Д.Тэрбишдагва намын дэд даргаасаа татгалзах уу?

2015 оны 12 сарын 11

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва МАХН-ын дэд даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ ойрын хугацаанд гаргахаар болсон гэх мэдээлэл байна. Хоёр хоногийн өмнө түүнийг намаас нь УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн даргаар томилох саналыг тавихад мөн татгалзсан хариу өгсөн юм. Албан тушаалаас татгалзах болсон түүний энэ үйлдлийг улс төрийн хүрээнийхэн МАХН-ын дарга Н.Энхбаяр Шадар сайд болохоор Засгийн газарт орж ирэх замаа зассантай нь холбон тайлбарлаж байгаа бол намын удирдлагуудынх нь зүгээс зарим нэг шахалт дарамт ирсэн байж болзошгүй ч гэж хардах хэсэг байна.

Мөн нам дотроо өрнөж байгаа албан тушаалын “наймаа”-тай үзэл бодол эвлэрэхгүйгээс ийм алхам хийж байж ч бас болзошгүй аж. Учир нь МАХН-аас намын дарга Н.Энхбаярыг Шадар сайдад санал болгонгуут Шадар сайд Ц.Оюунбаатар албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаж, Эрүүл мэнд, спортын сайдад нэрээ дэвшүүлсэн. Албан тушаалыг ингэж бие биедээ панз үсэргэж байгаа юм шиг “бэлэглэх” нь зохисгүй гэж үзсэн байх талтай аж.

Засгийн газраас МАН-ын сайд нарыг чөлөөлсний дараа МАХН-аас Шадар сайдад хүнээ нэр дэвшүүлэх болж, УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгээс Д.Тэрбишдагва гишүүнийг санал болгохоор ярихад мөн л татгалзсан удаатай.

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна