дүгнэлт гаргасан. Үлдсэн зургаан барилгыг ирэх долоо хоногт Улсын комисс хүлээн авах хуваарьтай ажиллаж байна. Ингэснээр 12 дугаар сарын 10 гэхэд “Буянт-Ухаа 2” хорооллын 30 барилга бүрэн ашиглалтад орж, иргэд байрандаа орох боломжтой. Улсын комисс хүлээн авсны дараагаас 100 хувь төлбөрөө төлсөн байрандаа орно. Иргэдийн хувьд Улсын комисс хүлээн авахыг хүлээж байсан. Өмнө нь Улсын комисс хүлээж аваагүй  гэсэн нөхцөлөөр иргэд хамгийн багадаа 10 хувийн урьдчилгаа төлж захиалгаа өгсөн. Тухайн иргэн өөрөө хүссэн тохиолдолд 100 хувийн урьдчилгааг авсан. Одоогоор 100 гаруй иргэд урьдчилгаа төлбөрөө 100 хувь төлж 1200 гаруй байрны захиалга урьдчилсан байдлаар хийсэн байна. “Буянт-Ухаа 2” хорооллын хувьд  зураг төсөл, өрөө зохион байгуулалтын хувьд сайжирсан. Нэг өрөө байр гэж байхгүй, хоёр, гурван өрөөний сонголттой. Мөн “Буянт-Ухаа 2” хорооллоос 900 гаруй байрыг төрийн байгууллагуудад квот хэлбэрээр олгосон. Эдгээр байгууллагаас квотоо бүрэн ашиглаагүй 400 гаруй байрыг нийтэд нээлттэй худалдахаар болсон. Энэхүү нээлттэй худалдаа өчигдөр буюу энэ сарын 10-наас эхлээд байна” гэж Төрийн орон сууцны корпорацийн дэд захирал Д.Оюунжаргал хэлсэн юм.

-Байрны төлбөрөө 100 төлсөн иргэдэд урамшуулал олгож байгаа гэсэн. Ямар урамшуулал олгож байгаа юм бэ?

-Нээлттэй захиалга үргэлжлэх нэг сарын хугацаанд мөн тодорхой урамшуулал зарлаж байгаа. "Буянт-Ухаа-2" бол маш том бүтээн байгуулалтын ажил. Бүтээн байгуулалтын дараагийн төсөл хөтөлбөрийг эхлүүлэхтэйгээ холбогдуулан сонголт хийж 100 хувь төлбөрөө төлсөн иргэдэд байрны доор баригдсан дулаан авто зогсоолын үнэ дээр 50 хувийн хөнгөлөлт үзүүлж байгаа. Манай хорооллын авто зогсоол 15 сая төгрөгийн үнэтэй байгаа. Хэрвээ орон сууцны төлбөрөө 100 хувь хийсэн бол дулаан гарааш 7.5 сая төгрөгөөр худалдан авна гэсэн үг. Энэ нь иргэдэд бодит хөнгөлөлт, урамшуулал болно гэж үзсэн.

Т.НОМИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна