"Гадны хөрөнгө оруулагчид “дээрэмчид” гэж зарлавал шившиг болно

2015 оны 12 сарын 11

Д.Цогбаатар: Гадны хөрөнгө оруулагчид Монголын засгийн газрыг “дээрэмчид” хэмээн зарлавал бид дэлхий нийтийн шившиг болно
 
 
Уул уурхайн сайд асан Монгол Улсын Зөвлөх инженер, Техникийн ухааны доктор, профессор Д.Цогбаатартай ярилцлаа.

-Та хэн ч танихгүй  экскаваторын туслах машинчаас салбарын сайд хүртэл дэвшиж ажилласан цөөн уурхайчдын нэг нь. Тэгэхээр ярилцлагаа  салбарын тань ажил үйлс хэр байгаа талаархи  дүгнэлтээс тань эхлэе гэж саналаа.  Яагаад гэвэл 1992 он, тодруулбал П.Жасрайн Засгийн газрын үед эрдэс баялгийн сайдаар ажиллаж, Уул уурхайг 2025 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлийг боловсруулж, УИХ-д өргөн барьсан хүн нь та?

-Уул уурхай их онцлогтой салбар. Ер нь баялаггүй улс орон гэж үгүй. Гагцхүү байгаа баялгаа хэр зөв зохистой ашиглаж чадна тэр хэрээрээ хөгждөг.

Байгалийн баялаг бол дуусашгүй, дундаршгүй зүйл биш. Тодорхой цаг хугацааны дараа нөөц нь шавхагдаж, дуусч таарна. Намайг салбарын сайдаар томилогдон ажилласан тэр  он жилүүд Монгол Улс зах зээлийн нийгэмд хөл тавьж, зах зээл гэж чухам юу юм бэ гэдэгтэй дөнгөж танилцаж байсан үе таарсан. Уул уурхайн салбар тэр чигээрээ уналтад орчихсон, бүх геологийн ангиуд татан буугдсан, олон арван геологич ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн цаг үе байсныг энд онцолж  хэлэх ёстой болов уу. 

Ийм л салбарыг хөл дээр нь босгох үүрэг даалгаврыг Монголын төр надад өгсөн.  Үнэнийг хэлэхэд, мэргэжлийн боловсон хүчин хэдий ч мэдэхгүй, чадахгүй зүйл надад зөндөө таарсныг нуугаад яахав. Нөгөөтэйгүүр, Жасрайн Засгийн газар  Монгол Улсаа хэрхэн яаж хөгжүүлэх вэ  гэх маш том сорилттой нүүр тулсан.  Мэдээж хамгийн түрүүнд Монгол Улс  ашигт малтмал, байгалийн баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулж гэмээнэ хөгжих ёстой гэж үзэн юун түрүүнд уул уурхай, эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэх үндсэн чиглэлээ тодорхойлж, түүний дагуу хөгжүүлэх нь зөв гэсэн байр сууриас бүх зүйлийг шинээр эхлүүлсэн. Салбарын тухайд шүү дээ.

Дээр нь өмнө өгүүлсэнчлэн уул уурхайгаас олсон ашгийг бусад салбарт хэрхэн яаж хүртээх, одоо цагийн хэллэгээр баялаг бүтээгчдэд зөв тэгш хуваарилах явдал байлаа. Тодруулбал, уурхайчдын олсон хоёр төгрөгийг дөрөв болгож өсгөхийг цаг үе биднээс шаардаж байсан гэж хэлж болно. Энэ зорилгыг биелүүлэх  үүднээс хэд хэдэн төсөл  хөтөлбөрийг боловсрууулсан юм. Өнөөдрийн  сайн, муу хэмээн  шүүмжлүүлээд байгаа “Алт”, “Зэс”, “Газрын тос”, “Уран”, “Нүүрс”  хөтөлбөрийг чинь намайг сайдаар ажиллаж байх үед боловсруулсан. Монгол Улсын уул уурхайн салбарыг 2025 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлийн чинь автор нь хүртэл биднийх.

Энэхүү үндсэн чиглэлд  Монгол Улс хэрхэн хөгжих, цаашид ямар замаар явах, ямар ашигт малтмалын  ордыг хэдийд  хэрхэн  ашиглах, дараа нь ямар ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах  гэх мэтчилэн бүх зүйлийг нарийн тооцоолж  төлөвлөсөн. Өнөөдрийн гол сэдэв болоод байгаа  төмөр зам, өргөн нарийн цариг, баруун зүүн цанхын асуудал чинь хүртэл 1992 онд яригдаж байсан.

-“Алт” хөтөлбөр тухайн үедээ  хамгийн цаг үеэ олсон шийдвэр байж гэж би хувьдаа дүгнэдэг. Өдгөө эдийн засгийн хямралыг хохирол багатайгаар  давж гарах гаргалгаа нь алтыг эдийн засгийн эргэлтэд оруулах явдал гэж гүйцэтгэх засаглалын тэргүүн тодорхойлж буй. Миний дүгнэлт зөв үү?  

-Монгол Улс алтнаас болж сүйрлээ гэх хүн байдаг л юм. “Алт” хөтөлбөрийг анх боловсруулахдаа ирээдүйн төлөв байдлыг хамтад нь боловсруулсан. Өөрөөр хэлбэл, уул уурхайн хүрээлэн, яамны мэргэжилтнүүд алтыг зөвхөн ашиглах биш ашигласны дараах нөхөн сэргээлтийн асуудлыг ч хамтад нь авч үзсэн хэрэг. Харамсалтай нь хөтөлбөр хэрэгжиж ашиглалтын явцад аж ахуйн нэгжүүд байгалийн нөхөн сэргээлт, түүнд тавих  хяналтыг орхигдуулснаас тэрхүү үүсмэл орд дээр нь нинжа буюу гар аргаар алт олборлогчид бий болж, бужигнаж эхэлсэн түүхтэй.

Энэ юу гэсэн үг вэ гэвэл бодлогыг хэрэгжүүлэх явцад гаргасан алдаа нийгэмд нинжа хэмээх ногоон түмпэн нуруундаа үүрсэн арми бий болсон байхгүй юу. Урьд өмнө сонсогдож байгаагүй шинэ нэр томъёо үүссэн гэж дүгнээд хэлчихэд буруудах зүйлгүй. Уг нь бидний боловсруулсан төслийн дагуу явсан бол ийм хууль бус зүйл болохгүй байсан юм. Хамгийн том алдаа бол хяналтын байгууллага. Уул уурхайн хяналт, байгаль орчны хяналтынхан ерөөсөө ажиллаагүйн гайгаар  өнөөдөр ийм асуудал үүсчихээд байгаа хэрэг. Ухамсар дорой хүмүүсийн хууль бус ажиллагааны уршгаар уул уурхайн салбарын нэр хүнд навс унасан. Бас нэг тодотгож хэлэх зүйл бол унасан салбарт мөнгөтэй хүмүүс орж ирээд өөрийнхөө дураар авирлаж эхэлсэн байдал. Тэд уул толгодыг тэр чигээр нь авч, мэдлэггүйн гайгаар сорчилж эхэлсэн дээ.

Тэгээд л ашиглалт явуулсан талбайгаа тэр чигээр нь хаясан.  Мөн  чадвартай чадалтай боловсон хүчин нь мөнгө хөөгөөд одсон нь ч нөлөөлсөн. Яам тамгын газарт улстөрчдийн шахааны, мэргэжлийн бус хүмүүс олноор ажиллах болсон ч салбарын нэр хүндийг шороотой хутгаснаас өөрцгүй болгосон. Үүнтэй зэрэгцээд улс төрийн намууд ард түмнээс сайн нэр олохын тулд уул уурхайгаас олсон ашгаа зүй бус нийгмийн халамжийн чиглэлийн үйлчилгээнд ус адил цацаж орхисныг та бүхэн мэдэж байгаа. Иргэд сул орж ирсэн мөнгийг зүгээр л хоол болгоод хоолой руугаа явуулж орхисон учраас үнэ цэнэ гэж алга. Тэгэх ёсгүй байсан юм.

Бидний анх зорьж, тэмүүлж байсан замаар явсан бол уул уурхайн нэр хүнд шороотой хутгалдахгүй байсан юм. Уурхайчид өөрсдөө уул уурхайн бүтээгдэхүүн учраас  эрдэс баялгийн дэлхийн зах зээл дэх ханшийн өсөлт уналтыг маш сайн мэддэг, мэдэрдэг. Би үүнийг төр засаг, төрийн алба хашдаг хүмүүст байнга хэлдэг. Харамсалтай нь төрийн дээд албан тушаалтнууд хэзээ ч сонсч байгаагүй. Зарим нь одоо гэнэт ухаарсан юм шиг супер цикль гэж ярих болж. Супер цикль гэдэг чинь үргэлж байсаар ирсэн зүйл шүү дээ. “Алт” хөтөлбөрийн тухайд  янз бүрээр ярьж байна. Бид хөтөлбөр боловсруулж байхдаа  Монголын алт олборлолт 750 кг байсныг 25 тонн хүргэнэ гэж төсөөлсөн. Үүнийг сонссон зарим  эрх мэдэлтнүүд  “Цогбаатар мөн мөрөөдөв өө, сэрүүн зүүдэллээ” гэж байсан.

Түүгээр барахгүй алтны ордыг хувь хүн ашиглаж болохыг зөвшөөрөхөд “Энэ нөхрийг Ганц худагт аваачиж хий” гэж хүртэл шуугисан удаатай.  Дараахан нь алт 10 тонн, 20 тонноороо гарч эхэлсэн чинь өнөө Ганц худагт суулгана  хэмээн орилж  байсан хүмүүс чинь “би хийсэн, би хийсэн” гээд гавьяат цолоор энгэрээ мялгаалгаж сүйд болцгоосон. Гэтэл  тэр ажлыг гардан  хийсэн манай яамны мэргэжилтэн, ажилчид ажлаасаа халагдаад гудамжинд гарсан байх жишээний. Би гомдол ярьж байгаа юм биш.

Амьдрал тийм л байсан. Мөн  20 гаруй тонноос илүү хэмжээтэй алт олборлож болох байсныг Гэнэтийн ашгийн татвар гээчийг  гаргаж ирээд алтныхаа салбарыг унагачихсан. Өнөөдөр зэс хайлуулах үйлдвэр гэж ярьж байна. Тэрийг чинь бидэнд бол хуучирсан сэдэв. Гагцхүү хүхрийн хүчлээ яах вэ гэдэг дээр л гацсан байсан. Гэтэл одоо ч яриад л сууж байх юм. Түүнчлэн Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээг бид анх байгуулсан. Газрын тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулийг боловсруулсан нь ч бид. Тэрний хүчинд л өнөөдөр нэг амьсгаатайгаа байх шиг байна. Бид тийм зүйл хийгээгүй бол яах байсныг мэдэхгүй.  

-Уучлаарай таны яриаг түр тасалъя. Тэр үед Оюутолгойн ордыг гадныханд  ашиглуулах  тухай яригдаж байв уу?

-Наадах чинь гадны хөрөнгө оруулалтыг Монголд оруулж ирэх тухай асуудал. Үнэндээ манайхан чинь өөрсдөө юу ч хийхгүй байж гадны компани хөрөнгөө оруулж ирээд ажиллах гэхээр эсэргүүцэж сүйд болоод унах юм. Оюутолгой бол дэлхийн хэмжээний орд. Гагцхүү хөрөнгө оруулагч нь гадны компани болохоор өөлж, гоочлоод байгаа хэрэг. 1992 онд гадны компани Оюутолгойн ордыг ашиглахаар хөрөнгөө босгож байна гэдгийг мэдэж байсан.

