Р.Амаржаргал: ҮЗХ-г хуралдуулахаас өмнө түүнд “салхи” оруулах ёстой

2015 оны 12 сарын 11

 

УИХ-ын гишүүн Р.Амаржаргалаас цаг үеийн холбогдолтой сэдвээр дараах тодруулгыг авлаа.

 

-Үндсэн хуулийн цэцийн 13 дугаар дүгнэлт гарлаа. Дүгнэлтээр ипотекийн зээл олгох суурь хуулийн голлох заалтуудыг хүчингүй болгосон гэх. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?

 

-Тухайн хүн өмч хөрөнгөө өөр хоёр, гуравдагч этгээдэд барьцааллаа гэж бодъё. Эргээд ямар нэг төлбөрийн чадваргүй болоод барьцаалсан хөрөнгөө авъя гэхэд хэнийх нь хөрөнгө болох юм, барьцаанд тавьсан 2-3 газрууд булаалдаж таарна. Тиймээс энэ байж болох шийдвэрүүд дотроос хамгийн муу хувилбар. Ямархуу шийдлүүд байж болох талаар би сүүлийн үед бодоод байна.  Үндсэн хуулийн цэцийн шийдвэрт Ерөнхийлөгч саяхан хориг тавьсан. Нэгэнт ийм жишиг тогтож байгаа юм чинь дахин үүнийг ашиглаж болох байх гэсэн горьдлого байна. Үүнээс өөр арга зам олдохгүй бол УИХ дахин хууль санаачилж, арай өөрөөр томъёолж, хуульчилж өгөх ёстой.

 

-Найман хувийн зээлийн хүү өсөх үү?

 

-Банкууд эрс шийдэмгийн үйлдэл хийхгүй байх гэж бодож байна. Гэхдээ сая гаргасан шийдвэрийг аваад үзэхэд эрсдэлийг харьцангуй өндөр болгочихож байгаа юм. Жишээлбэл, би өнөөдөр хүний хөрөнгийг барьцаалаад зээл өгчихөөд буцаагаад зээлээ авна гэж горьдоод хүлээж сууж байгаа гэж бодъё. Гэтэл миний барьцаалсан хөрөнгө байхгүй болчихоор миний эрсдэл өсч таарна. Энэ тохиолдолд би өөрийнхөө эрсдэлийг шийдэхийн тулд хүүг нэмэгдүүлэх зэрэг бусад арга хэрэгслийг ашиглах шаардлага гарна.

 

-Та намын нөхөддөө хандан ил захидал бичсэн байсан. Захиандаа АН шинэчлэгдэх ёстой гэх үзэл шингээсэн байна лээ. Таван намыг эмхлэн байгуулж, даргаар нь ажиллаж байсан таны үг одоо ч жин дарах ёстой гэж бодож байна. Та захидлаа дахин тодотговол?

 

-Үүн дээр 2-3 зүйл байгаа. Намын үйл ажиллагааг цаашид шинэ шатанд гаргаж, идэвхжүүлэх шаардлага байна. Энэ хүрээнд ямар ажил хийж болох талаар хэд хэдэн санаа хэлсэн юм. Нэгдүгээрт, биднийг нэгтгэж байгаа зүйл нь юу вэ гэдгээ цэгцлэх, хоёрдугаарт намынхаа үйл ажиллагаанд ардчиллын шинэ элемэнтүүдийг оруулах ёстой. Тухайлбал, намын их хурлыг жил бүр хийдэг болъё. Ингэхдээ намын даргын асуудлыг заавал хэлэлцдэг байя гэсэн санаа дэвшүүлсэн юм. Гуравдугаарт, намынхаа нэр хүндийг унагаж, итгэлийг нь хөсөрдүүлж байгаа хүмүүс намдаа хайртай юм бол намын гишүүнчлэлээс түдгэлзээд холбогдох байгууллагаар шалгуулж, нэр төрөө сэргээлгэсний дараа буцаад намдаа ирж болно.

 

Дээрх зүйлүүдийн аль нь хэрэгжих эсэхийг хэлж мэдэхгүй байна. Ямартай ч намын ажлыг идэвхжүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, ҮЗХ-ны үйл ажиллагааг эрс шинэчилж, салхи оруулах хэрэгтэй. Ний нуугүй хэлэхэд тэнд нутгархсан, хамаатан садангаараа орсон байх тохиолдол бий. Ядаж ҮЗХ-ны гишүүдийн гуравны нэгийг нэн яаралтай шинэчлэх шаардлага байна. Шинэчлэх, хэрэгжүүлэх эрхийг намын даргад олгох ёстой. Би хатуурхаад байж магадгүй. Өгөгдсөн өгөгдлийн хүрээнд намын дарга чадлынхаа хэрээр зүтгэж байгаа. Ерөнхий сайд ч мөн адил. Би л хатуурхаад илүү зүйл шаардаад байгаа юм. Гэхдээ үүнийг ярихгүй, хэлэхгүй бол болохгүй. Тиймээс намыг идэвхжүүлэх үндсэн арга нь ҮЗХ юм. ҮЗХ-г хуралдуулах цаашлаад Их хурлыг хийх хэрэгтэй. ҮЗХ-г хуралдуулахаас өмнө түүнд “салхи” оруулах ёстой.  

 

-МАХН-ын дарга Н.Энхбаяр Шадар сайдад нэр дэвшиж байгаа юм байна. Үүнийг та хувь гишүүнийхээ хувьд дэмжих үү?

 

-Албан ёсоор энэ асуудал орж ирсэн эсэхийг мэдэхгүй байна. АН ямар байдалтай хандахыг хэлж мэдэхгүй юм. Би хувьдаа буруу гэж үзэж байна. Н.Энхбаяр өөрөө тийм шийдвэр гаргахгүй байх гэж горьдож байна даа.

 

С.АЗ

 

ЭХ СУРВАЛЖ: WWW.EAGLE.MN