Тэр үед юу ч дуугараагүй мөртөө яг ашиглаад ирэхээр нэг их цэцэн цэлмэг улс болчихсон янз бүрийн тоо яриад байгаа нь утгагүй зүйл. Оюутолгойн хажууд Тавантолгой гэх түүнээс дутахааргүй нөөцтэй  том орд бий. Хэрвээ тэнд  дулааны цахилгаан станц барьчихсан бол  Монголын төр тэндээс хэдэн төгрөг нэхээд сууж байхгүй юу. Гэтэл  одоо  Хятад улсаас эрчим хүч импортлоод, багагүй мөнгийг гадагш алдаад сууж байгаа биз дээ. Цахилгаан станц барина, барихгүй гээд л ярьцгаасаар багагүй хугацааг дэмий алдаж буй. Мөн уурхайд хэрэглэдэг байгалийн шохой гэж бий.  Майнтын ордыг түшиглэн шохойны үйлдвэр байгуулчихвал  зүгээр юмсан уг нь.

Залуус  жилд 120 мянган тонн 92-98 хувийн агуулгатай шохой гаргая гэж байна. Байгаль дээр 52-58 хувийн агуулгатай  хамгийн баян орд Монголд байдаг. Тэр ордыг ашиглах асуудлыг Монгол Улсын Засгийн газар дэмжихгүй байгаа. Шохойны ордыг ашиглалтад оруулах аваас Оюутолгойн урд хөршөөс  жилд худалдаж авдаг 120 мянган тонн шохойн хэрэгцээг эх орондоо шийдчих боломж бүрдэх учиртай.

-Монгол Улсын эдийн засгийн чадавхи байгалийнхаа баялгаас шууд хамааралтай болохоор  мэргэжлийн холбоод  маш сайн ажиллах ёстой гэж би ойлгодог.  Та  мэргэжлийн 28 холбоог тэргүүлж буй ерөнхийлөгчийн хувьд тэдэнтэйгээ хамгийн сүүлд  ямар сэдвээр ярилцав?

-Бид өдөр болгон утсаар хол­богдож, санал бодлоо солилцдог. Мэргэжлийн  зөвлөл байгуулагдаад Уул уурхайн яам, “Эрдэнэс-Монгол” компанитай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан.  Мэргэжлийн инженерүүдийг эгнээндээ багтаасан  байгууллагын хувьд уурхайн үйлдвэрлэлийн явц, олборлолтын байдалд  үнэлэлт, дүгнэлт өгч байх үүргийг бид хүлээж буй.  Ямар нэгэн нам, аж ахуйн нэгжийн нэр хүндийг өргөх  гэсэнгүй. Харин мэргэжлийнхээ зүгээс л үгээ хэлье хэмээн холбоо байгуулсан юм. Тэр ч утгаараа уул уурхайн салбарын алдаа оноог нь хэлж өгөхийг зорилгоо болгон ажиллаж байна.

Манай мэргэшсэн зөвлөх инженерүүд уул уурхайн үйлдвэрүүдэд зөвлөгөө өгдөг. Нинжад ч бид тусална. Хууль бус аргаар алт олборлож байгаа тэднийг зөв чиглэл рүү яаж явуулах вэ гэх үүднээс олборлолтыг ингэж хийдэг юм, аюулгүй ажиллагаа гэж ийм зүйл байдаг гэдгийг хэлж заан сургалт явуулж эхэлсэн. Хүмүүс амьдралынхаа төлөө зүтгэж яваад амиа алдсан олон тохиолдол байна. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны талаар мэдлэггүй учраас амиа алдаж буй хэрэг. Нөхөн сэргэлтийг хэрхэн яаж хийх талаар ч ярьж, хэлж өгч байна. Монголд уул уурхайн стандартыг бий болгох цаг болж. Жишээ нь,  металл авалт 90 хувь байх ёстой.  Гэтэл  10 хувийн алдагдалтай яваад  байдаг. Тэр 10 хувийн алдагдал дээр нинжа ажиллаад байгаа юм.

-Таны  цаад санаа бол монгол инженерийг дэлхийд гаргах явдал гэж тодорхойлж болох уу?
-Болно. Монгол хүний оюун ухаан, монгол инженерийн ур чадварыг өнөөдрийг хүртэл  үнэлж байсангүй. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж дээр манай зөвлөх инженерүүд гадны зөвлөх инженерүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж байхад гадных нь өндөр цалин хангамж эдэлдэг. Йим байж болохгүй. Монгол инженерүүдийн чадамж  өндөр гэдгийг уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр бэлхэнээ батална. Анх “Эрдэнэт” үйлдвэрийн   6500 гаруй ажилчнаас 10 орчим хувь нь монголчууд байлаа. 

Өнөөдөр  96 хувь нь монгол ажилчид болсон. Монгол хүн, монгол инженерүүд үйлдвэрээ хэрхэн зөв удирдаж байгааг  бид харсаар байна. Монгол Улсын аль ч салбарт “Эрдэнэт” үйлдвэр шиг өндөр мэдлэгтэй инженерүүдтэй үйлдвэр байхгүй гэж баталгаатай хэлж чадна. “Эрдэнэт”-ийн  инженерүүдээс 28 нь техникийн ухааны доктор, зургаан шинжлэх ухааны доктор болсон. Тэд үйлдвэртээ  ажиллаж,  үйлдвэртээ  туршсан ажлаараа эрдмийн цол хамгаалсан байх жишээний.  Шинжлэх ухааны академи, шинжлэх ухааны хүрээлэн шиг цаасан дээр биш практик дээр хийсэн ажлаараа цолоо хамгаалдаг юм, тэд.  Би ч ялгаагүй.  

“Эрдэнэт” үйлдвэрт тэсэлгээний аюулгүйн технологийг  нэвтрүүлэх нь сэдвээр  цол хамгаалсан. Би холбооныхоо шугамаар Эрдэнэс- Монголтой байгуулсан гэрээнийхээ дагуу Оюутолгойтой танилцсан.  Сайхан том үйлдвэр.  Гэвч тэнд  “Эрдэнэт” шиг  эрдэм шинжилгээ, туршилтын ажил явагдаггүй юм билээ. Сайжруулах зүйл олон байна лээ.

-Таныг сайд байх үед гадаадын хөрөнгө оруулагчдыг татах тухайд ямар бодлого баримталж байв?

-Хүн төрөлхтөнд хоёр л зовлон байдаг. Мөнгөтэй ба мөнгөгүйн зовлон. Бидний хувьд мөнгө яаж олох вэ гэх тухайд тархиа ажиллуулан зовж буй. Мөнгөтэй байсан бол гадаадын хөрөнгө оруулагчдын араас дагаж гүйхгүй, ирээч хэмээн урьж залах шаардлагагүй байсан биз ээ. Гол нь гадаадын хөрөнгө оруулагчдыг  яаж ашиглах ёстой вэ гэдгээ бодож боловсруулж зөв замыг нээх ёстой. Хөрөнгө оруулагчдыг зөв ашиглаж чадахгүй буруу ашиглачихаад ниргэсэн хойно нь хашгирав  гэдэг шиг л болоод байна.

Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалт зайлшгүй хэрэгтэй. Гагцхүү  хөрөнгө оруулах орчин нь тогтвортой, удаан хугацааных байх ёстой. Би энэ салбарт 30 гаруй жил ажиллаж, салбарын сайдын албыг хашсан. Би гадаад танилууддаа “Та нар монголд хөрөнгө оруулаач” гэхээр “Бидэнд татгалзах зүйл огт алга. Гол нь танай Засгийн газар дээрэмчид болсон байна. Тиймээс  дээрэмчдэд хөрөнгөө алдаж болохгүй биз дээ”  гэдэг юм.  Энэ чинь нэг юм хэлээд байгаа биз бас шигшигтэй зүйл. Тухайн үед Гадаадын хөрөнгө оруулах тухай, Ашигт малтмалын тухай гээд ямарч хууль байгаагүй. Гэтэл хууль бий болчихлоо. Ийм сайхан, бололцоотой үед зөв авч явбал сайхан байна аа. Бидний үед гадаад хөрөнгө оруулалтын талаар мэдлэггүй,  Итгэлт баяны ярьдгаар ичмээр дамшиг даа гэдэг шиг л  явдаг байлаа.

Би анх Канадын  уул уурхайн том хуралд оролцон илтгэл тавьсан. Илтгэл тавьж байхад тэнд байсан хүмүүс  монголчуудыг тоогоогүй. Хаалтын үйл ажиллагаанд туслахынхаа  хамт монгол дээл хувцсаа өмсч очтол хүмүүс ирж мэндлээд л ямар улсаас ирснийг минь сонирхож улмаар  хурлын дарга нь “Манай хуралд анх удаа Монголын Уул уурхайн сайд нь ирсэн байна. Төлөөлөгчдийг  индэрт урьж байна” гэж танилцуулсан. Ийм арга залиар уул уурхайн салбарт гадны  хөрөнгө оруулагчийг татах замыг анх нээж байлаа.

Хурлын маргааш  Канадын зам тээврийн яамны сайдтай уулзах боломж олдоход  “Зам тээвэр, уул уурхайд адил төстэй зүйл их бий. Монгол  Улсад зам тээвэр, уул уурхайн салбар ид хөгжиж буй. Тиймээс манай хоёр орон хамтарч ажиллахад тохиромжтой. Энэ талаар Засгийн газартаа хэлж, дэмжиж ажиллаач”  гэх  хүсэлтийг тавихад  сайд “Та яг миний хүү шиг юм. Залуухан мөртлөө сайд, мэргэжил мэдлэг өндөр хүн Монголд байдгийг анх удаа харлаа” гэж хэлсэн. Хурал дууссаны дараа АНУ-ын Уул уурхайн тоног төхөөрөмжийн компанийн үйл ажиллагаатай танилцаж тэдний компанийн төлөөлөгчийн газрыг нээсэн. Ингэж л хөрөнгө оруулагчдыг татаж эхэлсэн. Нэг үгээр хууль тогтоомж байхгүй үед бид хөрөнгө оруулалтыг ингэж л хийж байсан гэсэн үг.

-Өнөөдөр  хууль, эрхзүйн орчин ч бүрдсэн байна. Ганцхан ашиглаж чадахгүй байна гэдэгт л таны сэтгэл дундуур байх шиг?

-Миний сэтгэл маш дундуур явдаг. Бололцоо боломжийг ашиглаж чадахгүй байна. Мөн төрийн бодлого, төрийн уламжлалт чанар  гэж  байхгүй болсон. Тухайн үед  Засгийн газар ямар байх ёстой, уламжлал нь ямар байх ёстой гэдгийг хэлэлцэж Төрийн нарийн бичгийн дарга гэдэг шинэ албан тушаалыг бий болгосон. Дэлхий дахинд  мэргэжлийн төрийн нарийн бичгийн дарга нар ажилладаг. Төрийн бодлого төрийн нарийн бичгийн даргын удирдлага дор тасралтгүй явж байх ёстой.  Гэтэл тэр нь хэрэгжихгүй байна. Төрийн нарийн бичгийн дарга нь ч  дэд сайд нь ч улс төрийн албан тушаал  болсон. Тэгэхээр салбар яаж хөгжих юм бэ. Салбарыг тухайн салбарын мэдлэгтэй хүн л удирдана уу гэхээс мэдлэггүй хүн удирдаж чадахгүй шүү дээ. Сайд  яахав ерөнхий чиглэлийг барьж ажиллах чиг үүрэгтэй. Гэхдээ ноён нуруу гэдэг юмыг алдахгүй л байх ёстой юм.

-Өчигдөр уул уурхайн яамны Батхүү газрын даргатай уулзахад “2015 он гэхэд 20 тонн алт олборлоно гэж төлөвлөж байснаас  15 тонн алт олборлосон байна.  Гачууртын орд эдийн засгийн эргэлтэд  байсан бол 20 тонн элбэг болох байсан” гэж  ярилцлагадаа онцолсон.  Гэтэл өнөөдөр  Гачууртын ордтой холбоотой асуудал шийдэгдэх эсэх нь тодорхойгүй хэвээр.  Ийм нөхцөлд яах ёстой вэ?

-Үүнийг  монголчуудын  арчаагүй  зантай холбохоос өөр хэлэх үг алга.  Монголын байгаль онгон дагшин байх ёстой гэж л байна.  Яригдах ёстой л сэдэв. Гацууртын ордыг эргэлтэд оруулснаар  дан ганц уурхайчид баяжиж, сайхан амьдрах гээд байгаа юм биш. Ард түмэндээ ойлгуулж чадаагүй төрийн алдаа ийм байдалд хүргэж байгаа юм.  Иргэддээ асуудлыг зөв ойлгуулсан бол  зөрчил, тэмцэл  гарахгүй байсан. Хүн бүхэн эх орондоо хайртай. Тэр тусмаа уурхайчид шиг эх орондоо хайртай хүн хаана ч байхгүй. Би засгийн буянаар дэлхийн маш олон орны уул уурхайтай  танилцсан.  Ганцхан манай улсад дархан цаазат газар байдаг юм биш. 

АНУ-д  дархан цаазат газар бас байна лээ. Америкчууд тэр  газраасаа уран олборлодог.  Уран олборлодог үйлдвэр нь тухайн мужынхаа  байгаль орчныг хамгаалдаг, нутаг орондоо ээлтэй байгууллагаар жил бүр шалгардаг. Уурхайн технологи  нь тийм  хэмжээнд хүртлээ  хөгжсөн гэсэн үг. Бид ч  тийм байдлаар уул уурхайн салбараа авч явж болно шүү дээ. Алтаа  шууд олборлоод тэгшлээд явж болно. Харин хүдрийн ордыг хэзээ ч тэгшилж чадахгүй. Дэлхийн практик ийм. Зайлшгүй нүх  үлддэг. Үлдсэн нүхэнд нь нуур, цөөрөм байгуулж загас жараахай үржүүлж болно. Мөн хажуугаар нь мод тарих боломжтой. Өнөөдөр  тариалангийн талбай  өчнөөн га газрыг эзэлдэг.Харин  уурхайн эдэлбэр газар хэдхэн га байдаг. Зөвхөн хүдэр  байгаа хэмжээний   газар. 

Уурхайн  эдэлбэр газарт өртөгдсөн ой модыг шилжүүлэн суулгаж эсвэл хэрэглээнд  ашиглаж  болно.  Малчид дуртай газраа  зам гаргадаг. Тэр нь  байгаль орчныг уул уурхайгаас хэд дахин илүү сүйтгэдэг. Мөн замын компаниуд дуртай газраа тэсэлж  зам тавьж байна. Хэн ч, юу ч хэлдэггүй учраас хэзээ ч нөхөн сэргээдэггүй.  Эх оронч  гэх нэр зүүсэн  зарим  нөхрүүд уул уурхайн салбарыг мөнгө гэж хараад  яаж мөнгө салгах вэ гэхээс байж сууж чадахгүй юм.  Дээр нь улстөрчид  яаж өөрийн гэх  лицензтэй болох вэ гээд л ашиг хараад гэдийгээд хэвтчихийг нь яана.  Түүний төлөөх  тэмцлийн тод жишээ бол Гацуурт.   Энэ бүхэн улсад ямар их хор хохирол учруулав гэх тухайд тэд бодохыг ч хүсэхгүй байна. Эх орондоо хайртайдаа биш өөрт нь ашигтайгаар дахин хуваарилуулах мөчийг хүлээгээд, түүнийгээ улстөрчийн маск дор нууж болохгүй л дээ. 

-Гачууртын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь зөв гэсэн байр суурьтай байна гэж ойлгож болох уу?

-Зөв. Тэгэж ойлгож болно. Үнэхээр  тэр орд газарт хүннүгийн үеийн булш бунхан байгаа бол хамаа алга. Гэтэл 70 км –ийн зайтай гээ биз дээ.  Тиймээс эргэлтэд оруулал даа. Ашиглалтад оруулна гэдэг Монгол Улсад хөрөнгө орж ирнэ гэсэн үг. Хамгийн гол нь  Сентерра гоулдтай байгуулах гэрээн дээрээ төр анхаарлаа хандуулах ёстой. Манайхны алдаа бол томоохон төсөл хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийг томилохдоо  салбараа мэддэггүй, туршлагагүй хүмүүсийг оруулдаг явдал юм. 

Тиймээс салбараа мэддэг олон жил ажилласан мэргэжилтнээс  зөвлөгөө авч ажиллах хэрэгтэй. “Бороогийн алтыг ашиглах  гэрээнд мэргэжлийн хүмүүс оролцоогүй учраас хэдхэн жилийн дотор хамаг алтаа алдсан явдал бий. Эрдэс баялгийн үнэ өндөр байх үед олборлохыг яаравчилах нь зөв гэдгийг ямар ч тэнэг уурхайчин мэддэг. Гэтэл  ажлын хэсэгт  уул уурхайн салбарын биш эдийн засагчид ажиллахаар  аваад явчихна гэж төсөөлөөгүй байх л даа.  Өөрийн бурууг бусад руу  чихэх муухай биз дээ. Таны эрдмийн цол хамгаалсан сэдэв тань тэсэлгээ.

-Тиймээс цэвдэгтэй газар тэсэлгээ хийх нь аюултай юу гэж асуумаар байна?

-Тэсэлгээг хүн удирддаг.  Тийм учраас ямар ч аюул байхгүй. “Эрдэнэт” үйлдвэрт тэсэлгээ хийх нь анхандаа  их хүнд асуудал байсан. Бид 30 тонноос илүүг тэсэлж чаддаггүй байсан юм. Яагаад гэвэл уурхай, үйлдвэр хоёр ойрхон учраас бүх цонх хагарах аюултай. Би энэ чиглэлээр орос руу явж судалгаа хийх гэтэл мэргэжилтэн урьж авчрах шийдвэрийг Намын төв хорооноос гаргасан. Орос мэргэжилтэнтэй хамтран  судалгаа хийж,  шинэ технологи  нэвтрүүлсэн.  Миний нэвтрүүлсэн технологоор нэг удаад  250-300 тонн тэсэлгээ хийх боломжтой болсон. Мөн Германы хоё уурхайд  нэвтрүүлсэн. Тэр үед германчууд гайхсан.  Ер нь тэсэлгээ гэдэг зүйл чинь мөнхийн хөлдүүст нөлөөлдөггүй. Аягатай цай тавихад чичрэх ч үгүй тийм  технологи ч бий шүү дээ.  Доктороо   энэ сэдвээр хамгаалсан.

-Хүнцлийн талаар  тайлбар­лаад байхад зарим гишүүн нэр хүндээ  өсгөх гэдэг ч юм уу сөрж зогсоод байх юм?
-Хүнцэл  нинжа нарын буруутай үйл ажиллагаатай холбоотойгоор илэрсэн зүйл.  Үйлдвэрлэлийн аргаар хүнцлийг зохих норм, дүрмийнх нь дагуу ашиглахад  ямарч асуудал гарахгүй.  Уул уурхай ч ялгаагүй  технологийнхоо  дагуу ажиллабал  ямар ч аюулгүй  бодис.

Ч.ЧУЛУУНЦЭЦЭГ

ЭХ СУРВАЛЖ: www.mminfo.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна